Ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмад настан эзэлж буй. Тэдний олонх нь буюу 70.8 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт амьдардгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хүйсийн хувьд эрчүүд нь 40.2 хувийг эзэлж байгаа аж. Тэгвэл нийслэлийн нийт хүн амд эзлэх ахмад настны хувь 11.5. Тэдний ердөө 7.9 хувь нь л нийгэмд идэвхтэй амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь хамгийн олон ахмад аж төрдөг манай хот тэдэнд ээлгүй, нийгэмших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй, нарлаж суух ч сүүдрэвчгүй байгаа нь асуудал дагуулсан хэвээр.
Нийслэлийн хэмжээнд ахмад настны төлөө ажилладаг гэх 700 гаруй зөвлөл, холбоо, хороо нь ихэвчлэн намын хурлын шугамаар санал худалдаж авах зорилгоор л хөгшчүүлийг цуглуулдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс тэдэнд чиглэсэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй,азжаргалтайамьдрахорчныгбүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг ахмадууд энэ өдөр хөндөж байна. Тухайлбал, амралт, сувиллын төв байгуулах, бусад хувилбарт үйлчилгээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, өдрийн асрах үйлчилгээ нэвтрүүлэх хэрэгцээ бий гэв.
Мөн ахмадуудын ажил, амьдралын туршлага, мэдлэг, шинэлэг санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, урлаг, соёл, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, технологийн мэдлэг, ур чадвар эзэмших боломж бүрдүүлэх зэрэг олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулах шаардлагатай аж.
О.Ундрах