“Инженерүүдээ бордюроос дорд үзсэн улс дэлхийд өөр байхгүй” гэх хатуу боловч үнэн үг өнөөгийн Монголын нийгмийн хамгийн эмзэг, бас гаж тогтолцоог оноод хэлчихсэн гэлтэй. Улс орныг урагшлуулах эдийн засгийн үндэс нь “бетонон ширэнгэ” бус, бодит үнэ цэн бүтээдэг инженерүүд. Гэтэл бид жил бүр олон тэрбум төгрөгийг бордюр солих, хогийн сав суурилуулах зэрэг үр өгөөж багатай ажилд зарцуулж, эргээд оюун ухаан, мэдлэгийг үнэгүйдүүлсээр ирсэн нь гачлантай.
Монголд одоогоор 39 000 инженер, техникийн ажилтан дутагдалтай гэсэн судалгаа бий. Зам, гүүр, эрчим хүч, барилга, ус хангамж, уул уурхай, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн суурь салбар мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орсныг энэ тоо харуулна. Өөрөөр хэлбэл, бидэнд улс орны хөгжлийг нуруундаа үүрэх инженерүүд дутагдаж байхад төсвийн хөрөнгийг хүний хөгжил, мэдлэг, ур чадварт бус, үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулсаар байна.
Үүний хамгийн тод жишээ нь Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 21 байршилд байрлуулсан 74 ширхэг “ухаалаг” хогийн сав юм. Газар доор гурван шоо метрийн багтаамжтай, чипээр онгойдог, хог ангилдаг гэх энэ савны нэг бүрийн өртөг нь 56 сая төгрөг бөгөөд нийтдээ 4.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газраас авто замын боржин чулуун хашлага буюу бордюрын шинэчлэлийн ажлаас 53.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байдаг. Ганцхан жилийн настай бордюр тавьж, төсвийн мөнгөөр гараа угаадаг эл тогтолцоо хэчнээн залуу инженерийн ирээдүйг хулгайлсныг таашгүй.
ҮРГҮЙ ЗАРДЛААР ХЭЧНЭЭН ИНЖЕНЕРИЙН ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛАВ
Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “1000 инженер” (MJEED) төслийн хүрээнд 12 жилийн хугацаанд 55 сая ам.доллароор 1600 гаруй инженер бэлтгэсэн байдаг. Энэ нь нэг инженерийг олон улсын түвшинд бэлтгэхэд дунджаар 123.7 сая төгрөг зарцуулсан гэсэн үг юм. Үүнд зөвхөн сургалтын төлбөр бус, лаборатори, тоног төхөөрөмж зэрэг бусад хөрөнгө оруулалтыг ч хамруулсан аж.
МУИС, ШУТИС тэргүүтэй улсын их сургуулиудын байр, лаборатори хэдхэн жилийн өмнө социализмын үеийн хуучирсан тоног төхөөрөмжтэй байсан бол өдгөө суурь шинжлэх ухааны салбарын материаллаг бааз харьцангуй сайжирсан нь дээрх төслийн үр дүн гэдгийг багш нар ч хүлээн зөвшөөрдөг. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц, өдөр тутмын ажилд бодит үр дүнгээ өгсөн хөтөлбөр болсныг тэд онцолдог билээ. Үүгээр тооцвол, бордюр болон хогийн сав авахад зориулж салхинд хийсгэсэн 58 тэрбум төгрөг нь 470 орчим инженер бэлтгэхтэй дүйцэх хэмжээний хөрөнгө байв. Өөрөөр хэлбэл, уг тогтолцооны уршгаар жил бүр олон зуун чадварлаг залуусын мэдлэг эзэмших, эх орондоо баялаг бүтээх боломж хумигдсаар байна.
Тэгвэл 470 шилдэг инженер бэлтгэснээр Монголын эдийн засагт ямар бодит үр өгөөж авчрах вэ. Нэн тэргүүнд гадаад орноос өндөр өртгөөр зураг төсөл, зөвлөх үйлчилгээ худалдаж авдаг байдлыг халж, дотоодын инженерүүд бие даан томоохон төслүүдийг удирдах чадамжтай болох аж. Мөн улсын төсвөөр барьж буй барилга, байгууламж, зам, гүүр чанарын шаардлага хангаагүйн улмаас жил бүр дахин засварладаг бурангуй тогтолцоог үгүй хийнэ. Мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарт гарааны бизнес цэцэглэж, манай улс зөвхөн түүхий эд зөөгч бус, технологи экспортлогч болох суурь тавигдахыг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Өдгөө Монголд инженерүүд дутагдалтай байгаагийн суурь шалтгаан зөвхөн энэ мэргэжлийг сонгох суралцагчдын тоо цөөрсөндөө биш юм. Төрөөс эдийн засгийн бодит эрэлт хэрэгцээтэй уялдсан бодлого хэрэгжүүлдэггүй гэнэ. Түүнчлэн их, дээд сургууль төгссөн залуус мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэх үйлдвэр, технологийн паркууд маш ховор аж. Үүнээс үүдэн их сургуулиуд хуучин хөтөлбөрөөрөө чадваргүй мэргэжилтнүүдийг олноор “үйлдвэрлэж”, чанар, практик ур чадвар нь компаниудын бодит шаардлагад нийцдэггүй. Мөн дотоодын инженерүүд тендер, төсвийн гажиг тогтолцоонд гар бие оролцох, мэргэжлийн дуу хоолойгоо хүргэх чадамжгүй, хараат бус байдал алдагдсан зэрэг нь бүтээн байгуулалтын чанар стандартыг шороотой хутгаж буй юм. Улмаар чадварлаг мэргэжилтнүүд цалин хангамж муу, ажлын байрны таагүй орчин, төрөөс шинжлэх ухаан, инновацыг дэмжих бодлогогүйгээс гадаад руу хар ажил хийхээр дүрвэх, эсвэл өөр салбарт шилжихэд хүрч байна.
ӨНГӨ ҮЗЭМЖ БУС, ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ЭРХЭМЛЭДЭГ
Дэлхий нийтээрээ цахилгаан машин, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засагт эрчимтэй шилжиж байхад манайхан жил бүр бордюр солих төсөв батлахын төлөө улайрч байгаа нь дэндүү харамсалтай. Ийм хоцрогдсон бодлого биднийг дэлхийн хөгжлөөс улам бүр алсрахад хүргэсээр буй нь үнэн. Залуу инженерийн сэтгэлгээг дэмжих гарааны бизнес, технологийн паркуудад оруулах хөрөнгө оруулалт ч бахь байдгаараа хангалтгүй түвшинд. Хүний оюун ухаан, инновацыг бодитоор үнэлдэггүй энэ тогтолцооны уршгаар эх орондоо баялаг бүтээх ёстой залуус нь харийн орныг зорьж байна.
Инженерийн мэдлэгийг эдийн засгийн бодит үнэ цэн болгох тал дээр бусад улс орон биднээс тэс өөрөөр “тоглодог” аж. Тухайлбал, БНСУ 1960-аад оны сүүлчээс шинжлэх ухаан, инженерийн судалгааг үйлдвэрлэлийн хэрэгцээтэй нягт холбохын тулд KIST, KAIS зэрэг судалгааны байгууллагыг байгуулж, инженер, судлаачдыг аж үйлдвэрийн хөгжлийн гол цөм болгожээ. Үүний үр дүнд судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, технологийн салбарынхаа хөгжлийг амжилттай тэтгэсэн юм. Герман улсад ч инженер, судлаачдын мэдлэгийг үйлдвэрлэлтэй холбох боловсронгуй тогтолцоо бий. Тухайлбал, Фраунхоферын хүрээлэнгүүд нь аж үйлдвэрийн бодит хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бөгөөд 75 хүрээлэнгээр дамжуулан тэрбум гаруй еврогийн аж үйлдвэрийн орлого олж байна.
Япон Улсад манайх шиг жил бүр бордюр сольдоггүй. Тэд аливаа төсөл хэрэгжүүлэхдээ элэгдэл тооцох хугацаа болон ашиглалтын нийт зардлын шинжилгээ заавал хийдэг аж. Авто замын хашлага, явган хүний замыг багадаа 2030 жилийн насжилттай байх өндөр стандарт баримталж, зөвхөн урсгал засвар хийдгээс биш, шинэчилж солих нэрээр төсвөөс хумсалдаггүй. Мөн хотын бүтээн байгуулалтад улс төрчид дур мэдэн шийдвэр гаргадаггүй бөгөөд инженерүүдийн техникийн мэргэжлийн дүгнэлтэд бүрэн захирагддаг.
Сингапурт бидэн шиг “ухаалаг” хогийн сав гэнэт суурилуулаад төсвийн мөнгийг салхинд хийсгэдэггүй. Тэд хог хаягдлын менежментийг газар доорх автомат сорох системээр цогцоор шийджээ. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтайгаас гадна зардал багатай аж. Тэгвэл Германы хот суурин газруудын гудамж талбай болон боржин бордюр нь эдэлгээ сайтай бөгөөд олон арван жилийн турш өнгө үзэмж, чанараа алддаггүй. Учир нь тэд барилгын материал болон гүйцэтгэлд өндөр стандарт тогтоож, шаардлага хангаагүй компанийг тендерт оролцуулдаггүй гэнэ.
Дээрх жишээнүүдээс харахад гадаадын хөгжсөн орнууд хот тохижилт нэрээр төсвийн мөнгөөр тоглож, инженерүүдийнхээ боломжийг хумсалдаггүй, харин ч мэргэжлийн боловсон хүчний нөөц, инженерүүдийнхээ оюун ухаан, мэдлэгт бодитоор хөрөнгө оруулж, улс орноо хөгжүүлж байна.
Э.Сүйлэн