ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар, БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан хамтран Монгол орны хүлэрт намгийн зураглалын томоохон судалгаа хийжээ.
Тэд хүлэрт намаг бүхий Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутаг болон хотос, хөндийнүүдэд сүүлийн таван жилд хээрийн судалгаа хийж, 1242 цэгээс дээж цуглуулан, лабораторийн шинжилгээний үр дүнг 20 үзүүлэлтэд үндэслэн машин сургалтын аргаар боловсруулсан аж. Ингэснээр Монгол орны нийт газар нутгийн 2.9 хувьд буюу 47 050 ам км талбайд хүлэрт намаг тархсаныг шинжлэх ухааны сүүлийн үеийн аргачлалаар, өндөр нарийвчлалтай тогтоосон аж. Байршлын хувьд хүлэрт намаг нь манай орны цэвдэгтэй нутаг, ялангуяа өндөр уулс, тайга, ойт хээрийн бүсэд зонхилон тархсан байгааг эл зураглалаар гаргажээ.
Тус академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга , дэд профессор А.Саруулзаяа “Эл судалгааны ач холбогдол нь Монгол орны хүлэрт намгийн тархалт, хил хязгаарыг нарийвчлан тодорхойлсон явдал . Энэ нь цаашид дэлхийн хүлэрт намгийн тархалтын зураглалыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бодитой тооцоолох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах , түүнд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх зэрэг олон чиглэлд шинжлэх ухааны суурь мэдээлэл болох нь дамжиггүй” гэлээ. Дээрх байгууллагын судлаачид сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн Монгол орны хүлэрт намгийн зураглалын судалгаагаа олон улсад чансаа өндөртэй “Ecological indicators” сэтгүүлд хэвлүүлжээ.
Н.Мишээл