Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад есдүгээр сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийлээ . Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн анхны гадаад айлчлал нь энэ . Тиймээс ч 120 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг авч явсан хэ мээх шүүмжлэл дагуулаад байна. Энэ оны төсвийн тодотголд сайд нарын багц дахь цалингаас бусад “илүү дутуу” зардлыг хассан, төр бүсээ чангалж байна хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Өвөл хаяанд ирчхээд байхад цахилгаан , дулаан, шатахууны хомсдолоо ч шийдээгүй атал Засгийн газрын тэргүүн нь төсвийн мөнгөөр олон хүн “аялууллаа” хэмээн иргэд бухимдав. Айлчлалын бүрэлдэхүүний зардлыг ч тооцоолоод амжиж . Олон сайд Япон явсан учраас Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсонгүй. Албан ёсны айлчлал бол тусгаар улсад байх ёстой зүйл. Харин бүрэлдэхүүний тоо, хэмжээнд хязгаар тогтоосон хууль, журам бий юү. Үнэхээр л хэрэгцээтэй албан тушаалтнууд нь явсан уу, эсвэл төсвийн мөнгөөр зугаалах гэсэн хүмүүс шургалсан уу гэдэг бол хөндөх ёстой асуудал мөн. Мөн МАН-ын 21 аймаг, есөн дүүргийн дарга нар Японы Либерал ардчилсан намын урилгаар тус улсад ажиллаж, сургалтад хамрагдсан нь дээрх шуугианд гал дээр тос нэмсэн юм.
ЖУРАМД ХЯЗГААР АЛГА
Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтны айлчлалыг төрийн, албан ёсны, ажлын, хувийн хэмээн ангилдаг. Зөвхөн Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ. Тухайн улсад анх удаа айлчлах, харилцаа, хамтын ажиллагааны онцгой чухал асуудал хэлэлцэх, баримт бичиг байгуулах зэрэг зорилготой бол төрийн болон албан ёсныход хамаардаг байх нь. Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийсэн. Үүний үр дүн бол тусдаа асуудал. Харин төрийн өндөр албан тушаалтнууд гадаад оронд айлчлахад дагалдан явдаг бүрэлдэхүүний тоо, хязгаарын тухай энд хөндөж буй.
2008 онд баталсан Төрийн ёслолын журамд төрийн өндөр албан тушаалтны айлчлалын бүрэлдэхүүний тоо 16- гаас хэтрэхгүй байхаар заасан юм билээ. Гэхдээ эл журмыг 2015 онд хүчингүй болгож, шинэчлэн батлахдаа дээрх хязгаарыг авч хаясан байна. Одоо мөрдөж буй Төрийн ёслолын журмын 40.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадаад улсад хийх айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, хөтөлбөрийг Ерөнхийлөгч болон УИХ-ын Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар Гадаад харилцааны сайдтай хамтран батална” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэдний “гал тогоо” нь бүрэлдэхүүний тоо, хэмжээг нөхцөл байдалд нийцүүлэн тогтоодог болгосон аж.
Мөн албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХын гишүүн, сайд, дэд сайд, дээрх гурван албан тушаалтны зөвлөх, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, ГХЯ-ны холбогдох газрын удирдлага багтдаг. Түүнчлэн тухайн улсад суугаа манай Элчин сайд, байнгын төлөөлөгчид ордог байна. Манай иргэд төрийн, албан ёсны айлчлалд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эхнэр явахаар “ад үзэх” хандлагатай байдаг. Гэвч ёслолын журмын дагуу эхнэрүүд нь бүрэлдэхүүнд багтаж болно.
120 vs 280
Айлчлалын албан ёсны багт УИХ-ын гишүүн болон сайдын “давхар дээл”-тэй 13 хүн багтжээ. Ч.Ундрам, Н.Алтаншагай нарын сул гишүүн болон Шадар, Гадаад харилцаа, Сангийн зэрэг арваад сайд байгаа юм. Мөн албан ёсны айлчлалыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхэн, хамгаалалтын ажилтнууд бий. Энэ бол байх л ёстой бүрэлдэхүүн учраас хэн ч маргахгүй. Сайд нар тус тусын ажилтай, үүрэгтэй байсан биз. Харин өнөөх хоёр сул гишүүний үүрэг яг юу байсан нь тодорхойгүй үлдлээ. Төрийн ёслолын журамд УИХ-ын гишүүдийн тоонд хязгаар тавиагүй учраас төсвийн мөнгөөр газар үзэж, зугаалах гэсэн, тодорхой үүрэггүй, онцын шаардлагагүй гишүүд багтдаг нь нууц биш. Энэ тухай ч бид олон жил шүүмжилж буй.
Ерөнхий сайдын айлчлалд 280 гаруй хүн явсан хэмээн нийгмийн сүлжээгээр бичиж буй нь дэгсдүүлсэн тоо бололтой. Харин МАН-ын шат шатны дарга болох 50 хүнийг дээрх 120 дотор багтааж тоолжээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн ажлын алба, 21 аймаг, есөн дүүргийн дарга нарын хамт Японы Либерал ардчилсан намын урилгаар Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай давхцуулан тэнд ажилласан нь нийгэмд хардлагын гол эх суурийг тавьсан юм. Төсвийн мөнгөөр намынхаа “хурган” дарга нарыг зугаалууллаа хэмээн хардсан. Тэгвэл ийм яриа гарсны дараа МАН-ын генсек “Бид шат шатны дарга нараа сургалтад хамруулах гэж ирсэн. Зардлыг намаас гаргасан. Мөн ЛАН-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа” гэсэн тайлбар хийжээ. МАН-ын Хэвлэлийн албанаас өгсөн тайлбараар бол зарим зардлыг урьсан тал хариуцсан гэнэ. Либерал ардчилсан нам бол Японы эрх баригч нам. Ерөнхий сайд Санаэ Такайчи нь тус намынхаа дарга аж. Тиймээс МАН-ын “хурган” дарга нарт зориулсан сургалт, үйл ажиллагаагаа Ерөнхий сайдын айлчлалтай давхцуулж нэг сумаар хоёр туулай буудах хүсэлтийг тэд өөрсдөө тавьсан гэсэн тайлбарыг эрх баригч намынхан өгөв.
Намын ажлаар явсан гэх боловч генсек Я.Содбаатар албан ёсны айлчлалд зориулсан арга хэмжээнд оролцож буй зураг нь байна лээ. Тэгэхээр яг ч тусдаа томилолт гэхэд хэцүү, “холилдсон” гэсэн үг. Мөн МАН-ынханд зориулсан хөтөлбөр нь ганц өдрийн сургалт байсан тухай зарим сайтад мэдээлжээ. Ганцхан өдөр номын дуу сонсохдоо ядаж анхаарч, ойлгож байгаа царай ч гаргаж чадахгүй бүгд утсаа ухан сууж буй зураг нь тус намын албан ёсны хуудсанд гарсан юм. 50 дарга нь ирийтэл зогссон зургаа ч оруулжээ. Өөрсдөө ингэж булхайгаа илчилж, мэдэгдээд байх юм аа, ядаж байхад. Ингээд бусад өдөр нь хурган дарга нар зугаалж, Фүжи уулын халуун рашаанд хэвтсэн шиг амарчээ. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ч энэ талаар бас ярьж, тэнд амьдардаг иргэдээс мэдээлэл авсан, үнэ ханшийг нь хүртэл тооцжээ.
ҮГ, ҮЙЛДЭЛ ЗӨРСӨН НЬ
Төсвийн тодотголоор бүсээ чангална гэсэн нэртэй ч хэмнэсэн гэх 1.4 их наяд төгрөгөө бусад зүйлд буцаагаад хуваарилсан. Ирэх оны төсвийн орлого, зарлагыг тус бүр 10 их наядаар өсгөөд оруулаад ирсэн. Эдгээр төслийн хэлэлцүүлэг намрын чуулганы эхний хоёр долоо хоногт МАН доторх “30-ийн бүлэг”-ийн бойкотоос үүдэн гацсан бол өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой саатлаа. Сайд нар нь эзгүй, бүлэг, байнгын хороодын ирц бүрдэхгүй. Энэ долоо хоногт зөвхөн баасан гаргийн үдээс хойш л ганц өдөр чуулган товлосон нь үүний баталгаа. Сөрөг хүчний зүгээс 2027 оны төсвийг “луйвар” хэмээн нэрлэж буй. Цалин, тэтгэвэр өсгөх гоё саналын ард луйвар, булхайгаа нуун оруулж ирлээ хэмээн тэд эсэргүүцэж байна.
Бодит амьдралд иргэд нь үнийн хөөрөгдөлдөө дарлуулж, шатахуундаа хэдэн цагаар дугаарладаг байдал хэвийн мэт болж. Өвөл хаяанд ирчихлээ. Энэ бүхний эсрэг бодит шийдэл гаргах, ядаж төсвөө батлуулахын оронд Ерөнхий сайд Н.Учрал төр бүсээ чангална гэсэн амлалтынхаа эсрэг алхам хийж, өргөн бүрэлдэхүүн дагуулаад арлын орноор айлчилж явах нь зөв үү. Үрэлгэн зардлаа хэмнэе, ширээ сандал, эд хогшил, элдэв томилолтын зардлаа таная гэснээ үйдэл нь зөрөөд байгааг л шүүмжлээд буй юм. 120 хүний 50 нь МАН-ын “хурган” дарга, зардал нь төсвөөс гараагүй юм байна. Тэгвэл үлдсэн хүмүүсийн Япон руу очих, ирэх зардалд л гэхэд дунджаар 160 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоог сайтуудад бичжээ. Үүн дээр зочид буудал, хоол унд, тээврийн зардал нэмэгдэнэ. Тэгэхээр татвар төлөгчдийн халааснаас овоо хэдэн тэрбум төгрөг гарч байгаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалан энэ талаар “Өмнө нь Ерөнхий сайдын гадаад айлчлалд Монголын бизнесийн төлөөллүүд хамт явж, хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр хийдэг байлаа. Харин өнөөдөр хувийн хэвшлийнхний орон зай хумигдсаар, тэдний оронд эрх баригч намын шат шатны дарга нар гадаад айлчлалд оролцдог болжээ. Төр, бизнес хоёрын зааг бүдгэрч, хувийн хэвшлийн оролцоо шахагдан, улс орны гадаад харилцаа хүртэл намын “хурган” дарга нараар хязгаарлагдах боллоо. Ингэж улс орон удирдахгүй ээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Айлчлалын бүрэлдэхүүн хэт олон, МАН-ын “хурган” дарга нарыг төсвийн мөнгөөр аялуулсан уу гэх мэтээр шүүмжлэл гармагц тэд бие хамгаалах тайлбар бэлдэж, эсвэл төрийн нууцаар халхавчлах оролдлого хийж буй. Улсын гадаад бодлого, эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд айлчлал чухал ач холбогдолтой. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Бас төрийн нууцад халдах гэсэн ч хүн алга. Гагцхүү улс орон чинь хэцүү, иргэдийн амьдрал хүнд байхад албан ёсны бүрэлдэхүүнээ цомхон байлгаач, төсвийн мөнгөнд хайр гамтай хандаач гэж л хүсээд буй юм шүү дээ.
Ийм шүүмжлэл ганц Н.Учралын үед гарч байгаа биш. Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулж, айлчлалын бүрэлдэхүүнд хязгаар тогтоохоо больсноос хойш болсон бүхий л Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ийм шүүмжлэл дагадаг. Ялангуяа МАН төрийн эрхийг барьсан сүүлийн 10 жилд төрийн, албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн улам бүр данхайсаар байгаа нь нууц биш. Яг ямар оролцоо, үүрэгтэй нь тодорхойгүй олон сэтэртэн, албан тушаалтныг багтаадаг, тэднийг авч явсны үр дүн харагддаггүй. Мэдээлэл харьцангуй нээлттэй, хурдтай цацагддаг болсон технологийн эрин үед бид амьдарч байна. Хэн хэн айлчлалд багтсан, ямар үүрэг, оролцоотой байгааг нийгмийн сүлжээнээс иргэд хянаж, анзаардаг, хариуцлага шаарддаг болсон үе. “Хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо...” гэдэг шиг дарга, албан тушаалтнууд нь хувийн цахим хуудсандаа элдэв сэлфий зургаа оруулаад, өөрсдийгөө илчлээд байх нь өрөвдмөөр. Хаа хаанаа ёс зүйтэй, хэмжээ хязгаартай байж айлчлалын бүрэлдэхүүнийг шагнал, урамшуулал, аяллын журмаар сонгохоо больё. Үүний оронд бодит үр дүнд төвлөрдөг болмоор байна.