Улс төрийн амралт дуусаж буйг өнгөрсөн долоо хоногийн үйл явдлууд харууллаа. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд манай орны улс төрийн амьдрал өрнүүн байв. Тийм болохоор тэр бүхнийг үл өгүүлж, тоймтой заримыг нь цухас эргэн саная. Товч зангидаж хэлбэл өнгөрсөн долоо хоногийн гол баатар нь МАХН байсан гэж болохоор. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Мэдэгдэл” хэд хэдэн сонинд гарлаа.
Энэ мэдэгдэл өнгөрсөн долоо хоногт л олны сонорт хүрсэн юм биш. Зарим хэвлэлд түрүүчийн долоо хоногт, заримд нь энэ долоо хоногт нийтлэгдсэн юм. Н.Энхбаяр гэж Монгол Улсын томоохон улстөрч одоогоор улс төрөөс албан ёсоор бол хөндий байгаа ч түүний хийсэн алхам бүр нь аандаа олны анхаарал татдаг хэвээр. Тэр нөхөр ямар нүүдэл хийх гэж байна, тэр нэг үйл явдлын ард энэ нөхөр байна уу үгүй юү гэх хардлага сэрдлэг ялангуяа улстөрчдөд ямагт төрнө. Ийм байр сууринаас сөрөг хүчнийхэн нь, өрсөлдөгч нь ханддаг байсан бол сүүлдээ намын нь нөхөд ч сэрэмжлэх, болгоомжлох янзтай байх болж. Байдлыг ажихад түүнийг улс төрөөс хөндийрүүлэх зорилго хаа хаанаа байна уу гэхээр байдал цухалзаад байдаг юм. Н.Энхбаярын “Мэдэгдэл”- ийн агуулгыг бүхэлд нь базаж үзвэл МАХН-ын одоогийн удирдлагын ажил, үйлд сэтгэл дундуур байдаг юм уу гэмээр.
Тэдний хийхээр төлөвлөж буй юмнуудад нэлээн шүүмжлэлтэй хандаж буй нь илт. Эл мэдэгдэлтэй холбоотой, түүнд хэрхэн хандаж буйгаа илэрхийлсэн үгс ч сонсогдоод эхэлсэн. Эрх баригч МАХН-ын XII Бага хурал мягмар гаригт боллоо. Түүнийг энэ намын аливаа хурлаас хүлээсээр ирсэн ёсоор сүрхий хэл амтай, дуулиантай болж мэднэ гэж хүмүүс бодож байсан ч бараг болсон, үгүй нь мэдэгдэлгүй өнгөрөв. Тэгэхдээ Бага хурал гэдэг асуудал шийдэх эрх мэдлийн хувьд хязгаартай л даа. МАХН нэр, билгэ тэмдэг, үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй болохоор тэр бүхнийг их хурлаараа шийдвэрлэх нь ойлгомжтой. Энэ их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 4-6-нд хийхээр товлов. Хэлэлцэх асуудлын нь зүг чигийг ч гаргалаа. Тэгэхлээр МАХН өөрчлөгдөх эсэх, ямар өөрчлөлт хийх нь ээлжит XXVI их хурлаар нь тодорхой болох нь.
Тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн дүнгээр түүний байр суурь хаахнуур байхыг нь ч таамаглах боломжтой болж мэднэ. Тус намынхан төлөвлөсөн өөрчлөлтөө хийхээр нэлээн зоримог шулуун байх янзтай. Тэдний хийх гэж буй ажлаас намынхаа нэрийг солих нь хүмүүсийн сонирхлыг илүүтэй татаж байна. “Хувьсгалт” гэдэг үгийг солих талаар ерөнхийдөө хоёр тал болоод байгаа. Дотооддоо битгий хэл гадаадад танил болсон нэрэндээ өөрчлөлт оруулах нь эрсдэлтэй гэж зарим нь үзэж байхад нам шинэчлэгдэх эсэх нь чухам „хувьсгалт” гэдэг үгийг халах эсэхээс шалтгаалах мэтээр төсөөлж буй хүмүүс ч цөөнгүй байгаа бололтой. Ер нь бол нэрэндээ өөрчлөлт орууллаа ч бодлого, үйл ажиллагаа, үзэл баримтлалд нь гойд ахиц гарахгүй бол ямар тус байх билээ. Нэр өөрчилснөөс дараагийн сонгуульд ялагдвал “хариуцлагыг нь би хүлээнэ” гэж ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь “том” дуугарав.
Намын өмнө хариуцлага хүлээлнэ гэдгийг тэр хүн албан тушаалаа өгөх төдийгөөр төсөөлөөгүй байлгүй. Дээрх Бага хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон нэг асуудал нь Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн дараагаас С.Баяр, Н.Энхбаяр хоёрын дунд үүссэн маргаан байлаа. Ямар учиртай маргаан болохыг уншигчид санаж буй биз. Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр МАХН-ын удирдлага өөрийг нь дэмжээгүйгээр барахгүй түүнийг ялагдуулах бодлого явуулсан гэж Н.Энхбаярүзсэн. Үүнийгээ хэвлэлээр олон түмэнд илэрхийлсэн. Тухайн үед МАХН-ын дарга байснаараа энэ хардлагын гол эзэн болсон С.Баяр өөрийг нь гүтгэлээ хэмээн нэр төрөө сэргээлгэхийг хүсэж Хяналтын ерөнхий хороондоо өргөдөл гаргасан. Энэ асуудлыг Хяналтын ерөнхий хороо нь өдийд нэг тийш болгох дөхсөн байх, тэр тухайгаа Бага хурлын гишүүддээ мэдээлж ч магад гэж сэтгүүлчид бодоо биз. Нөгөө талаар тус хорооны дарга Л.Дондогийг Бага хурлын үеэр “барьж “ авахад дөхөм ч байсан байх.
Л.Дондогийн ярьснаас үзвэл уг асуудлаар Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гараагүй байгаа аж. С.Баярын өргөдөлтэй холбоотойгоор Н.Энхбаяр тайлбар гаргаж өгөх ёстой ч тэрбээр “жаахан азнаж байхгүй юү” гэж хүсээд тайлбараа өгөөгүй байгаа юм байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг манай оронд албан ёсоор 15 дахь удаагаа баасан гаригт тэмдэглэлээ. Цагаатгах ажилд ихээхэн ахиц гарч магадгүйг энэ өдрийн босгон дээр дууллаа. Энэ нь хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд төрөөс үзүүлэх халамж. Тэд эцэг эхийнхээ адил хэлмэгдсэн улс гэж үзэж нөхөх олговор өгөх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, тэтгэврийг нь нэмэгдүүлэх, жилд нэг удаа буцалтгүй тусламж олгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж буй аж.