Хуучнаар ЗХУ-ын манай улсад хүргэсэн тус их ч гай багагүй аж. Улс орны маань дотоод хэрэгт дур мэдэн оролцож, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчдийг үр хойчид нь эсэргүү, буруутан болгож орхисон алдааг засахаар эрдэмтэд хичээж байна. Түүхэнд том толбо болж үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийг Төрийн ордонд өчигдөр болсон “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын индрээс бодитоор дүгнэв.
Тухайн цаг үе бүрийнхээ хамгийн боловсролтой, дээд зиндааныхнаас аваад энгийн малчдыг хүртэл хамарсан улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 оноос эхэлсэн гэж үздэг аж. Тусгаар улс болохоор тэмцсэн нь хүмүүсийг хилс хэрэгт буруутгах гол шалтгаан болсон байна.
1921 оны гуравдугаар сараас 1922 оны эхэн үе хүртэл Ерөнхий сайдаар ажилласан Д.Бодоог саяхныг болтол эсэргүү хэмээн ойлгодог байсан. Хэлмэгдүүлэлт яагаад Д.Бодоогоор эхэлсний учрыг МУИС-ийн багш, доктор З.Лонжид тайлбарлав. Д.Бодоо агсан ЗХУ-ыг манай дотоод хэрэгт хэтэрхий оролцож байна, бид Англиас зарим туршлага судлах хэрэгтэй гэж үздэг хүн байж.
Энэ байр сууриа хэрэгжүүлэн АНУ-д нэг бус удаа хандаж, тэндээс 1922 онд тусгай төлөөлөгчид манай улсад ирж ажилласан аж. Тэд Богд хаан болон Д.Бодоотой цөөнгүй уулзсан гэнэ. Д.Бодоогийн тэргүүлсэн Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг олон улсад зарлах, АНУ-тай дипломат харилцаа тогтоох, Хятадтай хамтран ажиллахад зуучлах хүсэлтийг ЗХУ-аас хүссэн гурван гол шийдвэр гаргасан байна.
Гэтэл Ерөнхий сайд агсныг шахаанд оруулж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт хоёр ч удаа гаргуулсан гэнэ. Олон нийтэд хардлага төрүүлэхгүйн тулд эхний өргөдлийг нь хүлээж авалгүйгээр хоёр дахь удаад нь зайлуулж, намаас нь хөөж, улмаар 1922 онд хороосон байдаг. Түүний тухай МАХН-ын төв архивт эдүгээ байгаа баримт бичигт гарын үсэг нь байхгүй, хурууны хээ дарсан, он, сарыг нь орос, монголоор хольж бичсэн нь “зохиомол” гэсэн дүгнэлт хийхэд хүргэдэг байна.
Д.Бодоо бичиг үсгийн өндөр боловсролтой хүн байсан учир хурууны хээ дарах учиргүй гэнэ. Түүнийг 1997 онд цагаатгасан. Богд хааныг ч хэлмэгдүүлжээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчидтэй Богд хаан нэг үзэл санаатай ажилладаг байснаас засаглалыг солихын тулд түүнийг 1924 оны тавдугаар сарын 20-нд цааш харуулах хэрэгтэй болж. Уг хэлмэгдүүлэлт 1924 оны Үндсэн хуультай холбоотой талаар МУИС-ийн багш, доктор С.Отгонжаргал илтгэлдээ тодорхой өгүүлэв. Бид тусгаар тогтносны баяр хэмээн жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг.
Тэгвэл С.Отгонжаргал өөр байр суурьтай байна. Анхны Үндсэн хуулийг 1924 онд боловсруулсан юм биш. Ийм хуультай болох санаа эртнээс гарч, 1911, 1914 онд Д.Бодоо, С.Данзан нар хоёр ч удаа төсөл боловсруулж бэлэн болгосон нь архивт үлджээ. Эдгээр төсөлд ард түмнийг хийдэг ажил, шашин, шүтлэгээр нь ялгахгүй, иргэд өмчтэй байж болохыг тунхагласан, бүгд сонгуульд оролцох эрхтэй гэх мэтээр ардчилсан зарчмыг тусгасан байна.
Гэвч төсөл эрх баригчдын санаанд хүрсэнгүй. Ингээд хөрөнгөтэй байх, лам нар сонгуульд оролцохыг хориглосон зэрэг заалттай Үндсэн хуулийг 1924 онд баталжээ. Эх орноо тусгаар улс болгохыг хүссэн Монголын удирдагчдын “учрыг” энэ хүртэлх хугацаанд олжээ. Мөн Монгол Ардын Нам нэрийг МАХН, нийслэл хүрээг Улаанбаатар болгож сольсон аж.
“Ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэх тэр үеэс зогссон. Монгол удирдагчгүй болсон. Лам, жирийн иргэн ялгалгүй социализмын замд саад болсон хэн бүхнийг хэлмэгдүүлэх үндсийг уг хуулиар тавьсан. Тиймээс ийм хууль баталсан хар өдрийг бид баярлан тэмдэглэх нь утгагүй” хэмээн С.Отгонжаргал хэллээ.
Гэмгүй иргэдийг байцаах нэрээр хэрхэн тамлаж, эрүүдэн шүүж байсан талаар Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн ажилтан Х.Мөнхбаяр ярив. Тэрбээр “мангас” Дорж нэрээрээ алдаршсан байцаагч нэгэн хүнийг байцаахдаа “Дотоод явдлын яаманд нэгэнт баригдсан бол суллахгүй. Чамайг алах нь миний эрх.
Энэ хашаанд орсон бол улсын хүн амын тооноос хасагдсан, чи өнчин ишигний ч үнэгүй” гэх мэтээр гутаан доромжилж, сүрдүүлж байсныг дурдав. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар “1937-1947 онд шүүхээр 30 орчим мянган хүн шийтгэсний 21.000- ыг шууд буудан алсан байдаг. Хэлмэгдүүлэлтийг гомдсон хэдэн хүний хийсэн хэрэг гэж ойлгох хандлага бий. Гэтэл Монгол Улсыг тэр чигээр нь хар үүл нөмөрсөн цаг үе байсан” гэлээ.
Хэдэн хүнийг хилсээр шийтгэж, амийг нь хороогоод өнгөрсөн мэт боловч тэднийг хэдэн үеэр нь хохироосон гэж үзэж болно. Эсэргүүний хүүхэдтэй хүн тоглохгүй, боловсрол эзэмших боломжгүй, туслах хүнгүй байсан.
1998 онд Цагаатгалын тухай хуулийг баталсан. Одоогоор 17 мянга гаруй иргэнийг цагаатгаж, 16 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэхдээ баримт бичиг нь олдоогүй хэчнээн хэлмэгдэгч байгааг таах аргагүй.
С.Туул