Ерөнхий сайд, МАХНын дарга С.Батболдын амнаас олон асуулт ар араасаа унав. “Шилжилтийн үе хэзээ дуусах вэ”, Сингапур, Өмнөд Солонгосын туршлага Монголд хэрэгтэй юү, эсвэл Канад, Скандинавын орнуудын замаар хөгжих үү” гэх мэт олон асуултад хариу олж, ирэх 20 жилийн бодлогыг тодорхойлох хэрэгтэй болжээ.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулж “Монголын улс төрийн ууган байгууллага МАХН ба улс төрийн үзэл баримтлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг МАХН өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Хурлыг нээж хэлсэн үгэндээ С.Батболд ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтад орж, газар тариалан сэргэж Монгол Улс шинэ хөгжлийн гараанд ирснийг онцлоод, дэлхий дахины анхаарал манай орны уул уурхайд төвлөрч буй энэ цаг үед эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал тулгарч буйг анхааруулав. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох урилгыг улс төрийн намууд, түүх, нийгэм судлаачдад илгээсэн байна.
АН-д 10 урилга илгээсэн ч тус намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарын хэн нь ч хүрэлцэн ирсэнгүй. Харин ҮШН, МУНН-ын төлөөлөл энэ хуралд идэвхтэй оролцлоо. Хурлын үндсэн илтгэл үүдээс шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндонгийн тавьсан “Монголын үндэсний ардчилсан үзэл санаа, агуулга, нийгэмд гүйцэтгэх үүрэг” илтгэл анхаарал татлаа.
Тэрбээр үндэсний ардчилсан үзэл баримтлал монгол хүний оюун санаа, ахуй амьдралын хөрсөнд буух байдлыг түүх, нийгэм, философийн ойлголт, судалгааны бүтээгдэхүүн талаас нь өгүүлэв. “Монголын үндэсний ардчилсан үзэл санаа бол өөрийн гэсэн юуг ч хайхрахаа больчих гэж буй өнөөгийн бидний сэтгэлгээний эмх замбараагүй байдлыг буруутгах ухамсраас гарч байгаа юм.
Энэ нь монгол хүн бүрийн далд ухамсарт хэдийнэ суучихсан байгаа зүйл” хэмээн тэрбээр тоймложээ. Монгол хүн улс төр, ахуй амьдрал, оюуны соёлын хувьд XXI зуунд ямар байдлаар аж төрөхийг хүсэж байна, түүнийг нь судалж зөв олж илэрхийлснээр Монголын үндэсний ардчилсан үзэл санаа онолын хувьд бүрэлдэхийг Б.Даш-Ёндон гуай санал болгож байна.
Түүнийхээр Монголын үндэсний ардчилсан үзэл санаа гэдэг нь ямар нэгэн гурав дахь замыг олох оролдлого биш, баруун зүүний дундаж нь ч биш аж. “Энэ бол монгол үндэстэн өөрийн ухамсар, ухаанаараа өөрийгөө авч явж, онцлог нөхцөл байдлаараа хөгжин цэцэглэе, энэ нь илүү найдвартай юм гэсэн л санаа шүү дээ. Монгол Улс дэлхийн орнуудын хэддүгээрт бүртгэгддэг юм, төддүгээр л үзэл санаа билээ” гэв.
Б.Даш-Ёндон гуай илтгэлдээ Карл Марксын хэлсэн “Алив үндэстэн хүчиндүүлчихгүйн тулд хүүхэн шиг соргог байх ёстой” хэмээх ишлэлийг шигтгэжээ. “Манай Монгол үндэстэн асар их баялаг бүхий өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай, дэндүү чөлөөтэй “царайлаг хүүхэн” болчихоод байгаа билээ. Үндэстнийг хүчиндэх арга олон. Тэдгээрт өртчихгүй байх нь монгол үндэстэн бидний нэгэн чухал зорилго болой” хэмээн Б.Даш- Ёндон гуай өөрийн ишлэлээ хэллээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд “Гурав дахь замын онол өнөөгийн дэлхий ертөнцөд” сэдвээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар нар илтгэв. Тэдний илтгэл улс төрийн үзэл баримтлалын жаг саалтад “Гурав дахь зам” хэмээн нэршээд буй социал демократ үзэл санааны шинээр хүлээн зөвшөөрөгдсөн арга барилын талаарх танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл байлаа.
“Гурав дахь зам”-ыг үзэл баримтлалаа болгосон Засгийн газар сэлүүрдэх үүрэг хүлээдэггүй, залуурдаж л өгдөг. Нийгэмд хувь хүний үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийг чухалчилдаг байна. Энэ үзэл баримтлал нь нийгмийн халамжийн бодлогыг “ хүмүүсийг тэжээх” хэмээн муучлан ойлгож, зөвхөн зорилтот бүлгийг халамжилдаг аж.
Б.ЭНХЦЭЦЭГ