Сүүдэр тусавч нар гарна. Цогтын Цэрэндорж жаргаж сууна. Цагтаа баргийн аавын хүү гараад байдаггүй Төрийн ордны оройд туг барин гарч, 700 хүнийг нэг дохилтоор ярсхийтэл удирдаж, баярын парад эхлүүлж явсан аавын хүү нэг л өдөр хүний өөдөөс эгцэлж харах аргагүй болтлоо шалдаа буухын чинээ хэн санх билээ. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг тэр биз.
Буурал түүхийн эргэх хуудастай харьцуулбал шив шинэхэн гэж хэлэхээр нэгэн хэлмэгдүүлэлтийн хохирогч түүнтэй ярилцаж суухад хүний нэр төр гэдэг юутай нандин, хүний хорвоо гэдэг юутай хуурамч, хүн гэгч юутай тэвчээртэй вэ гэж бодогдоно. Сүхбаатар дүүргийн МХЗЭ-ийн хоёрдугаар нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Цо.Цэрэндоржтой уулзаж, урьд өмнө дэлгэж байгаагүй сэтгэлээ онгойлгосон яриаг нь сонслоо.
БИ ЖАМСРАНГИЙН САМБУУ БАЙНА
-1960-аад оноос хойших сониныг эргүүлэхэд Цо.Цэрэндорж гэсэн мате риал “Үнэн”, “Залуучуудын үнэн” сонинд гарсан байдаг. Тэр хүн та юм билээ. Хэдийд хотын хүн болсноо яриач?
-Би Говь-Алтайн Эрдэнийн хүн. 1959 онд одоо энэ гавьяат жүжигчин хошин шогийн Б.Туяагийн өвөө Үнэнбуян гуайг жин тээхэд нь дагаж 22 хоног явж, 16 настайдаа нийслэлд ирсэн. Хүүхэд болсон хойно тэмээн дээр үүрэглэнэ. Хашир жинчид тэмээ битгий гэмтээчих сэр, сэр гэж явсаар хотод ирж билээ. Тэр цагт “Дэнжийн 1000” ширэг ногоотой эл хуль газар байв. Миний ах Бүлтүүш ХААДС-д сурдаг байлаа. Ах дээрээ очтол “Миний дүү энэ цардмал замаар яваад бай.
Тэгээд л ахындаа оччихно” гэж хэлээд явуулсан. Түүний хэлснээр яваад байтал нэг хашааны гадаа очив. Буутай цэрэг “Зогс! чи хэн бэ?” гэлээ. “Би байна. Цэрэндорж байна” гэхэд “За яав, яв” гэж билээ. Цэрэг ахаар зам заалгаад дээш өгслөө. Горхины хажууд нэг том ах цамцаа угааж сууна. Хөдөөгийн заншлаар мэнд мэдлээ. Бас болоогүй нэг их том хүн “Ахын алдар хэн билээ” гэсэнд нөгөө ах босож ирээд “Би Жамсрангийн Самбуу байна” гэв.
Тэгэхнээ тухайн үед миний ах Улс төрийн товчооныхонд үйлчилдэг, хоол хүнсэнд нь хяналт тавьдаг хүн байж. Ажлынхаа зэрэгцээ ХААДС-д сурч байж л дээ. Миний очсон газар нь өнөөдөр ч төрийн өндөрлөгүүд зусдаг Их тэнгэрийн ам байсан юмсанж. Ямар сайхан цаг байж вэ гэж одоо ч бодогддог.
-Хотын хүн болох ямар байв?
-Эхний өвлийг ахындаа түлээ зөөж өнгөрөөв. Хавар нь Барилгын техникумд шалгалт өгч тэнцлээ. Хоёр жил хагас сураад “Найрамдлын” хэмээх тодотголтой БНХАУ-ын хөрөнгөөр барьсан тоосгоны нэгдүгээр заводад мастераар очив. Эхний сардаа төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, цех маань үйлдвэртээ тэргүүлж 300 төгрөг, шилжих явах улаан туг авч байлаа.
-Тэр үеийн МХЗЭ, МАХНын дайчин туслах бэлтгэл хүчин байв. МХЗЭ-тэй хэрхэн учрав?
-Урлагт жаахан авьяастай байв. Тоосгоны заводад ажиллаад удаагүй байтал цэргийн зарлан дуудах ирэв. Манай боловсон хүчний Гомбо гуай “Гайгүй сайн ажиллаж байгаа, шинэ залууг цэрэгт татах хэрэг юу байна” гэхэд цэргийн хэлтсийнхэн “Энэ хүн чинь насанд хүрсэн хүн. Ер нь тэгээд арми гэхээрээ дандаа хөгийн амьтад байх ёстой юм уу” гэж хэлээд шууд цэрэгт татсан.
Нисэхийн ойролцоо байсан 012 дугаар ангид хуваарилагдлаа. Гурван жил хөгжмийн салаанд турба үлээсэн. Цэргээс халагдаад намын уриалгаар 22 хүн Дундговийн Цагаан-Овоог зорьсны нэг нь би. БХЯ дээр жанжин Лхагвасүрэн дуудаад намын орлогчийн батлах гардуулаад “Армийн нэр төрийг өндөрт авч яваарай хүү минь” гээд замд үдсэн. Гэрээр орж цай ч ууж амжилгүй томилсон газар очиж байв. Намайг үйлчлэх тасгийн даргаар томилсон. Зочид буудал, соёл урлаг үйлчилгээний бүх асуудлыг эрхлэхийн зэрэгцээ Залуучуудын эвлэлийн үүрийн орон тооны бус даргаар ажилласан. Тэр үеэс л МХЗЭ-тэй амьдралаа холбосон.
АХ НЬ ТӨРИЙН ОРДОН ДЭЭР ГАРААД УЛААН ТУГ НАМИРУУЛЖ ЯВЛАА
-Ингэхэд эвлэл таныг сонгов уу, та эвлэлийг сонгосон уу?
-Хэн хэнийгээ сонгосон байх. Дундговийн Цагаан-Овоод ажиллах илгээлтийн хугацаа маань дуусаж байлаа. Нэг өдөр Худалдааны соёлын ордонд дуучин авна гэсэн зар явлаа. Тэр үед уурхайн дарга АИХ-ын депутат Дамбаравжаа гэж залуу байв. Соёлын ордонд шалгаруулах хүсэлтээ хэлтэл “Илгээлтийн хугацаа чинь ч дуусаж байна. Тэг тэг” гэв. Хотод ирээд буриад ардын дуу “Хүдэр дунгуйг” дуулаад тавьтал тэнцлээ. Соёлын ордны уран сайхны удирдаачаар Баянхонгорын уугуул хөгжмийн зохиолч Балжинням ажиллаж байв. Тэрбээр “хангай нутгийн цэнгэг салхиар ундаалсан” хэмээн өөрөө шүлгээ бичиж аяыг нь зохион нэрд гарч байв. Тэнд гурван жил гоцлол дуучнаар ажилласан.
Алдарт дуучин Цоодол гуайгаар уртын дуу дуулах эрдэм заалгаж гайгүй ч дуулж явсан. Гэтэл нэг өдөр Хотын эвлэлийн хороо дуудаж үзэл суртлын хэлтэст зааварлагчаар ажиллуулав. Хаа сайгүй болдог нийтийн бүжгийн нэрийг нь өөрчилж, цэнгээнт бүжиг болгов.
Залуучуудын заавал сурах 12 бүжгийг бий болгов. Нийтийн аж ахуй үйлчилгээний газар дээр цэнгээнт бүжгийн 100 хоног зохион байгуулав. Бямба, ням гаригт бүжиг явуулж хамгийн соёлтой хувцасласан, сайхан бүжиглэсэн 10 хосыг шалгаруулж дараагийн бүжигт үнэгүй орох урилгаар шагнав. Тэр үед цэнгээнт бүжиг 3 төгрөг. Нийтийн нэртэй уйтгартай бүжиг хоцрогдож вальс, танго, фокстрот, ча ча ча гарч ирж байв. Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажаваас магтаалын үг сонсож явлаа.
-Ажаа мама гэж хэцүүхэн хатагтайтай уулзаж байв уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ Анастасия Ивановна муу хүн бай гаагүй. Тэрбээр хүүхэд залуучуудын төлөө их зүйл хийсэн. Ямар ч гэсэн биднийг зүгээр суулгадаггүй байлаа. Өрөөндөө дэмий сууж байвал орж ирээд л “Та гарч мод усал, битгий зүгээр суу” гэв. Нэг өдөр ажилдаа ирээд сууж байтал “Түргэн авав”. Ю.Цэдэнбал дарга Л.Түдэв, С.Жалан-Аажав гуай хоёрыг дагуулчихсан орж ирэх нь тэр.
Филатова даргын чихэнд хонх уясан шиг байгаа юм. “Тэр Чойжамцыг дууд” гэж байна. Хотын эвлэлийн хорооны дарга Чойжамц буугаад ирлээ. “Энэ чиний өрөө мөн үү?” гэж асууж байна. “Мөн” гэсэнд “Залуу минь чиний цонхон дорх мод үхчихжээ” гэж хэлж билээ. Дарга тэгсхийгээд явсан. Гэхдээ л “Та өөрийнхөө цонхон дорх модыг харахгүй байж...” гэсэн зэмлэлийг өгсөн хэрэг.
-Таныг Төрийн ордон дээр 11 удаа гарсан гэдэг юм билээ. Яаж гэх тэр билээ?
-Социализмын үед Май, Октябрь, Улсын наадам гэж баяр болдог байсан даа. Тэр үед хөдөлмөрчдийн жагсаал болно. Сүхбаатарын талбайг дүүргэхийн тулд арын эгнээнд туг барьсан хүмүүс зогсооно. Түүний наана фона зогсооно. Тэгээд индрийн өмнүүр жагсаал явна. Тэр фоныг би удирддаг байсан юм. Энэ ажлыг хийхээр тухайн үед хамгийн олон буюу 11 удаа Төрийн ордон дээр туг барин гарч байлаа. Намайг дагаад НАХЯ-ны нэг төлөөлөгч, ордны галын нэг хүн гарна. Бид парад эхлэхээс өмнө ордны оройд гарч байраа эзэлнэ. Фонанд 7-8 их, дээд сургуулийн оюутан буюу 700 ажилчин зогсоно.
Тэд миний дохиогоор “МАХН, эв нэгдэл, дружба, мир” гэхчилэн 7-8 хувилбар үг гаргана. Бас ч амаргүй. Бид парадаас өмнө Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбайд бэлтгэл хийнэ. Зогсож буй хүн халуун наранд цохиулж, тэсэлгүй дороо бие засах явдал ч гарна зайлуул. Хүмүүс ажилдаа тийм л хариуцлагатай байсан. Нэгэнтээ Ардын зураач Намхайцэрэн гуайгаас зөвлөгөө авлаа. “Энэ их нарийн урлаг шүү. Нэг хүн хөлөө буруу тавихад л дүрс алдагддаг” гэж билээ.
Төрийн ордны дэг журам хэзээнээс нарийн байсан. Би ордны орой дээр гараад хааш хаашаа нэг метрээс илүү зайд гишгэдэггүй байлаа. Хүйтэнд гар бээрч пэмбийтэлээ хавдана. Нэг удаа бээрсэн амьтан иртэл Д.Моломжамц даргатай таарав. “Хүү минь чи хэн билээ” гэхээр нь учраа хэлтэл өрөөндөө авч оров. Тэгснээ туслахаа дуудаж “Энэ хүүд коньяктай цай өг” гэж билээ.
-Таныг ахмад сэтгүүлчид сайн мэдэх юм билээ. Тэдэнтэй хэр ганзага харшуулж байв.
-Хэлээд яахав. Залуу ч байж дээ. Ц.Гайтав гуайг их дагана. “Залуучуудын үнэн” дөрөвдүгээр давхарт. Миний өрөө доод давхар. Нэгэнтээ бичлэгийн шагнал бууж зохиолч Л.Содов гуайн гэргий Цэндсүрэн мөнгө тавьж байна. “15 төгрөг ноль таван мөнгө гарчээ” гээд эргэтэл ард Б.Ринчен багш зогсож байна. Тэрбээр идэвхтэн бичигч бидэнд хичээл заадаг байв. “Хүүхээ 15 төгрөг тэг таван мөнгө гэж хэлж, бичиж болно оо доо” гэж билээ. Ц.Гайтав гуайн өрөө онгорхой байна. Тэр заншсан ёсоороо аягаараа ширээ тогшив. Бид ханьсаад гарав. Тэр үед архитай нь дөрөвдүгээр дэлгүүр. Ганц шил архи авлаа.
Нэг нэг татлаа. Гайтав гуай мод руу морь харахдаа “Одоохондоо хотод намайг журамлах хүн байхгүй” гэж хэлж амжаагүй байтал “Амрыг эрье” гэх нь тэр. Цагдаад баригдав. Ц.Гайтав гуай цагдаад хандаад “Чи намайг таних уу” гэж байна. Танина гэв. Тэгснээ Төрийн соёрхлын тэмдгээ заагаад “Чамд ийм тэмдэг бий юү” гэчихлээ. Нөгөө цагдаа яахаа мэдэхгүй байгаа бололтой “Та нар сууж бай” гэчихээд гараад явлаа. Тэр хооронд Ц.Гайтав гуай утас авлаа. Хотын цагдан сэргийлэхийн дарга генерал Отгонжаргал руу залгалаа. Төдөлгүй нэг нөхөр орж ирээд Ц.Гайтав гуайг авч явах болов. Гэтэл мань эр “Би явбал хоёулаа явна” гэж намайг аваад гарч билээ.
МИНИЙ ГОМДОЛ НАДТАЙГАА ДУУСАХ БИЗ ЭЭ
-Туг барьж явсан эр хүн юуны учир хэлмэгдэж шалдаа буув?
-Хэцүү ч цаг үе байж дээ. Монгол хүн монгол хүнээ дээдэлж байх ёстой байранд нь тавих гэж яваад хэлмэгдсэн дээ. Хүн яагаад хэлмэгддэг юм бол гэдгийг олон жил бодлоо. Эцэст нь үнэнчээр ажлаа хийж, бусдын түрүүнд зүтгэж явсан хүн л хэлмэгдэж хохирдог юм байна гэдгийг ойлгосон. Би тухайн үед Улаанбаатар хотын МХЗЭ-ийн хороонд зааварлагчаар ажиллаж байлаа. 1978 онд сэтгүүлч Г.Жамьянгийн “Амиараа аварсан амь” өгүүлэл, “Гавьяа” найруулал, “Улаанбаатарын мэдээ”, “Залуучуудын үнэн” сонинд гарсан юм. Найрууллын гол баатар нь Чихэр боовны үйлдвэрийн ажилчин залуу Содномдорж байсан юм. Тэднийг шөнийн ээлжээс бууж явахад нь Засгийн газрын ордны хойд талд Зөвлөлтийн цэргийн машин автобустай нь мөргөчихөж.
Шатаж буй автобуснаас залуу 22 хүний амийг авраад өөрөө алтан амиа алдаж байсан. Энэ явдлыг баатарлаг явдал гэхгүй яах юм бэ. Г.Жамьянгийн бичсэн материалууд сонин хэвлэлээр гарч тэр үеийн уншигчид хөөрхий залуугийн алдар гавьяаг бахдаж байлаа. Би хувьдаа дотроо түүнийг Түвдэнгийн Борын хэмжээнд тавьж байсан. Жирийн нэгэн ажилчин залуугийн алдрыг мөнхлөхийн тулд нийслэлийн 10 жилийн XXIII дунд сургууль дээр түүний нэрэмжит танхим нээж, алдаршуулъя гэж бодлоо. Сургуулийн захиралтай уулзаж ярилцлага зохион байгуулав. Хөөрхий хүүгээ алдсан ээжийг нь сургууль дээр урьж, хүн ёсоор хандлаа. Сурагчдыг зохион байгуулж гэрт нь очиж түлээ хагалуулж эх хүний сэтгэлийг засах ажил явуулав. Гэтэл нэг л өдөр дээрээс шийдвэр ирлээ. Наад ажлаа зогсоо гэсэн.
Бид ч тэр дор нь ажлаа зогсоов. Тэгсхийгээд бүх зүйл нам жим болов. Албан тушаал дэвшиж Сүхбаатарын районы МХЗЭ-ийн хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажилдаа оров. Ажлаа хийж явтал нэг л өдөр Намын хянан шалгах хороон дээр дуудсан. “Чи XXIII сургууль дээр дугуй ширээний яриа хийлгэсэн үү. Өөр юу хийсэн” хэмээн байцааж гарах нь тэр.
Хэрэг бишидлээ. Монгол Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан хэрэгтэн болов. Хожим миний сонссоноор Өвөрмонголын радиогоор “Зөвлөлтийн ревзонистууд Монголын ард түмнийг машинаар дайрав” гэсэн мэдээ гарч түүнийг нь Филатова сонсоод бөөн хэрэг мандсан гэх юм билээ. Хэн мэдлээ. МХЗЭ-ийн Төв хорооны товчоо хуралдав. “Гавьяа” найруулал нь Монгол Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан явдал гэж үзжээ. Хотын намын хорооны товчоогоор оруулав.
Намаас хатуу донгодоод ажлаас халав. Тэр хурал дээр Намын төв хорооны нарийн бичгийн дарга асан Г.Адъяа ирж Улс төрийн товчооны тогтоолыг танилцуулаад надад “будлианы эзэн” гэсэн хоч өгөхөд танхим нирхийтэл инээлдэж байв. Энэ хурлаар сэтгүүлч Г.Жамьянг намаас нь хөөж, модны үйлдвэрт ажилчнаар, Ж.Дашдондогийг Эвлэлийн төв хорооны автобаазад диспетчерээр явуулж, намайг ажилгүй болгосон.
--Намаасаа донгодуулж, ажлаасаа халагдсан хүнд хүмүүс хэрхэн хандаж байв?
-Ханиас нь өөр хэн ч хүнийг өрөвддөггүй юм билээ. Ажил хайгаад очиход намаас донготой хүнийг авахгүй гэнэ. Ядаж тэр үед эхнэр оюутан, хоёр том маань жил дараалан гарчихсан нялх байлаа. Эхнэрийнхээ оюутны стипендээр амьдарч байв. Зургаан сар ажилгүй явсан. Өвөр түрийдээ орж унтаж байсан нөхөд нүүрээ буруулан өөр гудмаар явдаг болов. Нэг удаа Эвлэлийн төв хорооны хоёрдугаар дарга гэрт ирэв. Та наадмын фона удирдаадах. Таны асуудлыг ярина гэв.
Би ч хийх ёстой ажлаа хийсэн. Тэр хүн усанд хаясан чулуу шиг алга болж билээ. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг үнэн. Би эхнэрээ л их өрөвдөж байсан. Намайг “Ажлаасаа халагдчихлаа хөө” гэхэд нэг уйлчихаад “Хоёр толгой мөрөн дээр байхад болно” гэсэн. Миний хань аргагүй зовлон үзсэн тулдаа тэгж хэлсэн байх. Түүний маань өвөг эцэг, эцэг ч хэлмэгдлийн шуурганд өртсөн юм.
Гэтэл хань нь огт өөр цаг үед хэлмэгдэнэ гэхээр ямар байхав. Зургаан сар ажилгүй явсны эцэст Хотын намын хорооны намын байгуулалтын дарга Я.Гончиг дээр очсон. Хотын үйлдвэрчний эвлэл дээр оч гэлээ. Техник туслалцааны ү й л ч и л г э э н и й автобаа зад Ү й л д -вэрчний эвлэлийн заавар лагчаар ажил луулав.
-Таныг хэрхэн цагаатгав? -1983 онд Ажилчны районы намын хороонд өргө дөл гаргасан. Арай хийж намын шийтгэлээ арилгуулсан. Тэглээ гээд намайг тухайн үеийн төр цагаатгаагүй юм. Харин хаа нэг газар яваад очиход улаан цайм ажилд авахгүй гэж оролдоод байхаа больсон. Бидний хэргийг бүр хожим 1999 онд цагаатгасан юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл би тэр болтол нэр төрөө сэргээлгэлгүй явсан. Цагаатгалын комисоор орж хөөцөлдсөний эцэст СХДийн шүүхээр орж нэр төрөө сэргээлгэсэн дээ. Одоо бодоход монгол хүн хэн нэгнийхээ гавьяаг үнэлж чаддаггүй. Хоёр эх гүрний бодлогын золиос болж явсан хөгийн цаг үе байж дээ.
-Та тэр үед хэлмэгдсэн нөхөдтэйгээ уулздаг уу?
-Хааяа заримтай нь таарна. Энэ хэрэгт 30 гаруй хүн хэлмэгдсэн байдаг юм шүү дээ. Зохиолч Ж . Б а р а м с а й гэхэд л галавлет уншсан гээд холбогдсон байдаг. Г.Жамьян цагтаа цэх сайхан нуруутай залуу явлаа. Түүнтэй огт уулзаж байсангүй. Тэрбээр бидний олон хүн хэлмэгдсэн гэдгийг тэр бүр мэддэггүй байх. Харин зохиолч Ж.Дашдондог уулзахаараа сүйд болно. Ядарч явсан тухайгаа ярьцгаана.
-Та ингэхэд намдаа гомддог уу?
-Гомддог. Тухайн үед бид үйл хэргийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэж явсан. Нэг л өдөр бүх зүйл буруугаараа эргэдэг юм билээ. Гомдсон хүнд нулимс тороод гол зурдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй дээ. Бидний хооронд ийн яриа болов. Тэрбээр 1999 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос цагаатгалын үнэмлэхээ авсан байна. Тэд нэг байранд хөрш амьдарч байсан гэнэ.
Мань эрийг үнэмлэхээ авахаар ороход “Хүүе Цэрэндорж ах. Та бас хэлмэгдэж явсан хэрэг үү” гэж гайхсан гэдэг. Өнөөдөр Цэрэндорж гуай СХД-т амьдардаг. Мань хүн өмч хувьчлагдахад ягаан тасалбараар баазаасаа 22 тэвш техник аваад “Саруул зам” компани байгуулан бужигнуулж явжээ. Басхүү бензиний үнийг нэг жилийн дотор гурав нэмэхэд шатаж явсан удаатай гэнэ. Гэхдээ мань эр жаргаж явна. Дөрвөн хүүхдээ боловсролтой, эр - дэмтэй хүмүүс болгож, хүүхдүүдийн зарим нь эрдэмтэн болжээ. Хүнд зовох нэг өдөр байхад жаргах өдөр ирдэг ажээ.
Б.Нацагдорж