МАСЗХ нэрээ солив. Нэгэн хэмнэлтэй ярсхийсэн алга ташилтын дор Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо болж өөрчл өгдлөө. Үүнтэй адил гэж хэлж болох давтамжтайгаар Г.Занданшатарыг Л.ОюунЭрдэнээр сольж орхив. Хэдийгээр МАХН-д шинэчлэл өрнөж, үзэл баримтлалдаа нээлттэй хандан, залуу үеийнхэн „төр барих” явц өрнөж буй боловч энэ намын ярайтал эгнэж суучихаад ярсхийтэл алгаа ташиж, гараа өргөдөг уламжлалт зуршил энэ удаа ч бас давтагдлаа. Яг ийм байдалтайгаар Н.Энхбаяр М.Энхболдыг залж байсан.
С.Баяр С.Батболдыг тэргүүн эгнээнд татан авчирсан. Харин эдүгээ С.Батболд залуучуудын байгууллагаа Л.Оюун-Эрдэнэ хэмээх төдийлэн олонд танигдаагүй залууд атгууллаа. Ийнхүү МАХН өөрчлөлт шинэчлэлийг хуучин арга барилаар эхлүүлж байх зуур АН-ынхан тэднээс дутахгүй бужигнав. С.Эрдэнийг Ш.Түв дэндоржоор солилоо. Нийслэлийн АН-ыг хөдөлгөөнд оруулсан эл “дэлбэрэлт” энэ намыг бүхэлд нь доргиох янзтай. Тэгэхдээ энэ өөрчлөлт мөн л АН-ын хуучин зуршлыг санагдуулж байна. Хаалга шиддэг, хурал хаядаг, талцан хуваагддаг фракц тойрсон амбиц АН-ын өнөөгийн амьдралыг тодорхойлох болов.

МАХН ЗАДРАЛААС АЙЖ БАЙНА
Нэр, үзэл баримтлалаа солих явцыг хатуу сахилга батын дор өрнүүлэхээр МАХНын удирдлагууд төлөвлөжээ. Ингэхээс ч аргагүй. Нэр солихтой холбоотой задрал, үзэл баримтлалын хуваагдал нээлттэй байгаа. МАН болохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа лидерүүд, социалист ардчилсан үзэлд үнэнч энгийн гишүүд бууриа сахин, голомтоо манаж үлдэхийг эрмэлзэнэ.
Тиймээс ч намаа иймэрхүү хуваагдлаас хамгаалахын тулд, тодруулбал өөрчлөлт шинэчлэлд ам бүл бүтэн, туурга дээвэр бүрэн хөл тавихын төлөө С.Батболд, У.Хүрэлсүх нар хичээх нь мэдээж юм. МАХН-ыг шинэчлэлд хөтөлсөн хэ мээх том тодотгол, 90 жилийн түүхтэй ах намыг задалсан гэх хоржоонтой хочийн хамт тэдэнд ирж болзошгүй.
Үүнийг урьдчилан тооцоолсны үндсэн дээр нэр болон үзэл баримтлалын өөрчлөлтийг богино хугацаанд, сайтар бодож төлөвлөсөн цорын ганц хувилбартайгаар эхлүүлсэн нь энэ. Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын энэхүү гэнэтийн алхмуудын нэг болж, НАМЗХны Ерөнхийлөгчөөр томилогдон, сонгогд лоо. Тодруулж хэлбэл НАМЗХ хэмээх шинэ нэртэй байгууллага МАХН-ын шинэчлэлийн биелэл болж энэ өдрөөс эхлэн түүчээлнэ.
ХАЛ ЦЭРГИЙН ДҮРЭМ АХ НАМД ҮЙЛЧИЛСЭЭР БАЙХ УУ?
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын уламжлалт арга барил, эртнээс тогтсон дэг жаягийн дагуу ахмад үеийн шууд залгамжлагч, нөгөө талаар С.Батболд У.Хүрэлсүх нарын дохио зангаа болох учиртай. С.Батболд, У.Хүрэлсүх нар энэ алхмаараа ах нарынхаа зарчмаас зайлсхийж чадсангүй. Тэд Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр нараас өөр байхыг хүссэнгүй. Магадгүй, ноёрхлоо удаан хугацаанд хадгалж, нэр нөлөөгөө авч үлдэхийг хүсдэг энэ намын үе үеийн дарга нарын “галзуу” бөгөөд хуучинсаг хүсэл МАХН бүрэн шинэчлэгдсэн цагт бүдгэрч болох юм. МАХН-ын үе үеийн удирдлагууд дараагийн даргаа сонгох шударга сонгуулиас айж ирсэн. Жирийн гишүүд нь ч бас ардчилсан сонгуульд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүй.
Үүний тод жишээ нь санал хураах нэрийн дор хэн нэгнийг нэр заан томилдог явдал. Эл зарчим нь өөрчлөлт шинэчлэл энэ намын хувьд хаяанд бус, хаа хол байгааг гэрчилж буй. Ямартай ч МАСЗХ нийслэлд гур ван өдөр хуралдав. Нэрээ солив. Ерөн хийлөгчөө бас солив. С.Батболдын санал болгосон Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн алга ташилтаар Ерөнхийлөгч болгон зарлалаа. Энэ байгууллагаар дамжсан У.Хүрэлсүх, Н.Энхболд, Я.Сод баатар, Д.Зоригт нар өнөөдөр МАХН-д жин дарах болсон.
Л.Оюун-Эрдэнэ ч бас ах нарынхаа нөмөрт тушаал дэвшлээ. Иймэрхүү байдлаар МАХН-д хал цэргийн дүрэм үйлчилсээр байх юм бол нөлөөнөөс нөлөөний хооронд Монголын хамгийн ууган нам хэдий болтол, магадгүй хэдэн аравнаар оршин тогтнохыг хэлэхэд хэцүү. Энэ нь том утгаараа Монголын улс төрийн төлөвшил, хөгжлийг тодорхойлох нэг хэмжүүр юм.
Н.АЛТАНХУЯГИЙН ЗӨӨЛӨН ТОГЛОЛТ БА Х.БАТТУЛГА
АН-ын Н.Алтанхуяг хоёр жилийн турш хамгийн нийтэч, хамгийн эвсэг дарга байв. Учир нь тэрбээр хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд. Сонгууль ойртох тусам түүний зөөлөн тоглолт АН-ыг „бүүвэйлэх” болсон. АЭХгоо Б.Дэлгэрмаагаас салгаж, нийслэлийн АН-ыг С.Эрдэнээс тусгаарлах түүний алхмууд амжилттай болсон гэж хэлж болно. Хэнтэй ч, хэдийд ч зохицон ажиллаж чаддаг Н.Алтанхуяг намаа өөрийн гарт бүрэн төвлөрүүлэхийг эрмэлзэж байна. Түүний энэ зорилгод хамгийн ихээр саад болсон байгууллага бол С.Эрдэнэ, З.Энхболд нарын АХХ. Анхнаасаа л АН-ын дотоод амьдралд фракц төдий бус, намын байр суурь эзлэх болсон АХХ ардчилсан үзлийн илэрхийлэл гэхээсээ илүү тус намыг хоёр хуваасан зааг болоод байв.
Үнэн хэрэгтээ АН гэсэн нэгэн дээврийн дор Н.Алтанхуяг, Х.Баттулга тэргүүтэй нэг нам, С.Эрдэнэ, З.Энхболд нараар ахлуулсан удаах нам багтсаар удлаа. Үүнийг илчлэн Э.Бат-Үүл С.Эрдэнийг МАХН-д үйлчилж буй урвагч хэмээн цоллосныг бид мэднэ. Нийслэлийн АН-ыг урвагчаас цэвэрлэх ажиллагаа өрнөж, зорьсондоо хүрлээ.
Өөрөөр хэлбэл АН-ын удирдлагууд эл үйлдлээрээ АХХ-ныхонд том сануулга өглөө. АН-ын нэрээр улс төрийн бизнес хийж, ардчиллын далбаан дор АХХ-гоо өндийлгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ийнхүү илэрхийлэв. Өөр өнцгөөс харвал АН-д өрнөж буй эрх мэдлийн тулаанд Н.Алтанхуяг, Х.Баттулга нар амжилттай ялалт байгуулсаар байгааг С.Эрдэнийн огцролт нотлов. МоАХ, „Алтан гадас”, фракцууд зөвхөн төрийн төвшинд бус, намын амьдралд ч гар гараасаа хөтлөлцөх болсны илрэл энэ юм.
АН “БИЕЭ ЗАСАВ”
С.Эрдэнийг Н.Энхбаярын хүн болсон хэмээн АН-ын нөхөд эртнээс хардах болсон. Монголын улс төрд үргэлж зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хоригдоод гарахдаа нам дотор нам байгуулах үйл ажиллагаагаа төлөвлөсөн гэж үздэг хэсэг бий. АН-ын хүчийг сулруулах, УИХ-ын сонгуулийн өмнө хагаралдуулан туйлдуулахыг С.Эрдэнэд тус намын лидерүүд зөвшөөрсөнгүй. Ийм тохиолдолд Х.Баттулгын хүн нийслэлийн АН-ыг ахлах болсон явдлыг гайхах хэрэггүй юм.
Эдүгээ АН-д фракцын зөрчил, тэмцэл гаарч буй мэт харагдаж байгаа боловч харин ч байдал нэг үеэ бодоход цэгцэрч, нэг талдаа багтсаныг гэрчлэх үйл явдлууд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, АН 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө биеэ бэлдэж буй нь энэ. Хамтарсан Засгийн газарт багтаж ажилласан нь АН-ын хэт ардчилсан нөхдийг тодорхой хязгаар, хэм хэмжээнд барьсан. Ингэснээрээ нам доторх үйл явц, фракцуудын хуваагдал ч бас зүг чигээ олж цэгцэрсэн. Хэн нь хэнийг түшиж, хэрхэн урагшлахаа мэддэг болсон.
Бас намба сууж, нас ахисан. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө илүү ачаа, тээртэй асуудлуудаасаа салах нь олонх болсон ч, цөөнхийн байр сууринд үлдсэн ч, магадгүй дахин хамтарсан ч хамгийн боломжит хувилбар билээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРС ӨСӨЛТИЙН ҮЕИЙН ШИНЭ ХУВААРИЛАЛТ
Хамтарсан Засгийн газрын үед бүтээсэн бүхнийг 2012 оноос хойш хэрхэн шинээр хуваарилах вэ гэсэн ээлжит тэмцэл МАХН, АН-ын аль алинд өрнөж байна. Шуудхан хэлэхэд 2012 оноос хойш орж ирэх баялаг, эдийн засгийн өсөлт Монголын улс төрийг өнөөдрийн төвшинд тодорхойлж эхэлсний гэрч нь эл хоёр намд өрнөж буй үйл явдлууд юм. Тийм ч учраас эдийн засгийн эрс өсөлтийн үеийн Монголын төрийг удирдах эрхийн төлөө МАХН шинэчлэл ярьж, АН биеэ засаж эхэллээ.
Үүний үр дүнд Г.Занданшатарыг Л.Оюун-Эрдэнээр, С.Эрдэнийг Ш.Түвдэндоржоор солив. МАХН социалист ардчилсан үзлийг үндэсний ардчилсан үзлээр солихоор тэмүүлж буй бол АН фракц хоорондын хагарлаа үзэл бодлын ялгарлаар сольж, дотоод зөрчлөө цэгцлэхийг эрмэлзэж байна. 2012 он хүртэл үргэлжлэх эрх баригч намуудын энэхүү ээлжит хөдөлгөөн нэг уулзварт огтлолцож ч мэдэх юм.
Иймэрхүү хөдөлгөөн, шинэчлэл нэртэй үзэгдэл улс төрд байсан. Цаашдаа ч байх болно. Юутай ч МАХН-ын залуус алгаа ташиж, АН-ын ах нар хаалга шиддэг хэвээрээ аж. Хамтарсан Засгийн газрын нөмөр болоод сүүдэрт нуугдаж байсан улс төрийн намуудын араншин ахин “амьсгалж” эхэллээ.