МАХН шинэчлэгдэх гэнэ. Ер нь ч өнгөрсөн зууны 1990-ээд оноос шинэчлэгдэж буй. Харин энэ удаагийнх нь бэлгэдлийн чанартай юу, үгүй юү гэдгийг одоогоор хэлэхэд эрт. Ямартай ч ирэх онд 90 настайгаа золгохдоо тэд шинэхэн, залуухан байхыг эрмэлзэж буй юм.
Улс төрийн аливаа албанд залуусаа түлхүү томилж, шинэ үедээ боломж олгох уужуу ухаан ахмадуудаас нь гарч эхэлсэн нь олзуурхууштай. МАХН Монголын ууган улс төрийн хүчин, бас хамгийн олон гишүүнтэй нь. Одоогийн байдлаар уг нам 160 гаруй мянган гишүүнтэй аж. Өөрөөр хэлбэл, манай улсын насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь эднийд данстай гэсэн үг. Гишүүдийнх нь дундаж нас 41, шинээр элсэгчдийн хувьд 34 нас юм байна.
МАХН ЗАЛУУСЫГ “ШОХООРХОХ” БОЛОВ
1990-ээд оны ардчилсан хувьсгалын үеэр “улс төрийн амьд эд эсийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан” хэмээн МАХН өөрийгөө тодорхойлсон байх юм. 70 жил мөрдсөн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчмаа гэнэт л эд эсийн түвшинд нь хүргэн өөрчилчихсөн хэрэг арай биш байх. Харин МАХНыг ядаж хэлбэрээ, арга барилаа өөрчлөх ёстойг ардчилсан хувьсгал сэнхрүүлсэн биз. Тэр үеэс ярьсан шинэч лэл, өөрчлөлтийн өнгө аяс тус намын 26 дахь дарга С.Батболдын үед эрчимжин, эхнээсээ хэрэгжиж байгаа юм.
Тэдний эд эс нь боловсон хүчин, гишүүд. Шинэчлэгдэхийн тулд залуу цус хэрэгтэй. Тиймээс МАХН залуусыг “шохоорхох” болов. 2009 оны есдүгээр сарын 15-наас (энэ нь олон улсын ардчиллын өдөр) тэд “Нийгмийн ардчилал” аяныг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний шатанд МАХН орон нутагт түлхүү анхаарч, тэр дундаа сурагчид, оюутан, залуусыг “онилжээ”.
“Нийгмийн ардчилал” аяны хүрээнд орон нутагт л гэхэд 4000 хүнийг хамарсан 20 орчим төрлийн арга хэмжээ зохион байгуулсан гэнэ. Хэлэлцүүлэг, урлаг, спортын арга хэмжээ гээд заавал уйтгартай улс төрөөр “бөмбөгдөлгүй” сонирхолтой арга хэлбэрээр ажиллажээ. Залуусын шинэ, сонин санаа, эрч хүчээр МАХН өөрчлөгдөхийг эрмэлзэв. Яг одоо өрнөж буй “Ард түмнээ сонсох аян” бол үүний хоёрдугаар шат. Уг аяныхаа зорилгыг намын вэб хуудсандаа “Нам ба ард иргэдийн харилцан ойлголцлыг дээд зэргээр сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгох, намын талаарх эерэг имиж, бодол санааг нийгэмд ул суурьтайгаар төлөвшүүлж, баталгаажуулах” хэмээн тодорхойлжээ.
90 жилийн өмнөх нэрээ сэргээн МАН болж, зүүний социалист үзэл баримтлалаа үндэсний ардчилсан болгон өөрчлөхөөр завдаж буй МАХН залуу үед хандсан олон ажил өрнүүлж байна. Мэдээж намдаа шинэ цус сэлбэж, залгамж халаагаа багаас нь бүрдүүлэх, оюуныг нь өөрийн зарчмаар “услах” алсын бодлого үүний ард харагдана. АНын зарим гишүүн үүнд нь бүр атаархаж, өөрийнхөө намыг шүүмжилж сууна билээ.
“МАХН залуустаа хандсан гоё гоё юм хийгээд байдаг. Гэтэл манай намын эрх бүхий хүмүүс таг чиг” хэмээн нэгэн гишүүн шогшров. “Эсрэг” намынхан нь атаархаад буйг бодоход залууст хандсан МАХН-ын бодлого өгөөжтэй байгаа бололтой.
НАМЗХ БА УЛС ТӨРД ОРОХ ВИЗ
Ажиглаад байхад АН, ИЗН, Эх орон гэх мэт намаас гарч өөр хоорондоо элсэх, нэгдэх үзэгдэл байснаас МАХН-аас гараад өөр намд орсон тохиолдол алга. Энэ намд элссэн л бол тууштай зүтгэхээс өөр аргагүй бололтой. Нэг талаараа энэ нь тэдний зохион байгуулалтын давуу талыг харуулна. МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн өргөтгөсөн хурлаар дарга С.Батболдын “Шинэчлэлманлайлал- хөгжил” илтгэлийг сонсож хэлэлцээд “Тунхаг бичиг” гаргасныг уншигчид санаж байгаа.
Энэхүү тунхагийн дөрөвт “Намын нэрээр сонгогдож, томилогдсон бүх шатны боловсон хүчний сахилга, хариуцлагыг чангатгаж, “тэнцэнэ” гэдэг нэг л шалгуурыг урьтал болгож, үр дүнг зөвхөн хийсэн бодит, бүтээлч ажлаар хэмжиж дүгнэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ. МАХН-ын “чанга гар”-ын нэг илэрхийлэл нь энэ. Ерөнхийдөө МАХН-ыг сонгосон залуусыг уламжлалт гэмээр шат дамж лага хүлээж байдаг.
Шинэчлэл, өөрчлөлтийг түрүүлэн гүйцэтгэсэн Нийгмийн ардчилал-Монголын залуу чуудын холбоо бол тэдний улс төрийн ертөнцөд хөл тавих хаалга. Уг холбоог тэргүүлсэн залуус тэр ертөнцөд хэрхэн дээш өгсдөгийг түүх гэрчилнэ. Тэд МАХН-д элсэж, НАМЗХ-ны гишүүн болно, дараа нь даргын суудалд хүрнэ. Тэгснээр улс төрд гэгээн ирээдүйг бүтээх “виз” дарууллаа гэсэн үг.
Холбооны анхны дарга байсан У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, сайд байсан, одоо намынхаа генсек болчихоод байна. Энэ холбоог тэргүүлж, түүгээр дамжсан Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж бүгд л төрд тодорхой эрх мэдэл бүхий алба хашиж үзсэн, одоо ч УИХ-ын гишүүн байна. Залуусыг МАХН-ын чин үнэнч гишүүн болгон бэлтгэх “зөв” бодлого явуулж, “соёлтой маргаан”-аа тогоон дотроо хадгалж чаддаг нь энэ намын том давуу тал.
Б.Баабар “Сонгууль дөхөхөөр АН хагаралдаж, МАХН улам бөөгнөрдөг” хэмээн бичсэн нь бий. Саяхан болсон их хурлаараа МАСЗХ гэдэг байгууллага НАМЗХ болон нэрээ сольж, үзэл баримтлалаа өөрчилсөн. Ах нарынхаа гаргасан жимээр дээш алхах “виз”-ийг энэ хурлаар МАХН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.ОюунЭрдэнэ хэмээх 30 настай залууд дарж өгөв.
Хувь хүнийхээ хувьд тэр шинэлэг, өөр үзэл бодолтой, шинэ уур амьсгал бүрдүүлж чадна хэмээн зарим хүн дүгнэсэн. МАХН-ын ирээдүйг бий болгох шинэ үе сурагчийн ширээний ард бойжиж, одоог өөрчлөх залуус нь шинэчлэлийн салхиар амьсгалж байна.