Мэдрэмж гэдэг оймс, алчуурын донжийг олох төдийгөөр хязгаарлагдах чанар биш. Улс төрд ч гэсэн мэдрэмж, тооцоо хоёр нөхцөлдөж байж амжилтад хүрдгийг лидер судлаачид онолддог. Лидер мэдрэмжтэй, түүний менежерүүд нарийн судалгаатай бол олон нийтийг араасаа дагуулна. Монголын улс төрд мэдрэмжгүй тоглолтууд ажиглагдсаар л байна. Энэ тухайд хамгийн сүүлчийн парадокс нь МАХН хийгээд гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын харилцаа боллоо. Ертөнцийн үзэгдэл, юмсын утга чанарыг гурваар эрэмбэлэн шадалдаг гэхчлэн монголчууд гурвын тооны бэлгэдэлтэй. Ард түмний сэтгэлгээний онцлогт нийцүүлэн “Ерөнхийлөгч асан” тодотголыг залруулан “гурав дахь Ерөнхийлөгч” хэмээн хэлж, бичиж заншуулж байгаа нь Н.Энхбаяр өөрөө түүх, соёлын мэдрэмжтэйнх биз.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж, түүхэнд нэрээ үлдээсэн нь түүний амжилт бөлгөө. “Гурав дахь Ерөнхийлөгч гэж ташаарав” хэмээн Н.Энхбаярыг хэн ч шоолсонгүй, харин ч “гурав дахь” байсныг нь онцлон бэлгэшээх хандлага байж болох билээ. Н.Энхбаяр их улс төрийн тогоонд сүүлийн 20 жил идэвхтэй буцалсан тухайгаа манай улсын хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг нь хашиж үзсэнээрээ тайлбарладаг. Түүний амжилтыг эвдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудлыг ээлж дараалан сандайлсан лидер Монголын улс төрд хараахан төрөөгүй л байна.
“Одоо надад албан тушаал хэрэггүй. Би дарга болох гээгүй” гэж ердөө хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан Н.Энхбаяр өөрийн санаачилгаар зохион байгуулсан “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” хөдөлгөөнийхөө дарга болов. “Маарамбад биеэ үзүүлэх гэсийм биш ээ, тэргийг нь л гуйх гэсэн юм хуна” гэж “Сэрэлт”-ийн хэрсүү сестра Бумаа улайж суудаг сан. Түүн лүгээ учир шалтгаан тоочивч Н.Энхбаяр дарга болох гэсэн нь эхнээсээ ойлгомжтой байна.
Н.Энхбаяр улс төрийн, олон нийттэй харилцах туршлага хангалттай хуримтлуулсан гэдэгт эргэлзэхгүй. Гэвч түүний туршлага улс төрийн зах зээлд олигтой борлож өгөхгүй байгаа нь бодит байдал болжээ. Н.Энхбаяр бодит байдлыг мэдрэхгүй байгаа нь л өөрөө бодит байдлын үндэс юм. Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Н.Энхбаяр ялагдах нь тодорхой байлаа.
Ц.Элбэгдорж мундагтаа биш, АН-аас хэн ч өрсөлдсөн тэр сонгуульд “авлигын загалмайлсан эцэг” гэж цоллуулсан Н.Энхбаярыг ялах байсан. Монголчуудын олонх ядуу, төрөөс тэрбумтнууд төрж байгаа нь өөрөө МАХН-ыг чиглэсэн гол шүүмжлэл болсоор байгаа юм.
Энэ үед “авлигын эцэг” гэж цоллуулсан хэнбугай ч өндөрлөгөөс буух л байсан. Харин үүнийг Н.Энхбаяр мэдрээгүйгээс өнөөгийн төө рөгдөл үргэлжилж буй. Мэдрэмжгүй, тооцоо судалгааг үй, зүгээр л “гол баатар” байх хүсэл зоригоор босоод өнөөгийн улс төрд өндийхгүй гэдгийг иргэний хөдөлгөөнийхөн харуулсан. Ялангуяа өөрөө энэ намын дарга байсан, намаасаа хамгийн супер томилгоонуудыг авч, өгч сурсан хүн МАХН-ын бузар булайг уудалж хувьдаа улс төрийн хожоо унагана гэвэл бүр үлгэрийн далай.
Харин ч Н.Энхбаяр МАХН дахь өөрийнх өө үеийг мөрөөсч, өөрчлөгдөн шинэчлэгдэх алхамд нь саад болж байгаа мэт харагдав. Н.Энхбаяр Төрийн тэргүүний албаа өгөөд амсхийж суусангүй. Төрийн тэргүүнүүд халаагаа өгөөд түүн шиг сандарсан нь үгүй. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хөдөлгөөн бай гуулж байгаа, улмаар нам байгуулж ч мэдэх улс төрийн идэвхийлэл олон нийтийн хувьд шинэ үзэгдэл болж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хэдий ч хүмүүс өөрийг нь өнөө хэр хувь хүнийх нь дүрээр харж дасаагүй, “эв нэгдлийн бэлгэдэл” хэмээх Үндсэн хуулийн заалт дахь мөн чанараар нь хүлээж авахыг хүсээд байгааг Н.Энхбаяр зайлшгүй мэдрэх ёстой.
МАХН-ын зүгээс Н.Энхбаярын эсрэг төлбөртэй нэвтрүүлэг бэлтгэн телевизүүдээр цацаж байгаа нь харин иргэдийн дунд Н.Энхбаярыг Монгол Улсын Төрийн тэргүүн байсных нь хувьд өмгөөлөх сэтгэгдэл төрүүлж мэдэх юм. Монголчуудын төрт ёсны уламжлал, иргэдийн төрөө дээдлэх ухамсар чинаддаа хэчнээн хатууг 90 жилийн түүхтэй МАХН ч, Төрийн тэргүүний эрх ямбыг эдэлж суусан Н.Энхбаяр нь ч мэдэрч, эх орон нэгтнүүдээ хүндэлбэл зохилтой.
Б.Энхцэцэг