“Өнөөдөр” сонины энэ удаагийн зочноор Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам уригдлаа. Төрийн алба түвшин байвал түмэн олон амгалан гэдэг. Үнэхээр аль ч орны хөгжил цэцэглэлт тухайн улс гүрний төрийн албаны үйл ажиллагаанаас шууд шалтгаалдаг. Монгол Улсын хувьд 1994 онд Төрийн албаны тухай хуультай болсноос хойш арав гаруй жил өнгөрчээ.
1995 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн, харьцангуй шинэ тулгар хэдий ч төрийн албаны үйл ажиллагааг шударга, шуурхай, улстөрийн нөлөөллөөс ангид байлгах үүднээс Төрийн албаны зөвлөл багагүй чармайлт гаргаж, үр дүнд хүрч байгаа нь анзаарагддаг. Төрийн албаны хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийн бодлогын талаар ноён Д.Зүмбэрэллхамтай ийн ярилцсан бөлгөө.
-Төрийн албаны нэр хүнд, албан хаагчдын чадвар ямар түвшинд байгаа вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Татгалзах юу байхав. Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн эрхзүйн үндэс нь 1992 онд тавигдаж, 1994 онд Төрийн албаны тухай хуультай болсонтой зэрэгцэж төрсөн байгууллага маань 1995 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 15 жил болж байна. Төрийн алба тасралтгүй үргэлжлэх залгамж чанартай шүү дээ. Энэ 15 жилийн хугацаанд төрийн албаны шинэ төрхийг бий болгох гэж зүтгэсэн ТАЗ-ийн үе үеийн удирдлага, хамт олонд хувиасаа гүнээ талархаж явдаг. ТАЗ хэмээх байгуул лага төлөвшихөд оруулсан хувь нэмэр нь үнэ цэнэтэйг хэн ч үгүйсгэхгүй байх аа. Төрийн алба нэр хүндтэй байх эсэх олон зүйлээс шалтгаалдаг.
Тухайлбал албан хаагчдын сонгон шалгаруулалтын систем шударга байна уу, үгүй юү гэдэг хамгаас чухал. Тиймээс төрийн албаны хүний нөөцийн сонгон шалгаруулалтын тусгай журамтай боллоо. Бага багаар ахиц гараад л байна. Ажилтны ур чадвар төрийн албаны үйлчилгээний шинж чанартай шууд холбоотой. Ер нь төрийн албаны бүтэц тогтолцоо улстөрөөс их хамаардаг. Нэг хэсэг Засгийн газрын тухай хуулиар төрийн албаны тогтолцоог шийддэг байсан шүү дээ. Засгийн газар солигдох бүрт яам агентлагийн тоо нэмэгдэж, хасагдаад улс төрийн аяс даган төрийн албаны өнгө өөрчлөгдөж ирснийг нуух юм алга.
-Энэ байдал одоо ч хэвээрээ байгаа юм биш үү.
Төрийн алба шударга, улстөрийн нөлөөнөөс ангид байж үйл ажиллагаа нь цэвэр тунгалаг болно биз дээ. -Өөрийн чинь хэлдэг зөв л дөө. Төрийн алба шударга байна гэдэг маш чухал. Гэхдээ улстөрөөс ангид байна гэдэг харьцангуй ойлголт юм. Төрийн алба улстөрийн бодлогыг л хэрэгжүүлдэг шүү дээ. Зүйрлэвэл хүн өмсөх дээлээ захиалдаг шиг. Захыг нь Доржоор, товч шилбийг нь Дулмаагаар хийлгэе гэдэггүй биз дээ. Нэг оёдолчинд даатгадаг. Харин тэр оёдолчин хэнтэйгээ хамтрах эсэх гол биш захиалсан дээлийг л хийсэн байх учиртай. Түүн шиг улстөрийн алба бодлогоо боловсруулна, бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхээ ТАЗ мэднэ.
Өнөөдөр төрийн албаны хамгийн өндөр албан тушаал болох Төрийн нарийн бичгийн дарга, түүнээс дооших төрийн албаны бүх албан тушаалтан, улстөрийн томилгоогоор бус сонгон шалгаруулалтын ном журмынхаа дагуу байх ёстой. Улстөрийн нөлөө төрийн албаны томилгоон дээр л байнга гарч ирдэг. Энэ нөлөөллийг үгүйсгэдэг Мэритийн зарчим гэж байна. Бид энэ зарчмыг Монголын төрийн албанд хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.
Харамсалтай нь томилгоонд нөлөөлөх явдал байсаар. Гэхдээ дарамт харьцангуй бага боллоо. Тийм нэг санал маягийн хүсэлт бодлого боловсруулагчдын зүгээс ирдэг. Цаашдаа тэгээд улам багасч, Мэрит зарчимд суралцаж хэвшинэ гэдэгт би хувьдаа итгэдэг. 2008 оны сонгуулийн дараа буюу 2009 оны эхэнд Засгийн газраас ихэнхи яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг болон агентлагийн удирдлагуудыг сольё гэсэн захиалга ирүүлж байсан. ТАЗ-өөс харин ингэж солих Хууль зүйн үндэслэл алга гэсэн дүгнэлт гаргасныг Засгийн газар хүлээн авч томилгоонд айхтар нөлөөлөөгүй юм. Ер нь хаана хаанаа л суралцаж явна.
-Ерөнхий сайд С.Батболд Төрийн албаны шинэчлэлийг гол бодлогынхоо нэгээр зарласан явдлыг улстөрийн нөлөөллөөс төрийн албыг ангид байлгахыг хүлээн зөвшөөрч байгаа эерэг алхам гэж ойлгох нь зөв үү?
-Засгийн газрын тэргүүн ТАЗ-ийн шинэтгэлийг түргэтгэх талаар хэлсэн үг нь цагаа олсон чухал арга хэмжээ боллоо. Маш сайхан хөрс бий болж байна. ТАЗ-өөс гаргасан шийдвэрийг Засгийн газар эсэргүүцээд, буруу гээд байдаг юм алга боллоо. Төрийн албыг сайжруулахын тулд хоёр талаас ингэж хамтран зорьвол ойрын үед үр дүн нь харагдана. Харин Татварын Ерөнхий газар, ИНЕГ-ын дарга нарын томилгооны хувьд ТАЗ-ийн гаргасан дүгнэлтэд Засгийн газар хариу өгөөгүй явдал бол бий.
-Төрийн албаны ажилтны сонгон шалгаруулалтын тухайд шүүмжлэл, гомдол ер тасардаггүй байсан явдал сүүлийн жилд гайгүй болсон шиг санагддаг.
-Энэ албыг би 2009 оны нэгдүгээр сард хүлээж авахдаа төрийн албаны шинэчлэлийг сааруулахгүй авч явахыг гол зорилгоо болгосон. Сонгон шалгаруулалтын тухайд алдаа, шударга бус байдал байсаан. Субъектив нөлөөллөөс сонгон шалгаруулалтыг чөлөөлөх бодлогын хүрээнд тестийг компьютерт оруулж, автоматаар сэлгээ хийдэг аргыг нэвтрүүллээ. Энэ маань үр дүнтэй болох нь харагдлаа.
Та анзаарсан байх. Шалгалтын дараа гомдол гарахаа больж байна. Хүмүүс сонгон шалгаруулалт шударга болдог болсныг хүлээн зөвшөөрдөг боллоо. Нөгөө талаар I байранд орсон хүмүү сийг шууд томилуулдаг болголоо. Жишээ нь 2009 оны сонгон шалгаруулалтад тэргүүн байранд орсон бүх хүн албандаа томилогдсон. Яахав өөрсдийн саналаар албан тушаалдаа очихгүй гээд үлдсэн хүмүүсийн оронд хэдэн томилгоо үлдсэн байгаа.
Өөрөөр хэлбэл хэн нэгэнд өр төлөх байдлаар, ар өврийн хаалга хэрэглэн төрийн албанд томилгоо хийдэг явдал зогсож байна. Яахав өргөс авч байгаа шиг бүхнийг нэгэн зэрэг өөрчлөх хэцүү шүү дээ. Төрийн албанд тэрний, энэний хүн хэмээн талцах явдал газар авсан байсан. Одоо ийм нөхдүүдэд төрийн албаны үүд хаалттай болсон. Сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоод явна. Хийх ажил зөндөө байна даа.
-Төрийн албаны тухай хуулийг зөрчихгүйн тулд “өөрийнх нь хүсэлтээр” гэдэг аргаар шахалт үзүүлж хэн нэгэн эрх мэдэлтэн томилгоонд оролцдог болсон юм биш байгаа.
-Тэр болгоныг ТАЗ мэдэхгүй. Хүсэлтээрээ төрийн албанаас чөлөөлөгдөх санал тавьж болно. Хамгийн гол нь гомдол гарвал бид шалгадаг. Төрийн албанаас халагдсан талаар гомдол мэдүүлсэн хүмүүсийн 80 хувьд нь ажилд нь эгүүлэн авах шийдвэрийг ТАЗ-өөс гаргасан байдаг юм. Хэд хэдэн сайд, аймгийн Засаг дарга нарын төрийн албан хаагчийг ажлаас нь халсан шийдвэрийг хүчингүй болгосон.
Хуулинд заасан үндэслэлгүйгээр хүнийг халж, сольж болохгүй нь, хамгаалах алба бас байдаг юм байна гэдгийг мэдрүүлсэн. Үндэслэлгүйгээр хүнийг ажлаас нь хална гэдэг бол хэлмэгдүүлэлт. Би зориуд онцлон хэлж байна. Үүний цаана хүний бүхэл бүтэн амьдрал хохирч байдаг. “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” тухай бид ярьдаг. Энэ бол чулууны ч тухай юм биш.
ТАЗийн үйл ажиллагааны нэг шинэчлэл нь хүсэлтээрээ ажлаас гарч байгаа хүмүүст улстөрийн нөлөө шахалт дарамт байв уу гэдгийг хянах, шалгах, ажлаас гарч буй шалтгааныг нь судалдаг чиглэл рүү ханддаг зарчим байх болно. 2011 оноос энэ зарчимд шилжинэ.
ТАЗ ажлаа УИХ-д тайлагнахдаа энэ үзүүлэлтийг гол болгоно гэж бодож байгаа. Канадын Төрийн албаны комисс нь парламентдаа ажлаа яг энэ зарчмаар төрийн албаны бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт гарав, энэ бүхэн хуульд нийцсэн байв уу гэдгийг тайлагнадаг.
Нэг үгээр хэлбэл төрийн албыг улстөрөөс ангид байхад нь манаа болоод зогсдог юм байна. Гэхдээ ТАЗийг Засгийн газрын алдаа дутагдлын эсрэг ажилладаг байгууллага гэж ойлгох буруу юм. Тийм байгууллага биш. Засгийн газарт төрийн албаны стандартыг бий болгоход, засаглалыг сайжруулахад тусладаг байгууллага.
-Төрийн алба урагшгүй байдгийн гол шалтгаан нь хэн нэгэн дарга томилогдох бүрийд албан хаагчид намайг яах бол, хэзээ солих бол гэсэн айдастай байдагтай холбоотой гэж боддог. Энэ айдас хэзээ арилах бол?
-Таны хэлдэг үнэн. Одоо ч ийм айдас бий. Айдас байгаа явдал төрийн албаны томилгоонд хэлмэгдүүлэлт байгаагийн нотолгоо. Ийм ч учраас олон маргааныг шийдвэрлэж, маш завгүй ажиллаж байна даа. Ажлаас халагдсан хүн зарга хийгээд явдаг болсныг бид их зөв хандлага гэж үзэж байгаа.
Төрийн албан хаагчид их зоригтой болж байна. Төрийн албаны хууль байна. ТАЗ гэж байна. Цаашлаад шүүх, шударга ёс байгаа гэдэг итгэл үнэмшилтэй болж байгаад би үнэхээр олзуурхаж явдаг. Шударга бус томилгооны шуурганд доройгоор өртөөд, хохироод явдаг байдал үгүй болж байна.
Энэ бол 1990 он биш шүү дээ. Парламентын тогтолцоо, ардчилалд шилжээд 20 жил боллоо. Шилжилтийн үе дуусч байна. Төрийн албаны хувьд ч тэр, одоо ном ёсоороо хөгжих цаг болж. Бид их мөнгөтэй болно гэж ярьж байна. Мэдээж сайн хэрэг. Гэтэл төрийн алба цэгцрээгүй, сайн засаглал тогтоогүй тохиолдолд бид хөгжлийн тухай ярих утгагүй. Монгол Улсын ирээдүй уг нь тун гэрэлтэй төсөөлөгддөг.
-Та сая Канадад айлчлан тус улсын Төрийн албаны комисстой хамтран ажиллах меморандум байгуулсан. Тэдний ТАК-ийн үйл ажиллагааг ТАЗ хуулбарлах юм байна гэж би хувьдаа ойлгосон?
-Канадын ТАК бүтэц, чиг үүрэг зорилгын хувьд манайхтай ойролцоо юм байна. Өнөөдөр Мэрит зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс Канад. Бид загвар болгох зорилгоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тэдний төрийн албаны сонгон шалгаруулалт, зэрэг дэв олгох, маргааныг хянан хэлэлцэх зарчмыг сонирхож, манайд хэрэгжүүлэх зүйл юу байна вэ гэдгийг харьцуулан судлах зорилгоор ТАК-ийн Ерөнхийлөгчтэй нь ярьж тохирсон зүйл олон бий.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн олон улсын сүлжээний хурал Ирландад болоход нь оролцлоо. Төрийн албаны шинэчлэл хаашаа явж байна вэ? гэдэг чиг хандлагыг судлахад их ач холбогдолтой хурал болсон. Олон улсын ийм хурлыг Монголд хийх боломж байна уу гэж бодож байгаа. Эцэст нь дахин хэлэхэд төрийн албаны аль ч шатны удирдлагад хэлмэгдүүлэгч байж болохгүй.
Ш.Алтай