20 жилийн ойн босгоо давж эрийн цээнд хүрснээ улс орон даяар зарлаад буй Монголын ардчилал шинэ гарааны зурхай дээр иржээ. Сүүлийн 10 гаруй жил ардчиллыг өөр өөрийнхөөрөө өмчлөн, үйл ажиллагаагаар ил далд өрсөлдсөөр ирсэн МАХН, АН-ын аль нь өнөөдөр жинхэнэ утгаараа ардчилагдаж чадав. АН “ардчилсан” нэрээр овоглосноороо ардчилагдсан нам байж, МАХН “хувьсалт” нэртэйгээрээ коммунист нам хэвээрээ үүрд үлдэхгүйг эдүгээ өрнөж буй үйл явдлууд батлан харуулж эхэллээ.
МАХН 80 гаруй жилийн турш овоглосон хувьсгалт нэрээ гээж, МАН болно. Нэрээ сольсон шигээ бодлого чиглэл, үйл ажиллагаагаа ардын төлөө шинэчлэн чиглүүлэхээ зарлаж байна. Харин АН ардчилсан нэрэндээ бардамнасаар албан тушаал, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо өрсөлдсөн “амбицтай нам” болон хувирчээ.
Тэртээ хэдэн жилийн өмнө нам, төрийг хослон барьж асан МАХН-ын дарга нарыг жирийн түмнийхээ дуу хоолойг сонсож, тусгай хангамж, эрх ямбаасаа татгалзан, ардчилсан сонгуулиар аливааг шийдэхийг тэр үеийн ардчиллын залуус шаарддаг байсан. Гэтэл одоо эрх мэдэл, албан тушаалын амт АН-ын “залуус”- ыг тэр үеийн МАХН-ын дарга нарын байр сууринд аваачжээ. 1990 онд ийм шаардлагыг тавьж байсан залуус өнөөдөр 40-50 насыг хол давсан. Намдаа төдийгүй улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон лидерийг төрүүлсэн.
Тухайн цаг үед бие биенийхээ дэм хүчээр ардчиллын төлөө хамтдаа тэмцэж байсан тэд өнөөдөр өөр хоорондоо хагарч бутарч, эрх мэдлийн төлөө хов ярьж, хор найруулж ирсэн нь АН-ын ирээдүй байсан гэж үү. Тэд ардчиллынхаа бодит зарчмаас 10 алхам ухран, 2000 оны эмгэнэлт түүхийнхээ давтамж дээр ирснээ мэдэж байгаа юм болов уу. АН хэзээ хагарна тэр цагт Монголын ардчилал төдий хэмжээгээр хойшилдог сургамж бий.
Өөрөөр хэлбэл АН хагарч, бутарсан цаг үе бүхэндээ МАХН-д олж авсан бүхнээ алдаж, бусад улс төрийн намуудад орон зай гарган өгч байсан түүхтэй. 2000-2008 онд энэ намаас ИЗН, ҮШН-ууд өрх тусгаарлан салж, ганц хүний гэгддэг Ард түмний намд парламент дахь сөрөг хүчнийхээ байр суурийг алдсан. Эдүгээ АН-аас өрх тусгаарласан улс төрийн хүчнүүд хэдийнэ орон зайгаа эзэлсэн.
Харин АН энэ удаа амбицад бурантаглуулсан хэсэг бүлгийнхнийхээ шахаас, шантаажаар АНын дарга, Хамтарсан Засгийн газраараа оролдвол нам ч үгүй, Засаг ч үгүй үлдэж, ардчиллын орон зайгаа МАХН-д алдахад хүрч магадгүй юм. МАН& АН Уугуул нэрээ сэргээсэн хувьсгалт намын МАН, 20 жилийн турш ардчиллаа өмчилсөн АН гэх Монголын улс төрийн хоёр гол хүчний нэрийн энэ товчлолд “М” үсгээс өөр ялгагдах зүйл үлдэх нь үү?! МАХН-ыг 90-настай зөнөсөн өвгөн, АН-ыг цэл залуухан 20 настай бүсгүйгээр төсөөлөн зарим хэвлэл харьцуулсан байсан.
Гэтэл өнөөдөр зөнөсөн МАХН шинэчлэл хийхийг оролдож, 90 жилийн түүхтэй намаараа дэнчин тавьж олны хэл ам, намын гишүүдийнхээ талцал дунд Их хурлаа хуралдуулж байна. Нэр, үзэл баримтлалаа шинэчлээд зогсохгүй ардчиллын 20 жилийн түүхийг өнгөрсөн он жилүүдэд “коммунист” хэмээн адлуулж байсан Хувьсгалт намын шинэ үеийн залуус дүгнэж цэгнэн, дараагийн шинэ гарааныхаа гортигийг татаж эхэллээ.
Ардчиллынхан хэмээн цээжээ балбаж, коммунист жаалуудыг басамжилж байсан ардчилагсад хаана, юу хийгээд явна вэ. 20 жил ардчиллыг өмчилж, овоглож ирсэн АН-ынхан амьд уу. ҮЗХ хуралдах чимээ гарав уу, үгүй юу намынхаа даргыг огцуулах их аянд нум, сумаа агсан, уухай хашгиран дайлаар морддог тэд даргаа огцруулдгаас өөрөөр өнгөрсөн 20 жилийн хугацаанд АН-д юу нутагшуулав аа. Хувьсгалт намынхан ардчиллыг шинэчилж, завгүй хуралдаж байх хооронд АН-ынхан бас л өнөөх даргын “аян дайн”-даа нум, сумаа ирлээд ухаан алга.
ЗАСГИЙГ ТАРААХ АХХ-НЫ ТАКТИК БА АН-ЫН ХАМГААЛАЛТ
“Нэг бол намын даргын суудлаа өгөөд сайд хэвээр үлд. Үгүй бол сайдынхаа суудлыг өгөөд намын дарга хэвээр үлд” хэмээн шахалт үзүүлж буй талаар АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Хэн гэдгийг нь онцолж хэлээгүй ч шантаажийн гол “эзэн” нь АН-ын дэргэдэх АХХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн З.Энхболд гэдэг нь улс төрийн хүрээнийхэн дунд тодорхой болсон. Намаа шинэчлэх, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шахаж, шаардахаас илүүтэй шууд албан тушаалын хуваарилалтыг тулгасан энэ санал шантааж гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Н.Алтанхуягийн хувьд энэ хоёрын алийг нь ч сонгосон АХХ болон З.Энхболдын хамтарсан Засгийг тараах, албан тушаалд очих зорилгыг биелүүлэх боломжтой юм. Н.Алтанхуяг Засгийн газраа сонгосон тохиолдолд З.Энхболд АН-ын дарга болно. Энэ тохиолдолд намын даргын хувьд З.Энхболд намаа хамтарсан Засгаас гаргах эрхтэй. Харин Н.Алтанхуяг намын даргаа авч үлдвэл Засгийн хоёр дахь ээлжийн бялууг З.Энхболдын талынхан хүртэх боломж олдох юм.
Энэ тохиолдолд МАХН, АНын хувьд хамтарсан Засгийн газраа хамгаалж чадна. Гэхдээ АН-ынхны хувьд албан тушаалын төлөөх “Амбицын нам ” болсноо баталж, 2000 оны эмгэнэлт түүхээ 12 жилийн дараа буюу 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин амсаж болзошгүй юм.
Тэр үед “Ардчилсан холбоо эвсэл”-ийн хамгийн сайн Засгийн газар хэмээн ард түмэнд үнэлэгдэж байсан Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг танхимынх нь сайд нар бойкотлон огцруулсан төдийгүй дараагийн Ерөнхий сайдын танхимд багаараа дахин ажиллаж, албан тушаалын шунал ард түмнийх нь хүсэл зорилгоос хэчнээн хүчтэйг батлан харуулж байсан билээ.
Үүнийхээ “ачаар” бойкотлуулсан Ж.Наранцацралтаас өөр хэн ч 2000 оны УИХ-д АН-аас сонгогдож чадаагүй юм. Хэрэв энэ түүхийг З.Энхболдынхон дахин давтсан тохиолдолд 12 жилийн өмнө ард түмэн намдаа шахагдсан Ж.Наранцацралтыг намаас нь илүү үнэлсэн шигээ Н.Алтанхуягийг ардын баатар болгож мэдэх юм. Учир нь хоёр жилийн нүүр үзэж буй Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд ард түмэн АНын зарим нөхдүүд шиг сэтгэл дундуур биш байгаа.
Тиймээс эдүгээ Хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, АН-ыг сөрөг хүчнийх нь байр сууринд аваачихын тулд Н.Алтанхуягийг дуэльд дуудаж байгаа З.Энхболдын цаана АН-ыг аврах биш “алах” тактик нуугдаж байгаа юм биш биз. АН-ынхан болон МАХН-ынхан оноороо ялгарч өөрсдийн үеийг тогтоодог. Энэ уламжлалаар бол МАХН-д 1950-1960 оныхон 70-80 оныхонд халаагаа өгч, шинэчлэлийг эхлүүлж буйгаа зарласан. Харин АН-д өнгөрсөн 20 жилийн хугацаанд шинэ үе солигдоогүй гэж хэлж болно.
20 жилийн өмнөх ардчиллын “загалмайлсан эцгүүд” өнөөдөр намдаа ч, нийгэмд ч лидер хэмээн ид хүлээн зөвшөөрөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ, Засгийн газрын гишүүн хүртэлх төрийн өндөр албан тушаалд ажиллаж байна. Намаасаа түтгэлзсэн ч “АН”-ын угшилтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Улсын баатар Э.Бат- Үүл, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, СБаярцогт, Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Дорлигжав гээд 60 оныхон нь ид мандан бадарч байгаа.
Гэхдээ эдэн дундаа бас зэрэг зиндаа байдаг гэх бөгөөд З.Энхболд “албан ёс”-оор Н.Алтанхуягийн дараагийн эгнээнд багтдаг юм билээ. Түүх сөхвөл Н.Алтанхуяг түүний гараас хөтлөн улс төрд оруулж, ТӨХ-ны даргаас АН-ын лидер болтол нь түшиж, тулж явсан талаар журмын нөхөд нь ярьдаг. Гэтэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” шиг намынхаа эв нэгдлээр дэнчин тавьж, “Алтангадасынхан” ба АХХ гэх хоёр сонголтыг гишүүддээ тулгаж эхэлсэн нь АН-ыг хоёр салгах цондон хэмээн зарим ажиглагчид таамаглаж байна. Гэхдээ АН-ыг хоёр хуваахаасаа илүүтэй Хамтарсан Засгийг тарааж, салгахад АХХ-ны шахалт, шантаажаас илүүтэй МоАХ-ныхон хэнийг дэмжихээс бүх зүйл шалтгаална.
Энэ холбоогоор нэрлэсэн Х.Баттулгын фракц нам дахь хүчний харьцааг тэнцвэржүүлэх хэмжээний гол фракцийн нэг болсон. Тиймдээ ч хэдэн сарын өмнө болсон МоАХ-ны даргын төлөөх өрсөлдөөнд “Алтангадас” болон АХХ-ныхон өндөр ач холбогдол өгч байсан гэх бөгөөд АХХны гол төлөөлөгч болсон С.Эрдэнийг нийслэлийн МоАХ-ны даргаас хүчээр шахуу буулгаж Ш.Түвдэндоржийг сонгосон.
Ингэснээр АХХ-ны хүч суларсан гэсэн мэдээлэл бий. АХХ-ны хувьд сүүлийн үед Н.Алтанхуягийг үүрэг гүйцэтгэгч, Их хурлаар батламжлаагүй намын дарга хэмээн үгүйсгэж буй. Тиймээс намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж Н.Алтанхуягийг батламжлуулах, эсвэл дахин даагаа нэхэх боломжийг З.Энхболдод олгохоор зүтгэж буй юм.
Намын дүрэм ёсоор АН-ын эрх барих дээд байгууллага Их хурал дөрвөн жилд нэг удаа хуралдах ёстой. Энэ хурлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийсэн. Тиймээс ээлжит бус их хурлыг ҮЗХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар зарлан хуралдуулах боломж үлдээд байгаа. Тиймээс энэ сарын 19-нд болох ҮЗХ-ны хурлаар энэ бүхэн нь тодорхой болох юм. Гэхдээ ҮЗХ-ны 228 гишүүний хувьд ийм боломж олгохгүй л болов уу.
Учир нь Ц.Элбэгдоржийн намын даргаасаа огцрох хүсэлтийг тухайн үед ҮЗХ бүрэн эрхийнхээ дагуу хүлээн авч, дараа нь болсон намынхаа их хурлаар намын шинэ даргадХамтарсан Засгийн газарт орох эрхийг нь өгсөн. Тиймээс энэ бүхнийг одоо эргүүлэн хэлэлцэх нь хууль эрх зүйн хувьд ч асуудал үүсгэж мэдэх юм. Учир нь зарим гишүүдийн хэлж байгаачлан Н.Алтанхуяг үүрэг гүйцэтгэгч намын дарга юм бол даргаа даган хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайд нар ч үүрэг гүйцэтгэгч төдийгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэдний хамтран гаргасан шийдвэрүүд ч эргэлзээтэй болж мэдэх юм.
Тиймээс АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах АХХ-ны тактик нь АН-ын өнгөрсөн хоёр жилийн хамтын шийдвэрүүдийг үгүйсгэж Засгийн газрыг ч чадамжтай эсэх асуудлыг хөндөхөд хүргэж мэдэх тул олгой хагаравч тогоонд дотроо гэгчээр нам дотроо л асуудлыг зохицуулахаас аргагүй хэмээн ажиглагчид үзэж байна.
З.ЭНХБОЛД Н.ЭНХБАЯР НАР ХОСЛОН ТОГЛООГҮЙ БИЗ
АН-ын ээлжит бус их хурлыг хуралдуулах “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөн саяхан байгуулагдан эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байгаа. Намаа шинэчлэх далбаан дор жигүүр, хөдөлгөөн, төрийн бус байгууллага байгуулан улс төрийн шантааж хийдэг арга барил МАХН-д сүүлийн үед нэлээд “мода”-д орсон. Гэтэл АН-ын залуучууд яг ийм арга барилаар улс төр ярьдаг болсон нь учир мэдэх хүмүсийн хувьд нэгэн хардлага эргэлзээг төрүүлээд эхэлжээ. Цаг хугацаа, өрнөж буй үйл явцын хувьд МАХН, АН-д өрнөсөн бужигнаан, хөдөлгөөнүүдийн зорилго нь намуудынхаа шинэчлэлээс гадна хамтарсан Засгийг шүүмжлэхэд чиглэгдэж байгаа нь сонин.
МАХН-ын шинэчлэлтэй холбоотойгоор “Н.Энхбаяр”-ын хөдөл гөө нийхөн сүүлийн үед намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөхийн эсрэг өрнүүлээд байгаа тэмцлийн цаана МАХН-ын буурин дээр шинэ нам төрүүлэх, улс төр дэх нөлөөгөө дахин сэргээх гэсэн Н.Энхбаярын оролдлого бий. Харин АН-ын дэргэд байгуулсан З.Энхболдын тэргүүлдэг АХХ гэх төрийн бус байгууллага нь намынхаа үйл ажиллагааг дэмжих, төрийн албыг сонгосон намын экс гишүүдийн дуу хоолой болно хэмээн гарч ирсэн.
Гэтэл удаа ч үгүй тараа таниулж, намын тамгаа булаацалдан, АН-ыг сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх ёстойг гэнэт ухааран тэмцэж эхэлсэн. Цаг хугацааны хувьд шил шилээ даран, дуу дугаа авалцан “төрсөн” улс төрийн хоёр өөр хүчний төлөөлөл болсон Н.Энхбаяр, З.Энхболд нарын энэ хөдөлгөөн холбоодын “тэмцлийг” хамтарсан Засгаар далимдуулан тус тусын намд нөлөөлөөгөө тогтоох, эрх мэдлээ бэхжүүлэх хослон тоглолт хэмээн зарим улстөрчид тодорхойлж эхэлсэн.
Энэ нь ортой байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямар ч байсан ар араасаа өрнөсөн МАХН, АН-ын хөдөлгөөн, холбоонуудын ард хоёр лидер нь санаа зорилгоороо нэгдэн хүзүү толгойгоо холбосон байхыг таашгүй. МАХН-д дандаа чадуулж, арга мэхэнд нь автсаар ирсэн АН-ынхны хувьд энэ мэт далдуур хуйвалдаан явагдаж эхэлсэн нь үнэн бол “ах” нам нэрнээсээ хувьсгалт гэсэн үгээ авч хаясантай адил Ардчилсан нам нэрийнхээ өмнө “М”-ээр эхэлсэн тодотгол нэмчихвэл МАН гэдгийг ардчилсан, ардын гэж ялгах гэж зовлонгүй амар болно.
Гэхдээ МАХН-ын нэр, үзэл баримтлалаа шимнэчлэх их хурлаас илүүтэй улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж буй энэ сарын 19-нд хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал АН-ын төдийгүй хамтарсан Засгийн хувь заяанд нөлөөлөх нь нь тодорхой. ҮЗХ-ны 228 гишүүн ээлжит бус Их хурлаа зарласан тохиолдолд хүссэн ч, хүсээгүй ч АН-ын даргаа батламжлах асуудал яригдана.
Тиймээс З.Энхболд УИХ болон ҮЗХ-ынхоо гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж ярилцаж байгаа гэх бөгөөд магадгүй тэрбээр Н.Энхбаяр шиг жирийн гишүүдийн дэмжлэг авч чадсан тохиолдолд намын дарга болж чаддаггүй юм аа гэхэд ҮЗХ-доо бага ч гэсэн ч цочроо үүсгэж мэдэх юм. Н.Энхбаяр жирийн гишүүдээр хүрээлүүлэн МАХН-ынханд өөрийгөө “амьд” гэдгийг дахин сануулж чадсан шиг З.Энхболд АН-д өөрийгөө лидер болсныг харуулж мэдэх л юм.
Гэвч хэдэн жилийн өмнө АН-ын даргад нэр дэвшин өрсөлдсөн нэр бүхий хэдэн хүнийг гишүүд нь онигоонд оруулсан түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй. Нэгэн цагт УИХ-ын гишүүн агсан М.Зэнээ сонгогчдод “ Нэр дэвшигчдийн өгсөн болгоныг нь ав. Харин сонголтоо хийхдээ эсрэгээр нь дугуйлаарай” гэдэг шиг сургамж АН-ын даргын сонгуульд хоёронтоо болсон байдаг.
Л.Гүндалай 2002 онд “Ард түмний нам”-аасаа урван АН-ын батлахыг өвөртлөн парламентад төлөөлж байхдаа АН-ын даргад нэр дэвшин, гишүүн бүхэнтэй биечлэн уулзаж, дэмжлэг хүссэн гэдэг. Уулзсан бүхэн л ОК гэж байсан ч яг санал хураахад 200 гаруй хүнээс дөрөвхөн хүн дэмжсэн гэсэн яриа одоо хүртэл онигоо болон яригддаг.
Мөн УИХ-ын гишүүн асан Д.Энхтайван Ц.Элбэгдоржийг АНын дарга болдог намын Их хурлын үеэр 800 төлөөлөгчтэй бараг нэг бүрчлэн уулзан санал бодлыг нь сонсоод, Ц.Элбэгдоржийг 100 хувийн саналаар ялж намын дарга болох юм байна гэсэн итгэлтэйгээр бие даан нэр дэвшээд мөн л дөрвөн санал авч байсан гэдэг. Энэ бол АН-ын ардчиллын түүх бас сургамж.
Үүн шиг АХХ-ны тэргүүн З.Энхболдыг хэрэв намын даргад өрсөлдвөл АН-ын их хурлын хэдэн төлөөлөгч дэмжих нь таашгүй юм.