Барилга, хот байгуулалтын яамнаас хүн амын төвлөрөл, суурьшлаас хамааран 16 аймагт цэвэрлэх байгууламж барьж буй талаараа өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тодруулбал, Францын Засгийн газрын санхүүжилтээр Эрдэнэт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан хотод шинээр цэвэрлэх байгууламж барьж буй.

Мөн АХБ-ны санхүүжилтээр манай улсын 11 аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсноос гадна Польшийн Засгийн газрын санхүүжилтээр ирэх хоёр жилийн хугацаанд таван аймагт шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөөд байгаа аж. Ингэснээр манай улсын 16 аймаг цэвэрлэх байгууламжтай болох юм. Тэгвэл дээрх яамнаас Дархан-Уул аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байгааг өнөөдөр мэдээллээ. Эл бүтээн байгуулалтын хүрээнд дээрх аймагт 41 барилга, байгууламжийг шинээр барьж, угсрах бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар 19 байгууламжийг угсарчээ. Үлдсэн 13 байгууламжийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа аж.