
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хоёр дахь тунг өнөөдрөөс эхлэн хийж буй. Хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулахаар зорьсон манай улсын хувьд хоёр дахь тунгаа хийж эхэлнэ гэдэг сайхан мэдээ. Харамсалтай нь, иргэд хөл хорионоос урьтан вакцин хийлгэх гэж замбараагүй байдал үүсгэн, эмч, цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учруулах болжээ. Сүхбаатар дүүрэгт байрлах Монгол гуравдугаар сургуулийн вакцинжуулалтын цэгийн гадна иргэд олноор цугларч, бөөгнөрөн, хүн хоорондын зай алдагдсан байв. Тэд хоорондоо маргалдан, эмх замбараагүй үйлдэл гаргах бөгөөд хоёр цаг гаруй хүлээсэн уурандаа ийм үйлдэл хийсэн хэмээн тайлбарлав. Тэнд гадаад, дотоодын олон иргэн цугласан бөгөөд өглөөний 08.00 цагаас хойш дугаарласан гэнэ. 09.00 цагийн орчимд иргэдийн уур, бухимдал дээд цэгтээ хүрч, зарим нь хоорондоо гар зөрүүлэх шахсан хэмээн тэнд дугаарлаж буй иргэд ам уралдан ярилаа.




Иргэд ийнхүү дугаарлаж буй нь боловсролын газрынхны уялдаагүй шийдвэртэй холбоотой хэмээн дээрх цэгт ажиллаж буй эмч хэлэв. Тэрбээр, “Гуравдугаар сарын 12-нд вакцин тариулсан иргэд өнөөдөр хоёр дахь тунгаа хийлгэж байна. Манайд найман эмч, дөрвөн вакцин таригч, гурван бүртгэгч, зохион байгуулагчид гээд 20 гаруй хүн ажиллаж байна. Уг нь өдөрт 800-1000 хүн тарих нормтой. Харин өнөөдөр эл тоо нэлээд давах шинжтэй. Хэрэв манай цэг дээрх вакцин дуусвал дахин татан авах болно. Иргэд ийнхүү олноор бөөгнөрөл үүсгэж буй нь Боловсролын газрынхны уялдаагүй, буруу шийдвэрээс боллоо. Бидэнд урьдчилан мэдэгдээгүйгээр гуравдугаар сарын 12-нд вакцин хийлгэсэн боловсролын салбарын багш, ажилчдыг өнөөдөр 9.00-17.00 цагт хоёр дахь тундаа хамрагдаарай хэмээн цахим хуудсаараа дамжуулан зарласан байна лээ. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид энгийн иргэдтэй нийлж, урт дараалал, эмх замбараагүй байдал үүсгэлээ. Хэрэв бидэнд урьдчилан мэдээлсэн бол сургууль, цэцэрлэг тус бүрийн багш, ажилчдад тусгай цаг гаргаж, дараалал үүсгэхгүйгээр зохицуулах байсан” хэмээв.





“Чи энд зогсож байгаагүй”, “Таньдаг хүнээ битгий урдуур оруулаад бай” хэмээн хашхирах дүр зургийг эл цэгийн хаанаас ч харах боломжтой. Эл вакцинжуулах цэгийн гаднах урт дараалал дунд гадаадын олон хүн бий. Тэд мөн л сургуулийн багш, ажилтан аж. Монгол Улсад амьдрах, оршин суух хууль ёсны эрхтэй учир тэд манай иргэдийн адил вакцин тариулах давуу эрх эдэлсэн хэмээн эмч нар хэлэв. Дор бүрнээ чимээгүй зогсох тэд орилж, хашхиран бие бие рүүгээ дайрах манайхныг нам гүм ажиглан зогсож байв.



