Нэгүүн.мн сайтын сэтгүүлч, эрхлэгч Л.Баяржаргалыг ЭЦА-ныхан шалгаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Тэрбээр холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийг үл зөвшөөрч, гүтгэлэг гэж үзэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Л.Баяржаргал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан гэх мэдээлэл цацагдаж байна. Түүгээр ч зогсохгүй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд захидал илгээсэн гэнэ. Тус хорооны дарга Д.Ганбаяраас энэ талаар лавлахад “Захидал ирсэн нь үнэн. Үүний дагуу бид холбогдох байгууллагууд болон өмгөөлөгчөөс нь мэдээлэл авч тодорхой ажил явуулж байна” гэв. Л.Баяржаргалын өмгөөлөгч нь АН-ын Хүний эрхийн хорооныхонд “өлсгөлөн зарласан” талаар мэдээлэл өгсөн аж.
ШШГЕГ-ынхнаас түүний биеийн байдлын талаар лавлахад “Сэтгүүлч Л.Баяржаргал Цагдан хорих ангийн эмчийн хяналтад байгаа. Өлсгөлөн зарлахаар нэг бус удаа хүсэлт гаргасан. Эхний удаад эмч биеийн байдлыг нь үзээд Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан өвчний жагсаалтыг үндэслэн өлсгөлөн зарлах боломжгүй гэдгийг хэлсэн. Үүнийг тэрбээр хүлээн авсан. Харин саяхнаас дахин өлсгөлөн зарлах хүсэлтээ уламжилж, эрүүл мэндийн байдал нь болохгүй гэдгийг сануулсан ч өлсгөлөнгөө эхлүүлсэн” гэсэн юм.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хоригдсоноос хойш нэг бус удаа уулзаж, эрүүл мэндийн болон хоригдож буй нөхцөл байдалд нь үнэлгээ хийсэн байна. Тус комиссын референт Ц.Рэнцэндуламаас лавлахад “Бид сэтгүүлчийг цагдан хорьсонтой холбоотойгоор хяналт, шалгалт явуулж байгаа. Маргааш (өнөөдөр) ХЭҮК-оос албан ёсоор мэдээлэл хийнэ. Энэ үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэлээ.
Л.Баяржаргалын биеийн байдал тогтворгүй байгаа зэрэгтэй холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт өмгөөлөгч нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн бөгөөд өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэх юм.
Г.Дайчин