
Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-11-ны хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд 27 улсын 611 тамирчин өрсөлдлөө. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван, 7-10-т орсон тамирчдыг тусгай байрт тус тус шалгаруулсан байна. Манай улсыг төлөөлж Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас зургаан насны ангилалд 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд зургаагаас доош насны ангилалд “Язгуур” бага сургуулийн I ангийн сурагч Ц.Цэцбилгүүн “3-3-3” болон “3-6-3” төрөлд тус тус хүрэл, 7-8 насны ангиллын “Цикл” төрөлд тус сургуулийн III ангийн сурагч З.Сийлэн нар хүрэл медалийн болзол хангалаа. Харин шилдэг 10 буюу тусгай байрт бага насны ангиллын тамирчид болох Х.Ивээл, Х.Ариунхишиг, Т.Алдар нар шалгарсан юм.
Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд гурван төрлийн өрөлтийг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн тамирчдаар:
- “3-3-3” төрөлд Малайзын тамирчин Chan Keng Ian 1.383 секунд
- “3-6-3” төрөлд Малайзын тамирчин Chan Keng Ian 1.748 секунд
- “Цикл” төрөлд АНУ-ын тамирчин Evan Cloud 5.248 секундээр тэргүүлсэн байна.
Харин улс улсын шилдэг багийн хооронд болсон “International Challenge” төрөлд АНУ-ын баг тамирчид тэргүүллээ.