
Барилгын материалын “Хангай” зах болон Гурвалжингийн гүүрний ойролцоох борлуулах цэгт өчигдөр нэг уут буюу 50 кг цемент 17 000-18 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь нэг тонн нь 340 000-360 000 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 30 орчим хувиар өссөн дүн боллоо. Харин 2020 оны энэ үеийнхээс тонн тутамдаа 50 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн цементийн нийлүүлэлт бага, эрэлт их байгааг “Хангай” захын борлуулагч Д.Батдаваа хэллээ. Тэрбээр “Манайх МАК компанийн цемент борлуулдаг. Гэтэл үйлдвэрээс нь Улаанбаатарт нийлүүлэх хэмжээ улам багассаар байна. Учир нь орон нутагт авто болон төмөр замын томоохон бүтээн байгуулалт эрчимжиж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүнээ тийшээ нийлүүлж байгаа сурагтай. Өдийд цемент, барилгын бусад материалын эрэлт хамгийн их үе. Ийнхүү нийлүүлэлт бага байгаа, мөн шатахууны ханш өссөн нь барилгын материалын үнэ нэмэгдэх шалтгаан болсон байх” гэв. Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодын дөрвөн үйлдвэр хангаж буй. Тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн сүүлийн нэг жилд тонн тутамдаа 16-30 хувиар өссөнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард БХБЯ-наас мэдээлсэн. Үүнд үйлдвэрлэлийн зардал буюу түлшний үнэ багадаа 30, гөлтгөнө 15, сэлбэг хэрэгсэл, тээврийн зардал 70 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг дурдаж байв. Түүнчлэн төмрийн хүдрийн ханш 15, ажиллах хүчний зардал 25 хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүлж буйг үйлдвэрлэгчид тайлбарласан билээ.