
Орчин үеийн багачуул үлгэр сонсож, хүүхдийн жүжгийг тогтож үзнэ гэж үү дээ. Байнга л дэлгэц ширтэж, боломж олдвол гар утас шүүрч авдаг индиго үеийнхэн шүү дээ, тэд минь. Өдгөө хүүхэдтэйгээ амьд холбоо тогтоох гэж, таван минут утас, дэлгэцнээс холдуулах гэж "зовж" буйгаа аав, ээжүүд гомдоллодог болсон цаг. Харин "Орфей" театрынхны толилуулж буй "Мэлхий гүнж" хайрт тэдний минь анхаарлыг татаж чадлаа. "Үүлэн бор" үлгэрийн номд гардаг, манай үеийнхний уншиж өссөн "Мэлхий гүнж" үлгэрийг залуус маш чадварлагаар найруулж, хип хоп хэмнэл оруулж, энгийн үг хэллэг ашиглаж, хүүхдүүдийг өөрсдийг нь хүртэл үлгэрийн нэг хэсэг болгож амжив. Хүүхдүүд суудалдаа тогтож ядан "Мэлхий гүнж ээ", "Өө ямар инээдтэй юм бэ", "Худлаа хэлээд байна шүү дээ, битгий итгээрэй" хэмээн хамаг чадлаараа орилж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэв. Томчууд хүртэл "Wow" хэмээн дуу алдаж, алгаа хорстол алгаа ташиж ч байх шиг. Гэнэн тэнэгхэн хүүхэд насандаа үртэйгээ зэрэгцэн очиж, нүгэлгүй сайханд нүд алдаж, тархиа амрааж байгаа нь цаанаасаа хөнгөн гоё мэдрэмж төрүүлсэн.
Номон дээр бол энэхүү Орос ардын шидэт үлгэр маань "Эрт урьд цагт гурван хүүтэй нэг хаан байжээ. Хөвгүүд нь эрийн цээнд хүрэхэд хаан дуудаж "Өвгөрч хөгшрөхөөсөө өмнө хайрт хөвгүүдээ гэрлүүлж, үр ачийнхаа зулайг үнэрлэе" гэж эхэлдэг. Харин "Орфей" театрын залуус өмнөтгөлөө хийхдээ л хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэж, эхнээсээ дуустал хөгжүүлэн, цэнгүүлж, сэтгэлийн жаргал эдлүүлж орхив. Үлгэр ид дундаа орж байтал үзүүлбэртээ хүүхдүүдийг татан дурлуулж, тэднийг суудлаасаа сугаран бүжихэд хүргэсэн. Урлагийн сайхан нь, соён гэгээрүүлэх үүрэг гэж энэ болов уу. Хүүхдүүд бүүр суудлаасаа босоод Иван хүүтэй хамт хорон санаат ясан хэдрэгтэй "байлдав". Тэгснээ "Гүнжийг хорьсон Ясан хэдрэгийн үхэл зүүний үзүүр дээр, тэр зүү нь өндөг дотор, өндөг нугасны гэдсэн дотор, нугас туулайн гэдсэн дотор, туулай чулуун авдар дотор, чулуун авдар өндөр царсны оройд байгаа" хэмээн Иван хүүд сануулан үнэн сэтгэлээсээ хашхиралдав.
Ингээд үлгэрийн төгсгөлд хаан хүү Иван хүү сайхан сэтгэлийнхээ ачаар, үнэнч зангийнхаа тусаар шалан дээр үсэрдэг мэлхий биш сайхан Василисатайгаа учран золгож, хотол даяараа амар сайхандаа жаргалаа. Үлгэр ингэж төгссөн. Үлгэр хэдийнэ төгссөн байтал дөнгөж саяхан харсан тэр гоё агшин, тийм сайхан мэдрэмжээсээ хүүхдүүд салж ядаж догдолж байгааг нь харах хэчнээн хөөрхөн. Хүүхдүүд байн байн шулганан аав, ээжээсээ "Та намайг гэрлэхэд талх барьж өгөх үү", "Талх барьж өгөхгүй яах вэ, үр минь", "Ээжээ би ясан хэдрэгийг дийлэх болов уу", "Чи дөнгөж сая түүнийг ялсан шүү дээ", "Мэлхий яаж гүнж болсон юм бэ", "Үнэнч сэтгэлийнхээ ачаар эргээд гүнж болсон юм аа" хэмээн асуух, хариулах нь даанч хайр хүрмээр. Ийм нэг ач тус, сайхан сэтгэл, өрөвч зан, хүнийг хайрлах, амьтдыг энэрэх тухай үлгэрийг залуус маш сонирхолтойгоор найруулан, үгийн урийг шигтгэн, маш сайн жүжиглэлттэйгээр үзэгч багачуулд хүргэж буй ажээ. Баярлалаа.











