
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачилж, өдгөө Цахим хөгжил, харилцаа холбооны яам хариуцан зохион байгуулж буй “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдах оролцогчид тодорчээ. Хоёр дахь удаагийн хөтөлбөрт 1500 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд мэргэжилтнүүд тэднийг гурван шатны шалгаруулалтаар шүүж, 50-ийг нь сонгосон байна. Алслагдсан аймаг, сум, хороонд амьдардаг, онлайн сургалтад хамрагдах боломжгүй, цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг дэмжих зорилготой тус хөтөлбөрийг энэ жил БШУЯ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Юнител”, “Скайтел”, “Анд глобал” ХХК дэмжин ажиллаж байгаа аж. “Код бичих охидын хөтөлбөр”-т өнгөрсөн жил 30 охин хамрагдсан бөгөөд 10 нь дэлхийн томоохон их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцжээ. Тэгвэл өнөө жилийн оролцогчдоос багадаа 15-20 сурагчийг гадаадад сургах төлөвлөгөөтэй буй гэнэ. 2022 оны сургалт энэ зун эхэлж, хоёр сар үргэлжилнэ.