
Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулжээ.
Энэ үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцсан байна.
Шейх Др.Ахмад Нассер Кувейт, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2025 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан Хамтын ажиллагааны замын зураглалыг баталж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Элчин сайд П.Сэргэлэн хоёр улс олон жилийн туршид найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт нэн ялангуяа эдийн засаг, соёл, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Кувейтийн Гадаад хэргийн яам, болон бусад төр, засгийн байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.