
“Монголын кино институт” шинэ залуу кино уран бүтээлчдийг олж, идэвхжүүлэх, кино хийх уламжлалт арга барилыг эвдэж, улмаар киноны хэллэгийг тэлэхэд урамшуулах, артхаус болон индепендент бүтээлийн хандлагыг өрдөх, нэрд гараагүй кино уран бүтээлчдийг үзэгчдэд таниулах зэрэг зорилготой “Алтан өргөө” олон улсын наадмыг 10 дахь удаагаа зохион байгууллаа. Энэ сарын 2-5-нд “Тэнгис” кинотеатрт үргэлжилсэн тус наадам олон улсын болон Монгол киноны уралдаант хэсэг, мастер хичээл болон богино, бүрэн хэмжээний киноны үзвэрүүдээс бүрдсэн. Тодруулбал, наадмын эхний өдөр А.Оюунзаяагийн “Нүүдэг чулуу”, Б.Бат-Эрдэнийн “Цонх”, Бразилын найруулагч Карлос Адрианогийн “Гарчиггүй ¹ 1: Зүйлт үлдэцийн бүжиг”, Британийн найруулагч Жон Вудманы “Манан дундах талбай”, Д.Золбаярын “Өөрөөсөө харсан өөр хүмүүс”, Бельгийн Оливье Мажисын “Майн баяр”, Э.Отгон-Эрдэнийн “Үргэлжлэл”, Ц.Галсандоржийн “Гүнзгий амьсгал” зэрэг 2013 оноос хойш “Алтан өргөө” наадмын шилдгээр шалгарсан бүтээлийг үзүүлсэн юм.
Түүнчлэн наадмыг Украины найруулагч Роман Любыйгийн өнгөрсөн онд бүтээсэн “Дайн тэмдэглэл” киногоор нээв. Мөн “All the cross in the world”, “The bones”, “Fantasma neon”, “Trans¬parnt, I am”, “My uncle Tudor”, “Mate” зэрэг 2021-2022 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй богино хэмжээний киноны наадам болох Оберхаузен, Клермон-Ферранаас гадна Локарно, Венец, Берлин, Каннын кино наадмын уралдаант хэсгийн дээд шагналт бүтээлүүдээс толилуулав.
“Монголын кино институт” Монгол дахь “Гёте” институттэй хамтран “Short export 2022: Made in Germany” хөтөлбөрийг “Алтан өргөө”-гийн хүрээнд үзэгчдэд хүргэсэн. Эл хөтөлбөрт Клермон-Ферраны олон улсын богино хэмжээний кино наадамд ХБНГУ-аас оролцсон нийт 400 гаруй бүтээлээс шилж, зургааг нь хүргэсэн юм. Хачирхалтай, түгшүүртэй, халуун дулаан, хөгжилтэй түүхүүдийг өгүүлэх хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн төрлийн эдгээр киноноос Германы богино хэмжээний кино бүтээгчдийн ур чадвар, онцлог, хэв маягийг харах боломжтой байв. Мөн Канадын ЭСЯ-тай хамтран “Канадын уугуул кино уран бүтээлчид” кино цоморлигийг хүргэсэн. Үүнд Канадын үндэсний кино урлагийн зөвлөлийн сонгосон дөрвөн бүтээлийг багтаан Монголын үзэгчдэд хүргэлээ.
“Алтан өргөө” наадмын олон улсын болон Монголын уралдаант хэсгийн шүүгчээр най эр
руулагч Ж.Сэнгэдорж, кино нийтлэлч Н.Өнөржаргал, А.Мөнгөн, найруулагч Хаяк Матевосян, Софи Ромвари, Д.Золбаяр нар ажиллажээ. Олон улсын уралдаант хэсэгт өнөө жил 61 орны 278 бүтээл хүлээн авснаас сүүлчийн шатанд 16-г нь шалгаруулан үзэгчдэд үзүүлсэн юм. Харин Монголын уран бүтээлчид 33 кино бүртгүүлсэнээс 17-г нь сүүлчийн шатанд шалгаруулсан. Тэдгээрээс шилдэг хүүхэлдэйн кино төрөлд найруулагч М.Аззаяагийн “Сүүдэр”, баримтат киногоор Э.Жавхлан, Г.Баярмаа нарын “Цагаан хана”, эксперименталь бүтээлээр Б.Ирээдүйн “Солигдол” тодров. “Алтан өргөө” дээд шагналыг “Дэжа вю” бүтээлээрээ найруулагч Г.Баттулга хүртлээ.
Наадмын үеэр Канадын уран бүтээлч Асиннажак “Баримтат богино кино туурвихуй” сэдвээр мастер хичээл заасан. Найруулагч, куратор тэрбээр “Гурван мянга” бүтээлээрээ Канадын дэлгэцийн бүтээлийн шагнал гардуулах ёслолд өрсөлдөж, 58 дахь удаагийн Венецийн биеннальд оролцож байжээ. Мөн Германы найруулагч Адриан Фигуэроа “Эксперименталь баримтат кино туурвихуй” сэдвээр мастер хичээл зааж, туршлагаасаа хуваалцсан. Тайз, дэлгэцийн найруулагч тэрбээр олон улсын 60 гаруй наадамд уригдан оролцсон аж.
Ташрамд дурдахад, өнгөрсөн есөн жилийн хугацаанд “Алтан өргөө” наадмын уралдаант хэсэгт нийт 65 орны 2500 бүтээлээс 260 гаруйг шалгаруулан өрсөлдүүлжээ. Түүнчлэн “Алтан бөмбөрцөг”, “Алтан баавгай” шагналт Германы найруулагч Фатих Акин, “Алтан баавгай” шагналт Хятадын найруулагч Ван Чюанань, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч, Каннын кино наадмын шагналт Австрийн найруулагч Петер Черкасски тэргүүтэй 20 орчим уран бүтээлч киногоо толилуулж, мастер хичээл заасан юм.