
Жил бүрийн зургадугаар сарын 12-нд Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиодог. Дэлхий даяар хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хөдөлгөөнийг дэмжих зорилгоор НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)- аас 2002 онд үүнийг санаачилжээ. Тус байгууллагын мэдээлснээр дэлхийн хэмжээнд 160 сая гаруй хүүхэд зохих боловсрол эзэмших, эрүүл мэнд, чөлөөт цагаа өнгөрөөх, үндсэн эрх чөлөөг нь хаасан хөдөлмөр эрхэлж, эрхээ зөрчүүлж байна. Тэдний талаас илүү хувь нь тэвчишгүй хөдөлмөрт өртдөг. Тэвчишгүй гэдэгт нь боолчлол, албадан хөдөлмөр эрхлэх, хар тамхины наймаа, биеэ үнэлэх, зэвсэгт мөргөлдөөнд дайчлагдах зэрэг багтдаг байна.
Энэ жилийн хувьд “Бүх нийтийн нийгмийн хамгааллаар дамжуулж хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриа дэвшүүлжээ. ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн Монгол Улс эл хөдөлгөөнийг 2005 оноос дэмжиж, тэмдэглэдэг болсон бөгөөд өнгөрсөн онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зохицуулалт оруулсан. Үүнээс хэдэн жилийн өмнө буюу 2016 онд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан байдаг.