
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч С.Билэгжаргалыг ОХУ-ын “Горячее сердце” (халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг өчигдөр гардуулжээ. Тэрбээр өнгөрсөн жил 35 хүний амь аварсан аж. Галын голомтод ажиллаж түлэгдэж, бэртсэн таван хүн аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний зэрэгцээ голд живж, эрсдэлтэй нөхцөл байдалд орсон авто тээврийн хэрэгслээс гурван иргэнийг гарган, болзошгүй аюулыг зайлуулсан зэргээр тэрбээр аюулт үзэгдэл, ослын олон удаагийн дуудлагаар ажиллахдаа ийм гавьяа байгуулсан байна. Өргөсөн тангарагтаа үнэнч, мэргэжилдээ өсөж буй залуу аврагчийг “Оросын өдөр”-ийг тохиолдуулан ийнхүү шагнасан бөгөөд ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй хүнд эл хүндтэй тэмдгийг олгосноос С.Билэгжаргал Монголоос хүртсэн хоёр дахь иргэн болов. Тэрбээр өдгөө 22 настай. Ташрамд өгүүлэхэд, долоон жилийн өмнөөс олгож эхэлсэн “Горячее сердце”-г 2020 онд ҮБХС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” сургуулийн сонсогч, голд живж байсан хүүхдийг аварсан Б.Тэмүүжинд хүртээсэн юм байна.