
Түүхч, археологич, доктор Ж.Баярсайхан “Монголын умард нутгийн буган чулуун хөшөөд” номоо АНУ-д хэвлүүлснийг нь “Каземат” зэрэг нэр хүндтэй хэвлэлийн компанийн сайтад байршуулжээ. Тэрчлэн шинжлэх ухааны сургалт, судалгааны хүрээлэнгүүдийн мэдээллийн санд эрэлтээрээ дээгүүрт эрэмбэлэгдэж эхэлсэн байна. ХБНГУ-ын Макс Планкийн институтэд судлаачаар ажиллаж буй тэрбээр Хүрэл, Төмрийн түрүү үе, Хүннү, Монголын эзэнт гүрний үеийн түүх, соёлын дурсгалыг голчлон судалж, энэ талаар хоёр ном хэвлүүлсний нэг нь уг бүтээл аж. Тэрбээр өөрийн орныг буган чулуун хөшөөний өлгий гэдгийг сурталчлах, эл дурсгалаар дамжуулан нээсэн эртний нүүдэлчдийн түүх, соёл, шашин шүтлэг, нийгмийн байгуулал зэргийг таниулах үүднээс АНУ-ын Смитсоны хүрээлэнгийн Умард туйл судлалын төвтэй хамтран номоо англи хэлээр уншигчдын хүртээл болгосон байна. Ташрамд дурдахад, тэрбээр өнгөрсөн хавар Харвардын их сургуулийн багш, оюутнуудад “Дотоод Ази, Алтай судлал” сэдвээр лекц тавьжээ.