
“Гэгээн Муза” академи, УДЭТ хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн драмын урлагийн шилдгүүдийг тодруулан алдаршуулах “Гэгээн Муза” наадам өнгөрсөн бямба гарагт боллоо. Энэ удаагийн XVI наадам цар тахлын дараах гэдгээр онцлог, театрууд, байгууллагууд өмнөхөөс илүү идэвхтэй оролцсон арга хэмжээ байлаа. Ахмад уран бүтээлчдийн зүгээс “Энэ тайзны эзэд нь жүжигчид, ярих ёстой нь уран бүтээл болохоос яам, Засгийн газрынхан бодлого ярьдаг талбар биш шүү” гэсэн шүүмжлэл ч дагуулсан “Гэгээн Муза”-д хаанахын хэн, мөн ямар бүтээл туурвил хаахнуур “давхисан” талаар “Гэгээн Муза” академиас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн хүргэе.
Драмын жүжгийн төрөлд шилдэг зохиолчоор “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийг туурвисан Я.Баяраа шалгарлаа. Энэ төрөлд шилдэг найруулагч нь уг жүжгийн найруулагч М.Батболд болсон бол шилдэг тайзны зураачаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Шар гэгээ” жүжигт зураачаар ажилласан С.Бат-Эрдэнэ тодров. Тус төрлийн шилдэг эрэгтэй гол дүрээр УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн гол дүрээр Б.Жаргалсайхан, шилдэг эмэгтэй гол дүрээр “Гэм зэм” жүжгийн улсын яллагчийн дүрийг бүтээсэн Д.Ганцэцэг нарыг нэрлэлээ.
Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “Гэм зэм”-ийн Мармеладовын дүр бүтээсэн жүжигчин П.Эрдэнэзаан, харин шилдэг эмэгтэй туслах дүрийнхийг “Анна Каренина”-гийн Бетси болсон М.Тогтохжаргал нар хүртжээ.
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгийн зохиол бичсэн Б.Цэрэннадмид шилдгээр шалгарсан бол шилдэг найруулагчаар мөн уг жүжгийн найруулагч Мөнх-Амьдрал нар тодров. Шилдэг тайзны зураач нь Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гоолингоо” жүжгийн зураач С.Ариунболд. Харин шилдэг хөгжмийн зохиолч нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжигт хөгжим зохиосон Л.Хишигбаяр болов. Энэ төрлийн шилдэг эрэгтэй гол дүр бүтээсэн жүжигчнээр “Хөх нар”-ын Мээрингийн дүрийг амилуулсан П.Баярмагнай, шилдэг эмэгтэй гол дүрээр мөн уг жүжгийн хатны дүр бүтээсэн жүжигчин А.Алтанзул нар шалгарчээ.
Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал “Хөх нар”-ын Сүүндарийн дүрийг бүтээсэн Ш.Ичинхүүд очив.
Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг зохиолчоор Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Жангар” жүжгийн зохиолыг бичсэн Д.Мэндсайхан, шилдэг найруулагчаар уг жүжгийн найруулагч Э.Ёндоншарав нар шалгарчээ. Тайзны шилдэг зураач нь Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгий н зураач О.Баярмагнай. Шилдэг хөгжмийн зохиолч бол “Жангар” жүжгийн хөгжмийн зохиолч Ё.Эрдэнэбаатар. Энэ төрлийн шилдэг эрэгтэй гол дүр нь “Жангар” жүжгийн хэрээний дүрийг бүтээсэн жүжигчин А.Цэрэнбалжир бол шилдэг эмэгтэй гол дүр нь “Гэрэл асаа” жүжгийн Туулын дүрийг амилуулсан жүжигчин Б.Болортуяа. Харин шилдэг эрэгтэй туслах дүрээр “Гэрэл асаа” жүжгийн Баагийгийн дүрээр жүжигчин А.Баярсайхан, шилдэг эмэгтэй туслах дүрээр Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Тангарагт хаан” жүжгийн Асралт гүнжийн дүр бүтээсэн жүжигчин Ч.Уранбилэгийг тодруулжээ.
Шүүгчдийн нэрэмжит цомыг УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Левиний дүрийг бүтээсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гоолингоо” жүжигт олгов. Шилдэг залуу уран бүтээлчээр “Гэрэл асаа” жүжгийн найруулагч Э.Идэрболдыг өргөмжилж, “Хүндэт Муза” цомыг УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Х.Батжаргал нарт хүртээсэн байна. Үндсэн жүжгийн ангилалд гран при шагналыг “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” драмын жүжигт, бэсрэг жүжгийн төрөл дэх гран при шагналыг Оросын холбооны Буриад улсын уран бүтээлчдийн “Полковник пишет” нэг хүний жүжигт олгов.





