
Гадаад харилцааны яамны Хилийн хэлтэсийн дарга Д.Болд Эрээн хотод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өглөөний 9 цагийн байдлаар Эрээнд коронавирус халдварын 456 тохиолдол бүртгэгдсэний 256 нь шинж тэмдэггүй халдвар байна. Шинэ голомт үүсээгүй, шууд болон дам хавьтлуудаас халдвар нэмж илэрсэн.
Иймд эхний ээлжид, зогсоод байсан нарийн ногоотой чингэлэг 11-ний өдөр орж ирсэн. Одоогийн байдлаар 15 чингэлэг нарийн ногоо татан аваад байна. Цаашид боомтын үйл ажиллагаа тогтворжино гэж тооцоолж байна.
Эрээнд тогтоосон хатуу хөл хориотой холбоотой боомтын үйл ажиллагааг хязгаарлах эсэх талаар зөвшилцөж байна. Одоогийн байдлаар үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Эрээнд цар тахал бүртгэгдсэн учраас Хятадын дүрэм журмын дагуу 21 хоног хатуу хөл хориотой тогтоож магадгүй. Ямартай ч одоогийн байдлаар албан шийдвэр ирээгүй байна.
Эрээнээс Монгол Улсад импортын бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг. Хөл хориотой холбоотой чингэлэг тээврийг зогсоогоод байсан бол өнгөрсөн Бямба гаригаас дахин эхлүүлсэн. Цаашид нарийн ногоо болон зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй оруулж ирэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тяньжинд одоогийн байдлаар 7000 гаруй чингэлэг саатаад байна. Ямартай ч эхний ээлжид өдөрт гурван цуваа галт тэргээр буюу 150-160 чингэлэг оруулж ирж байна. Энэ татан авалтыг нэмэгдүүлэх талаар "Улаанбаатар төмөр зам" болон ГХЯ-наас хүсэлт өгсөн. Мөн тэг цэгийн терминал дээр байгаа хоосон чингэлэг солилцох тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид томоохон терминал дээр бөөгнөрсөн хоосон чингэлгийг солилцох ажлыг эрчимжүүлнэ" гэдэг тйалбөр мэдээллийг өглөө.