
Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр юм. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг тэмдэглэлт баяр болгон нийтээр амардаг заншилтай. Өөр бусад оронд этгээд сониноор тэмдэглэх нь ч бий. Монгол Улсад 1990 оноос хойш эл өдрийг тэмдэглэх болсон ба 2019 оны арванхоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн амралтын өдөр болгосон. Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан А.Жамъянсүрэнгээс их дүйчэн өдөр хийгээд Монголд өнөөдөр залж буй Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрын талаар тодрууллаа.
-Бурхан багшийн их дүйчин өдрөөр чандрыг нь Энэтхэг улсаас авчран залах гэж байна. Энэ чандрыг залахын утга учир, ач холбогдлыг тайлбарлаж өгөөч?
-Бурхан багшийн ринсрэл буюу чандар 2600-гаад жилийн настай. Энэтхэгийн хаадаас уламжилсаар өнөөг хүрсэн түүхтэй. Уг чандрын нэг хэсгийг өнөөдөр залах юм. Бурхан багшийн чандарт мөргөснөөр Бурхан багштай биеэр уулзсан мэт ерөөл хурж, ач тустай болно. Мөн Бурхан багшийн чандар заларсан газрынхаа цаг уур, байгаль орчинд эерэг нөлөөтэй байж, ган гачигаас хамгаална.
-2012 онд Бурхан багшийн чандрын нэг хэсэг нь олдож байсан. Уг цахиур эрдэнэ гэж нэрлэгддэг шүдийг хаана хадгалж байгаа юм бэ?
-Хосгүй үнэт эд өлгийн зүйл учраас Богд хааны ордон музейд хадгалж, хамгаалж буй. Өчигдөр Энэтхэгээс авчирсан Бурхан багшийн ясны хэсэгтэй нэгтгэн хамт зална.
-Гандантэгчэнлин хийд Бурхан багшийн их дүйчэн өдрөөр сүсэгтэн олон руу чиглэсэн ямар, ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?
-2019 онд Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэх, бүх нийтээр амрах Засгийн газрын тогтоол гарсан ч ковид цар тахлын нөлөөгөөр хоёр жил тэмдэглэж чадаагүй. Өнөөдөр буюу Бурхан багшийн их дүйчэн өдрөөр баярын парад алхаж, шашин соёлын цэнгүүн хийнэ. Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан хоёр сарын өмнөөс л сайн үйлсийн аянууд зохион байгуулсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 мод, Богд хааны ордон музейн гадаа 500 мод тарилаа.
-Бурхан багшийн их дүйчэн өдрөөр сүсэгтэн олон хэрхэн буян хураавал зохилтой вэ?
-Энэ өдөр олон түмэн цагаан хоол идэж, мацаг барьж, буян номд шамдах нь бусад өдөр хурааснаас илүү буян хурна. Бурхан багшийн их дүйчэн өдрийг баяр гэж харахаас илүүтэйгээр өөрийн дотоод мөн чанарыг таньж, буян хийхэд машид дэлгэрэх өлзийтэй.