Бурхан багшийн их дүйчэн өдрийг сүсэгтэн олон өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг залсан бөгөөд өглөөнөөс үдэш болтол хөл хөдөлгөөн тасарсангүй. Сүсэгтэн олон үүрийн 04.30 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугларч, лам нар Бурхан багшийн чого хурахад даган баясжээ. Бурхан багшийн чого гэдэг нь бурхан багшийн магтуу дуулал аж. Түүнчлэн 09.00 цагаас төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл жагссан шашны баяр цэнгүүн маш олон хүн оролцсон байна. Тухайлбал, жагсаалын эх нь Гандантэгчэнлин хийдэд ирж байхад төгсгөл нь Улаанбаатар их дэлгүүрийн орчимд жагсаж явжээ. Улмаар 11.00 цагт Бурхан багшийн ринсрэлээ албан ёсоор залсан байна.
Монголчууд арга, билгийн тоолол гэж ярьдаг. Билгийн тооллоороо Монгол түмэн Төгсбаясгалант зурхайгаа дагадаг. Уг зурхайгаар зуны эхэн сар хоёр тохиож буй. Газар зүйн байрлалаас шалтгаалж ийн гарсан гэнэ. Дэлхийн газар зүйн байршлын энэ жилийн дунджилж авч үзэх юм бол урд хэсгээрээ зуны сартай, хойд хэсгээрээ давхарджээ. Энэ нь жил болгон зургадугаар сарын 14-нд Бурхан багшийн их дүйчэн өдөр тохионо гэсэн үг биш. Билгийн тоолол, од гаргаараа явж байгаад энэ жил хоёр давхацсан л хэрэг гэдгийг Гандантэгчэнлин хийдийн зурхайчид өгүүлж байсан. Эхнийх нь тавдугаар сарын 16-нд тохиосныг бид мэднэ. Тиймээс давхардсан тооллын сүүлийн өдрийг нь тэмдэглэдэг эртний уламжлалаа Гандантэгчэнлин хийдийнхэн дагасан аж.




