
Монголын үндэсний сур харваачдын холбооноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн багийн УАШТ-д нийслэл, дүүрэг, орон нутгийн 28 багийн 300 гаруй харваач ур чадвар, цэц мэргэнээ сорив. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээний шигшээд А хэсэгт “Петровис”, Говь-Алтай аймгийн “Хантайшир” клуб, Дундговь, Орхон, В хэсэгт “Хилчин 1”, Дархан-Уул аймгийн “Дархан цэц”, “Андууд”, Өмнөговь аймгийн багийнхан шалгарсан. Энэ жилийн шигшээд шалгарсан багийн харваачид өмнө нь түрүүлсэн хүчирхэг багийнхныг илүүрхсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Тухайлбал, “Өмнөговь 1”, “Андууд”, “Хантайшир” клубийнхэн тус бүр есөн удаа тоглосноос найм хожсон амжилттай. Хүрэл медалийн төлөөх харваанд “Андууд”-ынхан Дундговь аймгийнхныг буулган авч III байрт шалгарав. Тэгвэл алтан медалийн төлөө “Хантайшир”-ынхан “Өмнөговь1” багийнхныг хожиж аваргаар анх удаа тодрон хойшид хүчтэй өрсөлдөгч болохоо харууллаа. Өмнөх тэмцээнд хоёр ч удаа (2018, 2019 он) тэргүүлсэн Өмнөговийн харваачид энэ удаа мөнгөн медальтай нутаг буцсан юм. V байрын төлөөх харваанд Дархан-Уул аймгийн “Дархан цэц”-ийнхэн Орхон аймгийн харваачдыг хожив. Орон нутгаас оролцсон багийнхнаас Дундговь аймгийнхан шигшээд тунаж, ”Андууд”-ынхантай ана мана цэц сорьж, IV байр эзэлсэн нь тэмцээнийг тун сонирхолтой болголоо.
