
“976 Mongolian throwdown-2022” кроссфитийн нээлттэй тэмцээн энэ сарын 18-ны бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нь. Уг спортыг олон нийтэд таниулж, тамирчдын чансааг ахиулах зорилготой эл тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөх аж. Мөн гадаад орны тамирчид урилгаар оролцох юм. Спортын энэ үйл ажиллагааг олон улсын тэмцээнүүдийн жишгээр задгай талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас өмнө уг тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 онд “Үргэлж бэлэн бай 5.11 challenge” нэртэй зохион байгуулж байсан билээ. Тухайн үед үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, спорт хороод, фитнес клубийн 80 гаруй тамирчин өрсөлдөж чансаагаа шалгасан юм. Тэгвэл хоёр жилийн дараа зохион байгуулж буй “976 Mongolian throwdown-2022” кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, энэ төрлийн спортыг нийтэд түгээх, тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг давуу талтайг зохион байгуулагчид онцолж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа