
Одоогоос тав, зургаан жилийн өмнө ажил хайсан хүн олон байлаа. “Шуурхай зар” сонин хэвлэлтээс гарах өдрийг хүлээж, уралдан очиж аваад дэлгээд суудаг байсан нь олон. Өөрт тохирох, хийж чадах байх гэсэн ажлын тухай заруудыг дугуйлж байгаад, хэчнээн л бол хэчнээн байгууллага руу залуучууд утасддаг байв. Хөдөлмөр зуучийн төвүүд үйл ажиллагаагаа боловсронгуй болгох чиглэлд ахиц дэвшил гаргаснаар яваандаа ажлын зарыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Хүмүүс сонин шагайхаа больсон. Гэхдээ одоо бол ажил хайхаас илүүтэй, “Ажилд авна” гэсэн зар давамгай байх болжээ.
Өнгөрсөн намар орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах багш олдохоо байсан талаар бичиж байлаа. Гэтэл өдгөө нийслэлд бас ийм байдал нүүрлэх төлөвтэй нь хөдөлмөр зуучийн байгууллагуудад өгсөн зараас харагдаж байна. Боловсролын салбарын тухайд байдал ийм байхад эрүүл мэндийнх ч бахь байдгаараа. Өмнө нь хэдэнтээ дурдаж байсанчлан өрхийн эмнэлгүүдэд л гэхэд ажиллах эмч, сувилагч улам ховордсоор.
Олон нийтийн дунд явж байхад, анзаарахад төрөл бүрийн мэргэжилтэй, төрийн болон бусад байгууллагад хөдөлмөрлөж, хөлс хүчээ үнэлүүлж байсан туршлагатай хүмүүс ажилгүй ч, ихэд цамаан байх болжээ. “Дашваанжил” ХХК захирлын туслах ажилд авна гэж байна лээ. Цалин нь 1.5-1.8 сая төгрөг гэнэ. Бүтэн сар гүрийгээд ийм цалин авах уу. Тэгж ч ярихгүй ээ” гэж ярьж байхыг сонслоо. “Номин констракшн девелопмент групп” мөн ийм хэмжээний цалинтай ажиллах нягтлан бодогч хайж буй ч өнөө хэр хүн очоогүй аж.
Банк бус санхүүгийн байгууллагууд ажиллах хүчээр дутмаг болсон талаарх мэдээллийн мөрөөр олон жилийн замналтай нэгэн ийм байгууллагын захирлаас тодруулахад “Харин тийм. “Ковид-19”-өөр өвдсөн ажилтнууд сэтгэлийн хямралтай байх шиг санагддаг. Ажил хийхээс шантардаг болжээ. Тэгээд ч цалин хөлс өсөхгүй байхад хүнс, ахуйн хэрэглээний гээд бусад бүх юмны үнэ өсөөд байхаар хүмүүс улам хямраад байх шиг. Бид бусад байгууллагын адил цөөн хэдэн ажилтныхаа хүчээр ажлаа явуулж байна” хэмээсэн юм.
Ажилгүй хэрнээ амьдарч болоод байгаагийн учрыг олж ядах юмгүй. Мал, ахуй сайтай ах дүүстэй нь тэднийхээ хаялгад найддаг. Байр, хашаа байшингаа янз бүрийн хугацаагаар түрээслүүлж байна. Ойр зуурын наймаа хийцгээдэг. Тэтгэврийн, тэтгэмжийнхнээсээ хумслах хэсэг бий. Гадаадад амьдардаг нь аав, ээж рүүгээ мөнгө илгээхэд хүртэгсэд гэдэг бүлэг байдаг.
Сүүлийн үед ажил хийх сонирхолгүй хүн улам нэмэгдсэн нь дотоод, гадаадын коин хэмээх цахим мөнгөний сүлжээнд найдах болсонтой холбоотой гэхээр байна. Саяхан Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын газрын дарга эмэгтэй зурагтаар халаглах шахан ярьж байна лээ. Тэрбээр “Аялал жуулчлалын салбар хүнд байдалд байна. Ажиллах хүчнийхээ 97 хувийг алдсан. Одоо байдал сайжрах тул “Ажилдаа орооч, хамтраад зүтгэе” гэхэд “Ажил хийхгүй. Коинчин болсон. Мөнгөө үржүүлээд болоод байна” гэж хариулж байна” хэмээн арга ядсан байдалтай хэлнэ билээ.
Цахим мөнгөний бизнесийг дотооддоо хийх гэж оролдсон, үргэлжлүүлж ч буй бөгөөд алдаж, онож байгаа хүмүүсийн талаар олонтоо ярьдаг.
Өдгөө ажилгүй хэрнээ “Болно доо” гэж суугаа зарим хүн хамгийн найдвартай гэх PLCU буюу ультима коины сүлжээнд бие биеийнхээ араас элсэж, мөнгө арвин ирнэ хэмээн найдаж суугаа юм билээ. Энэ оны хоёрдугаар сард Монголоос үүнд 17 мянган хүн элссэн гэсэн мэдээлэл байсан. Өдгөө лав дахин нэмэгдсэн биз ээ. Дэлхий дээр ашгаа өгсөн, үгүй, аль нь ч байлаа гэсэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн сонирхлыг шулам мэт татсан коины 9000 талбар бий болсон бөгөөд эдгээрийн 98 хувь нь дампуурч, амьдрал ердөө хоёрхон хувь дээр нь тогтож байгаа тухай мэдээлэл олон улсад түгсэн байна. Энэхүү хоёр хувьд энд нэр дурдсан PLCU багтдаг бөгөөд үүнийг үүсгэн байгуулагч нь энэ тухай болон амжилт болоод, болохгүй байгаа зүйлийн талаар ч ил тод мэдээлдэг, хамтдаа хүчтэй байхыг уриалдагт нь орон орны харилцагчид нь итгэсээр байдаг аж. Үүнд манай улсаас малчдаас авхуулаад томоохон компанийнхан ч нэгдэж, эхэн үедээ итгэмээргүй их мөнгө гар дээрээ авч баярлаж байсан нь бодит юм. Өдгөө бол тэр хөөрцөглөл дарагдсан бөгөөд ойрын ирээдүй нь ямар байх нь тун бүрхэг. Аливаад хязгаар байдагчлан цахим мөнгөнд ч гэсэн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа бий. Алдагдвал нурдаг хуультай. Хэзээ ч юм, энэхүү коинд найдаж хэдэн төгрөг нийлүүлчихээд, өгөөж нь ирнэ гээд гэдсээ илээд хэвтээд байх нь бол туйлын гэнэн явдал биш гэж үү.
Юу үнэн бэ гэвэл үхэх, төрөх гэдэг хатуу үг бий. Үүнтэй адил ажил хийж, үнэлүүлж, дүгнүүлэн цалин авч, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаанд идэвхтэй оролцож байж орлоготой, зарлагатай, ашигтай амьдардаг нь хүн төрөлхтний туулж ирсэн замнал, нийгмийн харилцааны болоод эдийн засгийн хуулиудаар нотлогддог билээ. Амьдрал үүний гадуур өрнөхгүй тул ажил хийлгүй амь зууж болно, аятайхан амьдарч чадна гэж үзэж буй залуус, улмаар хижээл насныхан ч бие биеэ уруу таталгүй, чадах, чадах ажлаа хийн, цалин хөлс авч, амьдралаа эрүүл ухаанаар удирдаж явахыг цаг хугацаа сануулж байх шиг. Технологийн хөгжил, дэвшилд хязгаар үгүй байж болох тул одоогийнх шиг коины нэг талбар нуран унахад нөгөө талд нь бас нэгийг босгох л байх. Гэхдээ ийм савлагаатай, хэм алдагдсан зүрхний бичлэг шиг дүр зураг бүхий, буух эзэнгүй ийм аз туршсан эрсдэлд амьдралаа живүүлэхгүй байх нь дээр болов уу хэмээн санана.
Манай улсад юу байна, ажил байна. Харин хийх хүн жил ирэх тусам олдох нь ховордоод байгааг судалгаа харуулдаг. Өнөөдөр хөдөлмөрийн талбар дахь бодит байдал ч нотолж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан ажиллах хүчний судалгааны талаарх 2021 оны II улирлын танилцуулгад дурдсанаар манай улсад хөдөлмөрийн насны буюу 15, түүнээс дээш насны 2 123 900 орчим хүн байна. Эдгээрээс ажиллах хүч нь 1 200 000 бөгөөд ажилладаг нь 1 105 700. Ажилгүй нь 101 300, боломжит ажиллах хүч 71 800 орчим хүн. Тэгвэл үүнээс хойш дотоод, гадаадын коин хэмээх цахим мөнгөний сүлжээнд найдаж ажлаас хойш суугчид олноор нэмэгдээд буй өнөө цагт үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн бол.
Цаашид ер нь яах юм бэ. Иргэдийн ажил хийх сонирхлыг хэрхэн нэмэх вэ. Ажлаас хойш суухын хор нөлөөг ойлгуулан сэнхрүүлэх арга хэмжээ авч, ажил зохион байгуулах юм уу. БНСУ, Япон Улс руу ажил хайх нэрээр “дүрвэхийг” завдаж буй хүмүүс бүртгүүлэх гэж өдөр, шөнөгүй дугаарлан зогссоор байна. Буруутгах аргагүй. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн харилцаа, харьцаа ер нь юу болж байна вэ. Хаанаас нь эхэлж эмхлэх ёстой вэ.
БНХАУ руу агаарын хилээ нээлээ гэсэн. Гэтэл иргэдээ зорчуулахгүй, зөвхөн тус улсаас ажилчид оруулж ирэх зорилгоор онгоц нисгэх болсон нь ил болсон. Эндээс харахад ч гэсэн манай улс ажиллах хүчний хомсдолтой гэдгээ дээд түвшинд хүлээн зөвшөөрсөн байна. Тийм атал ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байх уу.
Энгийн асуулт. Нийслэлийн 33 дугаар дунд сургууль эмч ажилд авахаа зарлажээ. Эмч ханддаггүй гэнэ. Яагаад гэдгийг тодруултал цалин нь 600-800 мянган төгрөг юм байна. Хэн очих билээ. Тухайн сургуульд эмчээр ажиллах мэргэжилтнүүд өрсөлдөн, уралдах хүртэл цалин, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдэх арга механизмуудыг хэн, хэрхэн бүрдүүлж, асуудал шийдэх гарц олох болж байна.
Угаас цөөн хүн амтай улс ажилгүйчүүдээр дүүрвэл хор хөнөөл нь юу болох вэ. Бухимдал, хямрал, амиа хорлолт, нийгмийн хямрал л биз дээ.
Бэлтгэсэн Р.Жаргал