
Цэргийн ерөнхий эрдэм, онолын сургалтад хоёр сарын хугацаанд хамрагдсан оюутан цэргүүд танхимд сурсан мэдлэгээ хээрийн баазад бататгахаар өчигдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн төвийг зорилоо. Цэргийн сургалт, бэлтгэлийн хөтөлбөрөө бүрэн хангасан оюутан цэргүүд хээрийн сургалтын төвд эзэмшсэн мэдлэгээ сар гаруйн хугацаанд бататгаад наймдугаар сард цэргийн тангараг өргөөд халагдах юм. Энэ онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1472 оюутан хамрагдах хүсэлтээ гаргасан бөгөөд Батлан хамгаалах, Боловсрол, шинжлэх ухааны, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран “E-Mongolia” аппликэйшнээр өнгөрсөн гуравдугаар сард бүртгэсэн аж. Тэднээс сурлагын голч дүн, эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалтад их, дээд 51 сургуулийн 490 оюутан тэнцсэн байна.
2014 оноос зохион байгуулж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийг цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилд өнжсөн. Эл хөтөлбөрт 2015 онд хамгийн олон буюу 66 сургуулийн 1000 гаруй оюутан хамрагджээ. Өнгөрсөн хугацаанд 5000 гаруй залуу эл хөтөлбөрийн хүрээнд оюутан ахуйдаа цэргийн алба хаасан байна.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал