
Ардын жүжигчин Д.Гүрсэд тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглосон. Монголын түүхэн сэдэвтэй кинонуудаас “Чин ван Ханддорж”, “Мандухай цэцэн хатан”- ы Баянмөнх жонон, “Би нисэх дуртай”, “Говийн зэрэглээ”-гийн нисгэгч, “Гэрлэж амжаагүй явна” бүтээлийн Энхээ, “Саруул талын ерөөл”-ийн их зохиолч Д.Нацагдоржийн дүрээр үзэгчдэд танил болсон. Тэрбээр залуудаа үндэсний спортоос шагайн харваагаар сонирхож хичээллэдэг байжээ. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буланд онцоллоо.
-Монголчуудын сэтгэлийг сэргээдэг зүйл бол эрийн гурван наадам. Өв соёл, ёс заншил, нүүдлийн өвөрмөц амьдралын онцлог үндэсний спортоос харагддаг. Наадмын өдрүүд ойртож байна. Та гоёлоо зэхэв үү?
-Наадам дөхөхөөр сэтгэл минь догдолж, гоёлоо зэхдэг. Наадмын өглөө Цэнгэлдэхийн талбайд нээлт үзчихээд, шагайн харвааны асарт тухлан харваачдын уухай сонсох дуртай. Тэр өдрүүдэд хол зам туулж, барианд ирсэн морь, унаач хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй самсаа шархирч хайрладаг. Шандаст хурдан хүлгүүдээс цойлж түрүүлсэн морины уяа, сойлгыг тааруулсан эзнийх нь эрдэм, ухаанаар бахархана. Нас, насны хүлгээс дааганы уралдаан хамгийн “хөөрхөн”. Төрийн наадамд торгон жолоо анх удаа өргөж баян ходоодонд шогшиж явааг нь харахаар өхөөрдмөөр санагддаг. Том ах минь морины уяа сойлгыг сайн тааруулдаг уяач байлаа. Би хүүхэд насаа хурдан хүлгийн дэл дээр өнгөрүүлсэн. Нэг удаа их сунгаанд нутагтаа хурдаар алдартай Ширнэнгийн хээр морийг унаж түрүүлэхэд бага ах “Чи хэний зөвшөөрлөөр наадамд уралдах морь унав. Үхэх чинь дутаа юу” гэж зэмлээд чөдрөөр ороолгож билээ. Намайг эмнэг хангалаас унаж бэртэх вий гэж хайрласандаа тэр л дээ.
-Шагайн харваанд сэтгэл татагдсан сонирхолтой түүх танд бий. Театрынхаа уран бүтээлчидтэй хорхойсон тоглодог байсан сониноосоо хуучлаач.
-Би 1980 оноос шагайн харваагаар сонирхож, хичээллэсэн. Тэр үед Улсын драмын театрын найруулагчдаас Г.Доржсамбуу, Ч.Найдандорж нар шагай харвах дуртай Х.Дамдин, Г.Равдан тэргүүтэй жүжигчдийг дөрвөн баг болгон, уран бүтээлийнхээ хажуугаар зав гаргаад тоглоно. Бид шөнөжин тоглож үүр цайлгадаг сан. Гэрийнхэн минь эхэндээ дуртай байгаагүй ч шагайнд хорхойсож оройтдогийг мэдсэнээс хойш зэмлэхээ больсон. Театрын дарга шагай харвахыг нэг их таашаахгүй. Нэг өдөр Э.Оюун багш “Гадуур дэмий хэссэнээс авьяас, ур чадвараа хөгжүүлж, хааяа тоглож суух нь дээр. Үндэсний спорт хүнийг хатуужил тэвчээртэй болгож, амьдралд зөв хандах ухаанд сургадаг” гэж билээ. Драмын театрынхнаас гадна Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, циркийн уран бүтээлчид шагай харвадаг хэдэн багтай. Өдөр товлож хоорондоо өрсөлдөж тоглох бидэнд нэг талаар алжаал тайлсан амралт болдог байв. Шагайн харваагаар зөвхөн спортынхон хичээллэдэггүй юм. Урлагийнхан ч гэсэн харвах дуртай байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тухайлбал, Ардын уран зохиолч Д.Цоодол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян, А.Санжмятав гээд олон хүн бий. Ардын жүжигчин А.Дашпэлжээ шагайн харвааны тэмцээнд оролцож, алтан медалийн эзэн болж байлаа.
-Монголд олон зууны тэртээх тойром харваа одоо ч уламжлагдсан хэвээр. Та “Шагайн тойрмын анхдагчид” баримтат киног бүтээхэд Хонхор нуурын тойром харвааны хөтлөгчөөр ажилласан байдаг.
-Шагайн харваачдын зорин очдог Дорноговийн Луугар, Төв аймгийн Бадын бөөр, Хонхор нуур, Дундговийн Наран Хөгцтийн алдартай тойром бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Пүрэвийн Цогзол гуай Хонхор нуурын тойром харваагаар “Шагайн тойрмын анхдагчид” баримтат кино хийж, олны хүртээл болгосон. Тэр жил уг тойром харвааг хөтлөх азтай завшаан надад тохиосон юм. Энэ кино дахин давтагдашгүй бүтээл юм. 1987 оноос өмнө шагайн харвааны тухай кино бүтээх нь битгий хэл тоглох хориотой байлаа. Уг бүтээл олон оронд гарсан. Монголчуудын нааддаг олон тоглоомын нэг нь шагайн харваа. Шагайн харваачдад ёс заншил, өв соёлоо дээдлэх, ахмадуудаа хүндэлж, нөхөрлөлөө бататгах, сум, хэрэгсэлдээ гамтай хандаж, малгай, бүс шигээ эрхэмлэн дээш нь залдаг сайхан уламжлал бий. Тэр бүхнийг шагай харвах дэг жаяг, уухай, өвөрмөц үг хэллэг, тоглох онцлогоор харуулахыг зорьсон. Тойрмын шагайн харваа мод хураах ёслолын найраар өндөрлөдөг. Нутаг нутгийн мэргэчүүд цуглаж, наадах нь сумын наадмаас дутахааргүй болдог сон. Шагайн харваа өндөрлөсний дараа уухайн аялгуу чихэнд хоногшиж, хэд хоног сонсогдоно шүү дээ. Киноны зураг авах үеэр алдартай харваачидтай танилцаж, заримтай нь ойр дотно нөхөрлөсөн. Тэднээс олон жил шагай харвасан Г.Сампил, Бадамбазар, Дашжамц гуай нарын ур чадвараар бахархсан минь сэтгэлд тод үлджээ.
-Шагайн харваа сэтгэл зүйн спорт. Тоглож, наадахад бясалгал хийхтэй адил гэж харваачид ярих нь ч бий.
-Уухай, түрлэггүйгээр шагайн харвааг төсөөлөх аргагүй. Харваачид наадах үедээ аялгуугаар ярилцаж харц, хөдөлгөөнөөрөө ойлголцдог. Харваж буй хүнээ багийнхан нь уухайгаар удирдана. Оновол уухайгаа өндөрсгөж, алдвал нь намсгадаг. Шагайн харваанд баримталдаг зүйл бий. Үндэсний хувцаснаас аль нэгийг нь дутаах, дээлийн энгэрийг задгай өмсөх, хараалын үг хэрэглэхийг хориглодог. Харваачдад суудлаа зөв олж суухаас гадна итгэлцэл чухал. Нөхдийнхөө итгэлийг даах эрчүүдийн сайхан чанар. Итгэлээс үүдэж эв нэгдэл, нөхөрлөл батаждаг юм. Тухайн хүний мэдрэмж, зориг, зорилго харваанаас нь харагддаг. Хөөрч догдолсон сэтгэлээ барьж, анхаарлаа төвлөрүүлнэ. Өөрийгөө зөв залж сурсан хүн амьдралын аар саар зүйлд амархан бууж өгдөггүй. Энэ нь залуусыг төлөвшихөд тустай. Монголчууд АНУ-ын Сан-Франциско, Чикаго хот, БНСУ, Франц, ОХУ-д холбоо, клуб байгуулаад үндэснийхээ спортыг сурталчилж байна. Миний нэг хүү шагай харвадаг. Хамаатан саднаас Мөнхдэлгэр хэмээх залуу мөн сонирхож хичээллэдэг юм.