
Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний эрхийн төлөөх эцсийн шатны “B” хэсгийн тоглолт Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Монголын хөлбөмбөгчид Палестин, Филиппиний шигшээ багийнхантай учраа таарч хожигдсон ч сүүлчийн тэмцээнд Йемений тоглогчдыг 2:0-ээр илүүрхсэн. Тэмцээний ес дэх минутад хаалгач Э.Мөнх-Эрдэнэ дамжуулалтыг Словакийн II лигийн “КФС Комарно” багт тоглодог Г.Ганбаярт өгснөөр эсрэг багийн хаалганд гоол оруулж, хожлыг өөрийн талд эргүүлсэн. Нэгдүгээр үеийг тэргүүлж эхэлсэн манайхан 53 дахь минутад оноог 2:0 болгов. Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатарт дамжуулахад торгуулийн талбайд унагаж өгснийг Г.Ганбаяр мөн оруулж тэмцээнийг ялалтаар өндөрлүүлсэн юм.