
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Г.Нарантуяа “УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр (уржигдар) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцлээ. Хөндсөн асуудал, гаргасан санал, тэдгээрийн үндэслэл, учир шалтгааны талаар нэг ч гишүүн хариуцлагатай, ажил хэрэгч асуулт тавьж, санал хэлсэнгүй. Илтгэлийнхээ агуулга, ямар учраас энэ асуудлыг чухалчилж байгаа, яагаад тийм санал гаргаж буйгаа яримаар байвч боломж гарсангүй. Илтгэлд хамааралтай байгууллагуудын удирдлагыг УИХ нэг дор цуглуулж, бидний гаргаж тавьсан асуудал хэр үнэн бодитой, тулгамдсан болох, цаашид хэрхэхийг хэлэлцэн, мэтгэлцэж, шийдвэрээ гаргадаг баймаар. Бид ч хийсэн дүгнэлт, хэлсэн үгээ нарийн шүүлтүүрээр тунгаалгаж, институцийнхээ хувьд чангармаар байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш (өнөөдөр) хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд маань илтгэлийн бүлгүүдийн дүгнэлт, тавьсан саналыг цаг гарган уншиж, “сүрийг үзүүлж, дүрийг эсгэсэн” биш, хариуцлагатай, ажил хэрэгч асуулт тавьж, биднийг “шарж” өгөхийг хүсье” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Тэр үнэнийг, бодит байдлыг л хэлэв. ХЭҮК-оос жил бүр гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ 20 гаруй жилийн турш ийм л байдлаар хэлэлцсэн болж ирсэн. Үүнийг хэлэлцэх үеэр гишүүд ч энэ байдлаа хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь, “Бид ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцэхдээ нэг л сэтгэл гаргаж ярилцахгүй, асуудлаа сууриар нь харахгүй байна” гэж бие биенээ шүүмжилж байгаад л алх цохичихдог. Дээрдсэн зүйл бараг алга. Яг ийм маягаар явсаар өмнөх 20 илтгэлд дурдсан олон баримт УИХ-ын гишүүдийн шүүгээний буланд дарагдаж, хүний эрхийн зөрчлүүд нь ч даамжирсаар буй. Тэгсэн атлаа хүний эрхийн асуудлыг хамгийн их улстөржүүлж, “шоуддаг” нь тэд. Эрх баригч МАН-ынхан гэхэд л өнгөрсөн намар болсон 30 дугаар их хурлаараа хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилт бодлого баталсан хэмээн цээжээ баахан дэлдсэн. Өнөөдрийг хүртэл байн байн үүнийгээ ярьдаг ч хийж, хэрэгжүүлсэн нь ховор. Юутай ч ХЭҮК-оос хэвлэж илгээсэн илтгэл, номыг нь гишүүд сөхөж ч харахгүй, хайнга ханддаг нь нууц биш. Харин илтгэлээ хэлэлцүүлдэг ХЭҮК-ын гишүүн нь энэ байдлыг нь анх удаа дуугарч буй нь Г.Нарантуяа байх. Үнэндээ өнгөрсөн хугацаанд хэлэлцдэг нь ч, хэлэлцүүлдэг нь ч эл илтгэлд ингэж л хандаж ирсэн.
ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх, эрх чөлөөний илтгэл бол ХЭҮК-оос тухайн нөхцөл байдалд тавьсан дүгнэлт, хүний эрхийг хангах, хамгаалах талаар төрөөс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, саналыг агуулсан, тогтолцоог сайжруулах зорилготой бодлогын инструмент” хэмээн бичсэнийг нь энд эшилье. Өнгөрсөн оны буюу 21 дэх илтгэлийг энэ оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд илтгэлийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэх ёстой. Үнэндээ үе үеийн УИХ-ын гишүүд дээрх илтгэлийг тогтсон хугацаанд хэлэлцэнэ гэж хуульчилсан учраас л ярьж байгаа мэт, ямар ч идэвх, санаачилга гаргадаггүй.
Тухайлбал, уржигдар болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр үг хэлсэн цөөн гишүүний нэг Ш.Адьшаа “ХЭҮК-ын илтгэлийг сонсоход хангалтгүй байна. Зүгээр л лоозонгийн шинж чанартай, хүний эрхийг зөрчсөн бодитой баримт, нотолгоогүй тайлан байна. ХЭҮК-ын гишүүд томилогдохдоо тогтолцооны өөрчлөлт хийхээ хэлсэн. Тэр ажлаа хэзээ хийх юм бэ” гээд хүний эрхийн зөрчилтэй хууль баталж, ажлын байрны бэлгийн дарамт буурахгүй байгаагийн бурууг ХЭҮК-ын гишүүдээс эрэв. Уг нь гишүүд байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар илтгэлийн танилцуулгыг сонсох нь хангалтгүй л дээ. Гишүүдийн гарт очоод бараг гурван сар болж буй илтгэлтэй өөрсдөө эхлээд цаг гарган танилцаж, өмнөх жилүүдийнхтэй харьцуулж харчихаад ярих хэрэгтэй. Ер нь Монгол Улсын өнцөг булан бүрт болж байгаа нөхцөл байдлыг тандан судалж, учир шалтгааныг шүүн тунгааж, аль болох хэрэгжих боломжтой бодлогын санал гаргахаар жил бүрийн илтгэлийг хичээн боловсруулдгаа ХЭҮК-ын гишүүд хэлдэг. Тэр нь ч илтгэлээс нь харагддаг юм.
Жишээ нь, эрхэм гишүүд энэ жилийн илтгэлийг сөхөж харсан бол цэргийн алба хаагчид бэлгийн хүчирхийлэлд өртдөг талаарх маш ноцтой баримтууд бий. ХЭҮК 2007 оны илтгэлдээ цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг онцолж байсан юм билээ. Ингэхдээ дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаагчдад оногдуулж буй сахилгын шийтгэлийг онцолж, хойшид ийм явдал гаргуулахгүй байх чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад анхааруулж, санал, зөвлөмж хүргүүлж байсныг тухайн үеийн илтгэлээс харж болно. Харин энэ удаа тэд цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн юм билээ. Үндсэндээ цэргийн “дэглэлт”-ийн хуучин арга, хэлбэр өнөөг хүртэл арилаагүйг ам дамжсан яриа, үе үе дэгддэг хэрэг явдал төдий бус гэдгийг энэ удаагийн илтгэл бэлхнээ нотолж буй. Улмаар Цэргийн албаны болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцааг хориглосон зохицуулалт тусгах тухай саналыг ХЭҮК-оос УИХ-д илгээжээ. Хэрэв ХҮЭК-оос 15 жилийн өмнө өгсөн зөвлөмж, сануулгыг хууль тогтоох байгууллага тухайн үед ажил хэрэгчээр хүлээн авч, хэрэгжүүлсэн бол ийм байдалд хүрэхгүй ч байсан юм бил үү.
Ажлын байрны бэлгийн дарамт ч тэр олон жилийн турш хөндөгдөж буй асуудал шүү дээ. Гайхаж, гаслах хэрэггүй, гишүүд ээ. Энэ удаа ч илтгэлд багтаасан байна лээ. Ер нь хүчирхийлэл хаа сайгүй байгааг бүх илтгэлээс харж болно. Хүний эрхийн эл зөрчлийг илтгэл бүрт орхигдуулахгүй онцолдог. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч, гуравдагч этгээдийг хамгаалах, тэдэнд сэтгэл зүйн хийгээд захиргааны шаардлагатай дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгохыг ХЭҮК-оос 21 дэх илтгэлээрээ анхааруулсан юм. Улмаар энэ төрлийн дарамт, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт зохицуулалт тусгах ёстойг тус илтгэлд онцолжээ.
Нөгөө талаас гишүүдийн ярих дуртай, хүсээд байгаа тогтолцооны өөрчлөлтийг ХЭҮК дангаараа хэрхэвч хийж чадахгүй. Тиймээс ч Ардын намынхан ам нээх болгондоо “хүний эрх” хэмээн онцолж, өөрсдийгөө пиардах гэж ядаж буй. Харин ч хуулийг нь бүрэлдэхүүнтэй нь хамт шинэчилсний дараа ХЭҮК-ын гишүүд өмнөхөөс хавьгүй шинэлэг арга барилаар, санаачилгатай ажиллаж буй. Ядаж л анхаарал татсан асуудлаар тайлбар, мэдээлэл өгч, байр сууриа хатуухан илэрхийлчихдэг болсон. Харамсалтай нь, төрийн эрх барих байгууллагын зүгээс тэдний бүх асуудлыг нь шийдээд өгчихсөн аятай ажлаар дарах болсон. Үнэндээ төсөв, мөнгө нь ч олигтой нэмэгдээгүй л юм билээ.
Мөн хүний эрхийн зөрчилтэй хуулийг УИХ, гишүүд нь баталсаар буй. Саяхны жишээ дурдвал, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд хүний эрхийн зөрчилтэй цөөнгүй заалт тусгасныг олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилсэн шүү дээ. Хууль санаачлах эрх нь ХЭҮК-ынхонд хүртээлгүй. Мэдсээр байж тийм хууль баталсны бурууг УИХ дангаараа үүрэх учиртай.