
Парис хотод дөрвөн өдөр үргэлжилсэн ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурыг шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэв. Ингэснээр тус нуурын сав газрын экосистемийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтрах боломж нээгдэх нь. Монгол Улс 1991 оноос хойш найман газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн. Үүний долоог нь бие даан, нэгийг нь ОХУ-тай хамтран оруулсан байдаг. Тэгвэл дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг бүрдүүлдэг эл нуур экосистемийн ач холбогдлоороо олон улсад дархлагдсан манай орны ес дэх газар боллоо. Хөвсгөлийг зорих жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн бүсэд бохирдол, доройтол гаарсан. Мөнх цас, цэвдэг эрчимтэй хайлж буйгаас нуурын талбайн хэмжээ нэмэгдэж байгааг судлаачид тогтоосон юм. Энэ мэтчилэн олон хүчин зүйл далай ээжийг унаган төрхөө алдахад хүргэж буй учраас цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай гэсэн гол үзэл санааг Монголын талаас олон улсын байгууллагынханд танилцуулжээ.