
Ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нь жил, сар өнгөрөх тусам нэмэгдэж байна. Нөгөө талаар ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ажиллах хүчний нөөц арвин байгааг олж хардаг болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 144 дүгээр зүйлд “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжийн бэрхшээлтэй хүн ажиллуулна” гэж заасан. Үүнийг хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгж дагаж мөрдөж байгааг бид өмнөх нийтлэл, сурвалжилгаараа хүргэж байв. Тэгвэл төрийн яамд ч уг заалтыг дагаж мөрдөхийн төлөө ажиллаж байгааг энэ удаагийн нийтлэлээрээ онцоллоо.
ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэлтэстэй. Тус хэлтсийнхэн бусад яамныхантай хамтран ажиллаж, мэдээллээр ханган, сургалтад хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг юм байна. Тэдгээрээс жишиг болохуйц нэг байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яам аж.
Тус яам асуудлыг нь хариуцдаг зам, тээврийн салбар нийт 20 727 ажиллагсадтай. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэн бий гэнэ. Тухайлбал, яаманд нэг, Иргэний нисэхийн ерөнхий газарт 19, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т 18, “Зам тээврийн хөгжлийн төв”-д долоо, “Монголын төмөр зам” ТӨХК-д тав, МИАТ-т нэг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 149 хүн ажилладаг. 200 ажиллагчийн 109 нь эрэгтэй, 91 нь эмэгтэй. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзвэл харааны 21, хэл ярианых дөрөв, сонсголын ес, хөдөлгөөний 32, оюуны бэрхшээлтэй гурван ажилтан байдаг. Харин бусад гэсэн ангилалд хамруулан авч үзэх 131 хүн зам, тээврийн салбарт ажиллаж, цалинтай, хангамжтай, өөрөөр хэлбэл, бусадтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөдөг ажээ.
ЗТХЯ дэргэдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлтэй. Уг зөвлөл нь өнгөрсөн оны сүүлчээр “Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд салбар”-аар шалгарсан байна. ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах шинжээч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мяндасмаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан. Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл байгуулагдсантай холбогдуулаад манай яам дэргэдээ дэд зөвлөл байгуулсан юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах болсон. Ялангуяа “Түгээмэл хөгжил” төвтэй байнга холбоотой байдаг. Ингэснээр бид төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тусгаарлах нь буруу, бүгд хамтдаа ажиллах ёстой, тэгж байж гарц олж, асуудлыг шийднэ гэсэн ойлголттой болсон. 2016 онд манай салбарт хөгжлийн бэрхшээлтэй 50-иад хүн ажилладаг байлаа. Харин өнгөрсөн оны сүүлчийн байдлаар энэ тоо 200-д хүрсэн. Ирэх сарын сүүлчээр дахин бүртгэх юм. Тэгэхээр энэ жил хэдээр ахисан нь тодорхой болно. Салбарын байгууллагууддаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах ёстой гэсэн шаардлага байнга тавьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байранд ажиллуулж чадвал үр бүтээл сайтай байна. Тогтвортой ажилладаг. Жишээ нь, манай яамны архивын туслах ажилтан С.Самдандэлэг маш сайн ажилладаг. Архивын цаасан материалуудыг цахим хэлбэрт шилжүүлдэг. Тушаал болон бусад материалыг маш хурдан олж цахимаар явуулдаг. Ажилтнуудыг дээш, доош нь гүйлгээд байдаггүй. Ажилдаа эзэн болсон хүн. Цагтаа ирдэг, хариуцлагатай. Салбарынхнаасаа дурдвал төлбөр авах цэг, бичиг хэрэг хүргэх, угтах үйлчилгээ зэрэг янз бүрийн ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Бүгд ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилтай, орлоготой байхад гэр бүлийнхэн нь сэтгэл хангалуун, өөдрөг байдаг. Тэр сэтгэгдэл нь тухайн ажилтны, ажилчдын ажлын бүтээмжид ч эергээр нөлөөлдөг. Улмаар байгууллагын ажил урагштай байхад тустай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий хамт олон нэг нэгэндээ санаа тавихдаа сайн, тэр хэрээр хоорондоо эвтэй, нэгдэж, нягтрах нь ч бусдаас илүү юм шиг санагддаг” хэмээн ярилаа.
Түүний ярьсны дагуу архивын туслах ажилтан С.Самдандэлэгтэй уулзсан юм. Нэгдүгээр давхарт байдаг өрөөнийх нь үүдэнд дөхөж очиход л “Энэ архивын өрөө” гэх шиг орчин угтсан. Эмхэлж цэгцлэн, үдэж, хямгадсан нь илт, өрж тавьсан бичиг баримтын хоорондуур болгоомжтой явж буй өндөр, нүдний шилтэй залуу бидэнтэй уулзлаа. Эдүгээ 20 настай идэр эр одоогоос зургаан жилийн өмнө дүүтэйгээ хамт усанд явж байх үедээ нийтийн тээврийн автобусанд дайруулжээ. Түүний баруун хөл өөрийнх нь хэлж буйгаар үндсэндээ тасрах шахсан гэнэ. Улмаар 2-3 жилийн хугацаанд 13 удаа мэс засал хийлгэжээ. Үүнээсээ болж байнга гэртээ байсан учраас нийгмийн амьдралаас нэлээд хэдэн жил хөндийрсөн аж. “Нийслэлд автобусаар зорчихдоо карт уншуулж төлбөр хийдэг болсныг хэзээ хойно нь мэдсэн” гэх зэргээр тэрбээр нийгмийн амьдралаас ихээхэн хоцорсон тухайгаа хэлж байлаа. Долдугаар ангид байхдаа буюу осолд орохоос өмнө сэргэлэн цовоо, үеийнхэн дундаа гүйлгээ ухаантай гэж яригддаг байсан тэрбээр мэдээллийн технологи ихэд сонирхдог. Тиймээс хөл дээрээ босмогцоо Үйлдвэрлэл урлалын коллежинд элсэж суралцаж, график дизайнер мэргэжил эзэмшжээ. Багын сонирхолдоо хөтлөгдөн мэргэжил эзэмшсэнээр өдгөө ЗТХЯ-ны ажилтан болоод буй аж.

С.Самдандэлэг “Би айлын том хүүхэд. Гурван дүүтэй. Намайг хөлтэй минь үлдээх гэж аав, ээж минь байдгаа барсан даа. Эмнэлэгт хамт хэвтэж байсан хүмүүс хөлөө тайруулж байлаа. Би ч ийм байдалд ороход ойрхон байсан. Гэхдээ өнөөдөр бага зэрэг урт, богино хөлтэй ч гэсэн, эвгүй, том сорвитой ч гэлээ хөлтэйгөө байгаагаа аз гэж боддог. Компьютерт дуртай, гүнзгийрүүлэн суралцахыг байнга хүсдэг байсан минь өдий хүртэл хичээл зүтгэл гаргахад их хэрэг болсон. Би энд гол нь архивын бичиг баримтыг цахимжуулан хадгалах ажил хийдэг. Хамт ажилладаг, архивын эрхлэгч эгч их тайван. Тийм болоод ч тэр юм уу, манай ажлын орчинд, өрөөнд нам гүм, юунд ч сатааралгүй төвлөрч ажиллах боломжтой. Хамт олон дундаа байх л гоё. Миний үеийн хөгжлийн бэрхшээлтэй залуус олон бий. Бүгд санаснаараа ажил олж хийж чаддаггүйд жаахан харамсдаг. Миний хувьд бүх юм болж байна. Алдсан цаг хугацаагаа эргүүлж олж авахыг хичээсэн. Болдог юм билээ. Тиймээс үеийнхэн минь бас хичээгээрэй гэж хэлэхийг хүсдэг” гэв.
Энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын тулд орчны хүртээмжийг сайжруулах нь туйлын чухал. Тиймээс ЗТХЯ-ныхан орчны хүртээмжийг сайжруулахад, бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд ихэд анхаардаг аж. Тухайлбал, “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтТЕНДЕРИЙНран нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх багц ажлыг хэрэгжүүлжээ. Энэ нь автомашины зогсоол, 700 ам метр асфальтан зам, явган хүний эко хавтан, гэрэлтүүлэг, хашааны хаалга, сагсан бөмбөгийн талбай тохижуулах зэрэг 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил юм байна. Мөн орон нутагт галт тэргээр зорчигчдод зориулж 482 дугаар вагоныг MNS 5876:2012 стандартад үндэслэн өөрчлөн тоноглож, тохижуулжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялах боломж бүрдсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3-т “Нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дараалал харгалзахгүй үйлчлэх” гэж заасан байдаг. Үүний дагуу тус яамныхан нийслэлийн “Лавай” авто буудал, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн үйлчилгээний төв болон орон нутгийн Авто тээврийн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөн, шуурхай, дугааргүй үйлчлэхийг зөвлөмж болгожээ. Үүний дагуу авто тээврийн төвүүдэд “Тусгай цонх” гарган ажиллуулж буй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан 2016 оноос хойш уг зөвлөлийнхөн салбарын хэмжээнд идэвхтэй ажиллан, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох олон санаачилга гаргасаар иржээ. Жишээ нь, УИХ-аас Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг2017 оны тавдугаар сард баталсан. Уг хуулийн 30.5-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлнө” гэж тусгасан нь бий. Энэ бол тус дэд зөвлөлийнхний “зүтгүүлсэн” заалт. Бас нэгэн чухал шийдвэр Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар гаргуулжээ. Энэ нь авто зам, замын байгууламж хүлээн авах ажлын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн явдал. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын тогтоолоорбатлуулсан байна. Үүний гуравдугаар заалтад “Явганаар болон унадаг дугуйгаар зорчих, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэх” гэж тусгажээ. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй үнээр зорчих нөхцөлийг бүрдүүлэх тухай заасан Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад байна. Энэ мэтээр дурдаад байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, орчны хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлогын ажил цөөнгүй аж.