
Жилд дунджаар 250 000 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийдэг гэсэн статистик бий. Энэ хэмжээгээр бүртгэлтэй холбоотой янз бүрийн баримт бүрдүүлэх зэрэг олон асуудал үүсэж, зарим тохиолдолд иргэдийг чирэгдүүлдэг. Тэгвэл иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимжуулж эхэлсэн талаараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, “E-mongolia” нэгдсэн системд өнөөдрөөс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр УБЕГ-ын 22 төрлийн лавлагаа, 55 төрлийн үйлчилгээг эл нэгдсэн системээр дамжуулан авах боломж бүрджээ. Иргэний шилжих бүртгэлийг өдгөө гар утасны аппликэйшн ашиглан хийдэг болохоор ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан дуусгах юм байна.
Бэлтгэсэн Э.Хана