
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгээд байна. Үндсэндээ батлахад бэлэн болсон гэсэн үг.
Өдгөө Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11-15-нд тэмдэглэхээр буй. Тэгвэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчилснээр аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11, улсын баяр наадмыг 11, 12, 13-нд орон даяар тэмдэглэхээр болж байна. Ингэхдээ улсын баяр наадмыг долдугаар сарын 11-нд нээнэ. Үндэсний баяр наадмаа нэгэн зэрэг хийхгүй бол өндөр цолтой бөхчүүд, хурд сайтай уяачид нь аймаг, сумын наадам хэсэж, хамаг бай шагналыг нь хамчихдаг явдлыг таслан зогсоохын тулд ингэж хуульчлахад хүрсэн хэмээж буй. Хурдан морины бүсийн уралдаануудыг ч нэгэн зэрэг зохион байгуулах боломж уг хуулиар бий болж байна.
Улмаар морио машинд ачаад, аймаг, бүсийн наадам алгасахгүй уралдаж, айраг, түрүүг нь хамдаг байдлыг болиулахын тулд хууль тогтоогчид нэлээд цэц булаалдсан юм. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан хурдан морины уралдаанд амжилтыг нь харгалзан цол, чимэг олгохоор тогтлоо. Уяачдад цол, чимэг олгох болзол нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буйтай ижил ч дотор нь улсын болон бүсийн уралдаанд үзүүлсэн амжилтаар нь зааглажээ. Тодруулбал, улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан тохиолдолд улсын манлай уяач цол олгохдоо улсын баяр наадамд нэг, эсхүл хоёр удаа айрагдсан байх шалгуур тавив. Мөн морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан тохиолдолд тод манлай уяач цол олгохдоо үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан байх нарийвчилсан зохицуулалт орууллаа.
Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхөд улсын цол олгох зохицуулалтыг зарим талаар өөрчлөв. Тодруулбал, улсын начин, харцага, заан, гарьд цол авах болзлыг өөрчлөөгүй ч арслан, аварга, даян аварга, дархан аварга болоход өөр “дүрэм” үйлчлэх нь. Тухайлбал, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх ес давсан бол үзүүр, түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох зохицуулалт одоогийн хуульд бий. Харин шинэчилсэн найруулгад “улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав даван түрүүлбэл улсын аварга”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэвэл улсын аварга” болох болзлыг заажээ. Түүнчлэн улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024, бусад баяр наадамд 512 бөх барилдахаар шинэчилсэн найруулгад тусгасан байна. Мөн улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулахыг эцсийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонх дэмжсэн юм. Бас улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах насыг 16, уралдаанч хүүхдийнхийг “найм, түүнээс дээш” гэж өөрчлөх нь.
Одоо долоо ба түүнээс дээш насны хүүхдийг унаач байхыг зөвшөөрч буй. Хурдан морь унаач хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хэрхэн өв соёлоо тээж үлдээх вэ гэдэгт оновчтой хариу шийдвэр лах шаардлага байнга тулгардаг гэхэд болно. Үндэсний их баяр наадмын тухай хуульд хурдан морь унах хүүхдийн насны доод хязгаар, ослын даатгалд хамруулах талаар зааснаас өөр зүйл үгүй. Хүүхдийг хэзээ, хэдий хугацаанд, ямар давтамжтайгаар хурдан морь унуулах, эрүүл мэндийг нь яаж хамгаалах, түүнд хэн, хаанаас хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийг биелүүлээгүй этгээд ямар хариуцлага хүлээх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихдаа үүнийг засаж, залруулахаа онцолж байсан ч тэгтлээ сайжруулж, өөрчилсөн зүйл үгүй гэлтэй. Тухайлбал, уралдаанч хүүхдийг хурдан морины уралдааны үед болон сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулах, үүнд болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэж байгаа, эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавихаар заасныг эс тооцвол нэрлэх зохицуулалт тийм ч олон алга. Харин уралдаанч хүүхдийг стандартын шаардлага хангаагүй хэрэглэлээр хангасан уяачийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд нэг жилийн хугацаанд морио бүртгүүлэх, уралдуулахгүй байх саналыг салбар хорооноос нь зохион байгуулах хороонд хүргүүлж, мэдээллийн санд оруулж, шийдвэр лүүлэхээр заасан байна. Уг нь уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг Хүний эрхийн үндэсний комисс тэргүүтэй байгууллагаас амны уншлага болтлоо анхааруулж ирсэн юм сан.

Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй хэмээн маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол олноор гарах болсон. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, үндэсний сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал хамруулдаг. Тэгвэл бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авах нь. Нөгөө талаас допинг хэрэглэсэн бөх, харваач төдийгүй дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэгт хамаарах зохицуулалт тусгасан байна.
Харин 2025 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжээгүй. Морины уралдаанд монгол адууг хассан, эрлийз адууг уралдуулсан гэх мэт маргаан тасрахаа байсан. Уг хуулийн хэлэлцүүлгийн явцад ч уяачид эл асуудлыг хөндөн жагсаж байлаа. Одоо мөрдөж байгаа хууль, дүрэм журамд монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган, уралдаанаас хасах, эсэхийг шийдэж буй. Гэхдээ монгол үүлдрийн адууны болон хурдан морины стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа Хурдан морины салбар хорооны саналыг үндэслэн зохион байгуулах хорооноос баталсан Хурдан морь уралдуулах журмаар зохицуулахаар тусгасан юм. Өөрөөр хэлбэл, монгол үүлдрийн адууны стандарттай болтол сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулна. Энэ тухайд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлагч Засгийн газрыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар гурван жилийн дотор монгол морины геномын дарааллыг бий болгож, хүний хамааралгүйгээр лабораторид шинжилсний үндсэн дээр улсын баяр наадамд морьдыг уралдуулах үүргийг энэ хуулиар хүлээж байна. Энэ хугацаанд субъектив байдлаар шийдвэр гаргуулахгүйн тулд сэрвээнийх нь өндрөөр хэмжээд уралдуулна. Иймд монгол морины дунд дунджаар азарга нь 141, даага бол 127 см-ээс нам сэрвээтэйг нь уралдуулъя гэж шийдсэн. Хууль батлаад, шууд геномын дарааллыг гаргах боломжгүй. Улсын хэмжээнд бүх сум, аймгийн монгол морьдоос дээж авсны үндсэн дээр нарийн лабораторид шинжилж, сэрвээнийх нь өндрийг тогтооно. Үүнийг өнөө, маргаашдаа хийх боломжгүй” хэмээн тайлбарласан юм.
Түүнчлэн үндэсний баяр наадмыг хэрхэн зохион байгуулах вэ, ер нь наадам ямар болох бол гэж олон нийт хүлээдэг. “Наадам олигтой болохгүй нь. Ширхэг хадаасны мөнгө ч өгөөгүй шүү” гэх зэргийн явган яриа ч гарсан. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Энэ удаа наадмын үйл ажиллагааг бүхэлд нь хөнгөхөн бөгөөд энгийн байдлаар, гэхдээ үүх түүх, өв соёл, уламжлалаа наадамчид, дотоод, гадаадын жуулчид, хүүхэд залуустаа ч тэр цогцоор нь сурталчлан таниулахуйцаар зохион байгуулах юм. Нэг их хүн, хүч дайчилж, засал чимэглэл гэлгүй, өөрөөр хэлбэл, нүсэр бишээр шийднэ. Зардалд 2.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгаж өглөө. Баяр наадам зохион байгуулах морь, бөх, сур, хэв журам, аюулгүй байдал, тохижилт үйлчилгээний гэх зэрэг олон салбар хорооны ажилд хуваарилан зарцуулах болно. Мөн соёл урлагийн тодорхой арга хэмжээг зохион байгуулах хөрөнгийг Соёлын сайдын багцад тусгасан. Наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулахаар ерөнхий найруулагч болон түүний баг ажиллаад эхэлсэн” гэв.