
Шатахууны үнэ өнгөрсөн баасан гарагт нэмэгдлээ. Тодруулбал, АИ-95 автобензиний үнийг литр тутамд нь 250 төгрөгөөр өсгөн 3910, дизель түлшнийхийг 160-аар нэмэгдүүлж 3740 болгожээ. Ингэснээр сүүлийн гурван сард АИ-95 бензиний ханш 1000, дизель түлшнийх 800 гаруй төгрөгөөр нэмэгдэв. Манай улс сард дунджаар 4000 тонн АИ-95 бензин хэрэглэдэг бөгөөд энэ нь АИ-92-ынхтой харьцуулахад 10 дахин бага дүн учраас хэрэглэгчдэд төдийлөн дарамт учрахгүй хэмээн холбогдох албаныхан тайлбарлав. Түүнчлэн дэлхийн зах зээлд газрын тосны ханш тасралтгүй нэмэгдэн, ОХУ-ын “Роснефть” компаниас манайд нийлүүлж буй шатахууны хилийн үнэ энэ сард өмнөх сарынхаасаа тонн тутамдаа 43-141 ам.доллароор өссөн хэмээн АМГТГ-аас мэдээлжээ. Тэгвэл Засгийн газраас онцгой албан татварыг тэглэсэн учраас АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй байх боломжтой хэмээн УУХҮЯ-наас дурдсан юм.