
Панам улсын Панам хотод шатрын сурагчдын ДАШТ-ийг энэ сарын 10-19-нд зохион байгуулахад 37 орны 498 тамирчин өрсөлдөв. “Мончесс” шатрын академийн дасгалжуулагч, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан манай 14 тамирчнаас 10-11 насны охидын ангилалд Говьсүмбэр аймгийн М.Маргад, 12-13 насныхад Г.Урангоо есөн өрөг тоглосноос зургаа хожиж, гурав тэнцэн 7.5 оноогоор нэг ч хожигдолгүй түрүүлж, аваргын цом өргөлөө. Тэд гаргасан амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртэв. Тэгвэл Ч.Нандинжигүүр (долоо хүртэлх нас), И.Цэлмүүн (8-9) нар мөнгө, З.Энхзаяа, Б.Хулан (12-13), Н.Энхболор (14-15) хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдээс Б.Тэнүүнболд (12-13) мөнгөн медаль гарджээ. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид олон улсын цолтон болсон юм.