
ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг нийслэлийн удирдлага өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав. Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор сансрын нисэгч В.А.Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”- ий өргөмжлөл, Савиных Виктор Петровичид “Хангарди” одон, Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгосныг ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Засаг дарга Д.Сумъяабазар нар гардуулан өглөө.

Өнгөрсөн онд хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой тохиосныг ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдсан юм. Энэ үеэр сансрын нисэгч В.А.Жанибеков “Энэхүү шагнал нь монголчуудын Оросын ард түмэнд ханддаг сэтгэлийн илэрхийлэл юм. 41 жилийн өмнөх хамтарсан нислэг хоёр орны харилцааг өндөр түвшинд гаргасан. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарын амьдрал их өөрчлөгдсөнийг харахад баяртай байна” гэв.
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрон, найм хоногийн дараа дэлхийдээ газардсан түүхтэй. Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёр, дэлхийн 101 дэх хүн болж байв.