
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар батлав. Ингэснээр хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчингүй, эрүүл бүс болох, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагт хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцолсон. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөв, олон улсын зээл, тусламж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт зэргээс бүрдүүлэх аж. Тогтоолыг баталсантай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хуралд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун оролцсон бөгөөд тэрбээр “Монгол Улс хийж чадах зүйлээ дотоодоос хангах бүрэн боломжтой. Энэ тогтоолын хэрэгжилтэд иргэн бүрийн оролцоо өндөр үүрэгтэй” гээд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох бусад хууль, тогтоомжийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан батлуулахаар тусгасныг дуулгав.
Мөн энэ өдөр Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав. Тус тогтоолд Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, УИХ-ын гишүүнтэй уулзах, парламентын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдийн энгийн хувцаслалтыг зөвшөөрөхөөр тусгасан юм.
Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Ж.Хунанг томиллоо. Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилох ёстой. Ж.Хунан нь Дорноговь аймагт төрсөн, 43 настай, Унгарын Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.
Бас Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хөрөнгийн үнэлгээний болон Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталсан юм.