
Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) байгуулаад хагас жил өнгөрлөө. Хийх ажлын төлөвлөгөөгөө хуваалцаач. Танай яамыг байгуулсны ач холбогдол юу вэ?
-ЭЗХЯ байгуулснаар улс орны хөгжлийн үндсэн бодлогыг боловсруулж, төлөвлөгөөг гарган, салбар хоорондын уялдааг нэгтгэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүрэг, эрх бүхий субъект бий болсон гэсэн үг. Өмнө нь салбар бүр өөрсдийн ажлын төлөвлөгөө, хөгжлийн бодлогыг тодорхойлж салангид байдлаар ажиллаж ирсэн гэхэд болно. Хөгжлийн институцууд байсан ч тогтвортой бусаар үйл ажиллагаа явуулж байж. Тэгвэл өдгөө бүх бодлого, төлөвлөлтийг нэг дор зангидан, зохицуулахаар хуульчилж өгсөн. Үндсэн хуульд ч хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байхаар тодотгосон. Энгийнээр хэлбэл, манай яам улсад мөнгө олж ирэх буюу хөрөнгө оруулалт татах бодлого, стратегийг гарган, хөрөнгө оруулах орчныг бүрдүүлж, нөхцөл байдлаа зөв үнэлж, цаашдын зорилтоо тодорхойлох ажлыг хийж буй. Бид нэг цонхоор харж, хөгжлийн нэг бодлого баримтлах хэрэгтэй бөгөөд ЭЗХЯ салбаруудын уялдааг ханган, бодлогоо боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэсэн үг.
-Ойрын хугацаанд хаана ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
-Бид богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт буюу Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг УИХ-аар батлууллаа. 2023 онд хийх ажил гэсэн үг. Үүнд хүний хөгжлийн болон эдийн засгийн бодлогыг тодорхойлох, ногоон хөгжлийг дэмжин байгаль орчны тэнцвэрийг хадгалах нийслэл, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван бүлэг, 18 зорилт бүхий 75 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулж хэлбэл, зам, тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг тусгаж өгсөн. Бидний төлөвлөгөө, бусад оролцогчийн хамтын ажиллагааны үр дүнд 2024 он гэхэд түүхий эдийн боловсруулалтын түвшнийг 30 хувиар нэмэгдүүлэн, эрчим хүчний чадлыг 900 МВт-аар өсгөн, боомт холбосон замын бүтээн байгуулалтыг 1000, орон нутгийн хөгжил, аялал жуулчлалын урсгалыг дэмжсэн авто замыг 800 км-ээр уртасгах боломжтой. Мөн 40 000 ажлын байр бий болгон, 18 000 айлын орон сууц ашиглалтад оруулна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. Цахим засаглалын тогтолцоог бэхжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэн, бүтээмжийг дээшлүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын дунд хугацааны буюу ирэх 10 жилийн хөгжлийн бодлогыг салбар бүрийн оролцоог ханган боловсруулж буй.
-Эдгээр ажлыг хийхэд хэдий хэр хэмжээний хөрөнгө шаардах бол. Санхүүжилтийг нь хэрхэн шийдэх вэ?
-Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг, мөн оны төсвийн хүрээний мэдэгдлээр хязгаарлан боловсруулсан. Төсөв, өрийн бодлого, боломжит нөөц, бусад хүчин зүйлтэй уялдуулан нийт 15 их наяд төгрөг зарцуулахаар тооцсон. Ер нь 2023 оны улсын төсвийг бүхэлд нь хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэхэд болно. Гадаадын зээл тусламжаас 1.6, төр хувийн хэвшлийн түншлэлээс 4.1, улсын төсвөөс 1.8, бусад хөрөнгө оруулалтаас зургаан их наяд гаруй төгрөг татан төвлөрүүлэх юм. Улсын төсвөөс томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал. Гадаадаас авах зээл, тусламж ч өрийн таазыг нэмэх учраас боломж бага. Хөрөнгө төвлөрүүлж, ажлаа гүйцэтгэх хамгийн боломжит хувилбар нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах болон гадаадын хөрөнгө оруулалт татах явдал юм.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хэрхэн санхүүжилт бүрдүүлэх талаар тодруулна уу. Манайхыг гадаадынхан хэр сонирхож байна. Хувийн хэвшлийнхэн төрийн ачааллаас “үүрэлцэн”, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад ашгаа олох боломж хэр байгаа бол?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам тухайн улсын ДНБ өсөн, эдийн засаг нь чадавхаждаг статистик бий. Манай улсын хувьд 1990-2021 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас 35.6 тэрбум ам.доллар татжээ. Үүний 72 хувь нь уул уурхайн салбар, 11 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, борлуулалт эрхэлдэг аж ахуйн нэгжид ногдсон байна. Хөрөнгө оруулалтын томоохон таван гэрээ байгуулж, үр дүнд нь 6.3 их наяд төгрөг татан төвлөрүүлжээ. Гэхдээ эл үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол буурсан. Ер нь олон улсад ч гадаадаас хөрөнгө татахыг эрмэлзэн, эдийн засгаа тэлэхийг хичээн, цар тахлын дараах шинэ хэвийн байдал руу богино хугацаанд шилжихээр өрсөлдөж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн татах нэг үндэс бол хууль, эрх зүйн орчныг сайжруулж, бодлогоо тодорхой болгох. Хөрөнгө оруулагчдад чанартай, найдвартай үйлчилгээ санал болгон, шаардлагатай дүрэм, журам, нөхцөлийг “шилэн, тунгалаг” байлгах хэрэгтэй. Бизнесийн орчин дахь төрийн оролцоог ч багасгах учиртай. Засгийн газраас Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, хөрөнгө оруулахад таатай боломж бүрдүүлсэн, хуулиудын давхардал хийдлээ арилгасан байдлаар боловсруулж буй. Удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг ч боловсронгуй болгох зорилготой. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа манай улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл гадаад эзэнтэй компанийн төлөөллийн саналыг харгалзсан.
-Дээрх талууд юунд анхаарахыг зөвлөсөн бэ. Манайд бизнес эрхлэхэд нийтлэг ямар бэрхшээл тулгардаг бол?
-2013 оноос хойших хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуульд найман удаа өөрчлөлт оруулсан ч зөвхөн байгууллагын нэр, эрх, үүргийг солих төдийгөөр хязгаарлагдан, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой томоохон алхам хийгээгүй байна. Цөөнгүй ч асуудал хуримтлагджээ. Эхний ээлжид төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, хөрөнгө оруулагчдад тавих шаардлага, нөхцөлийг ил тод, нээлттэй болгох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хугацаагаа урт, тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй нь анзаарагдсан. Мөн хөрөнгө оруулагчдаас гаргасан гомдол, маргааныг шуурхай, шударга шийдвэрлэх, оруулсан хөрөнгө нь шамшигдахгүй байлгах орчин бүрдүүлэх хэрэгтэй аж. Манай улсын хувьд хөгжлийн зорилго зорилтоо богино хугацаанд өөрчилдөг, энэ жил баталсан журам нь ирэх жил хүчингүй болдог гэж болох нийтлэг алдаа гаргаж иржээ. Үүнийг засан, хөрөнгө оруулалтын таатай, урт хугацаанд өгөөжтэй орчин бүрдүүлбэл зохих юм. Бас уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор татварын болон татварын бус хөнгөлөлт, урамшуулал санал болгох, уян хатан зохицуулалтууд оруулахаар ярилцаж байна.
-Ирэх жил гүйцэтгэх ажлыг хийхэд ямар эрсдэл тулгарах бол?
-Цөөнгүй эрсдэл бий. Мэдээж богино, дунд хугацаанд гадаад, дотоодын болзошгүй нөхцөл, эрсдэлийг сайн тооцон, төлөвлөж ажиллах нь зүйтэй. Богино хугацаанд гадаад валютын албан нөөц буурах, импортын хамааралтайгаар инфляц үргэлжлэн өсөх, Украин дахь дайны улмаас импортын гацаа үүсэн, зарим төрлийн шатахууны үнэ нэмэгдэх зэрэг эрсдэлийг аль болох хохирол багатай давах хэрэгтэй байна. Түүнчлэн дунд хугацаанд төлөх хуваарьтай томоохон өр, своп хэлцлийн төлбөрт шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх зохицуулалт чухал. Мөн төсвийн болон экспортын орлого хэлбэлзэн, эдийн засагт тодорхой бус нөхцөл үүсэх, импортын барааны үнэ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн орц тасалдах, импортоос хамааралтай салбаруудын үйлдвэрлэл буурч, суурь үнэ өсөх зэрэг асуудал бий.
-Эдгээрийг шийдвэрлэх ямар төлөвлөгөө байна вэ?
-Банк санхүүгийн байгууллагын спекуляцийг хязгаарлан, банкуудад дахин санхүүжилт хийн, своп хэлцлийн хугацааг уртасгах, ханшийн хүлээлтийг оновчтой удирдаж болно гэж тооцсон. Мөн импортыг орлох хүнсний үйлдвэрлэлийг онцгойлон дэмжих, шатахууны нөөцийг тогтвортой байлган, ОХУ-аас өөр орноос шатахуун импортлох боломжийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэлэлийн чадамжийг өсгөх шаарлагатай. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг өсгөн, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулж, импортын сувгийг олшруулах зэрэг ажлыг Монголбанк, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран удирдан зохион байгуулж ажиллана. Хийхээр төлөвлөсөн төдий биш, шаардлагатай ажлуудаа одоо ч хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
-Ирэх он гарахад хагас жилийн хугацаа л үлдлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээмжийг өөдрөгөөр төсөөлж байгаа аж. Манайд ямар давуу тал байна вэ?
-Сорилт бэрхшээлүүд, тодорхой бус гадаад нөхцөл байдлын улмаас цар тахлын дараах сэргэлт удаан үргэлжлэхээр байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар инфляц 15.1 хувьд хүрсэн. Бодит байдалд стагфляц болж байна гэсэн үг. Эдийн засгийн хатуу бодлого баримтлахыг цаг хугацаа шаардаж байгаа хэрэг. Төсвийн сахилга бат юу юунаас чухал байна. Манай голлох түүхий эд нүүрс, зэсийн экспорт аажмаар өсөж байгаа нь эдийн засгийг дэмжин, хөрөнгө хуримтлуулах, хөгжлийн төслүүдээ хөдөлгөхөд түлхэц болох болов уу. Мөн дэлхийн зах зээлд эдгээр түүхий эдийн ханш улам бүр нэмэгдэх төлөв байгаа юм. Түүнчлэн төмөр замуудаа бид ирэх онд ашиглалтад оруулна. Эндээс эерэг үр дүн гарна хэмээн таамаглаж буй.
Улс орнууд цар тахлын дараах хөгжлийн шинэ төлөвлөгөөгөө танилцуулан, бүтээмжээ өсгөхөөр эрмэлзэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, гарааны нөхцөл үүслээ гэж болно. Ийм нөхцөлд юуны түрүүнд бидэнд үнэ цэн бүхий түүхий эд байна.
Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг дэд бүтэцтэй нь 2024 он гэхэд байгуулна. Багануурын цахилгаан станц болон бусад дулаан, цахилгааны станцыг өргөтгөнө. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэргийг байгуулна. Хамгийн чухалд тооцогдох эрчим хүч, дэд бүтцийн асуудлаа шийдээд өгвөл бүтээмж илүү нэмэгдэн, хөгжлийн хурдаа ахиулна гэсэн үг.
-Өмнө нь хөгжлийн төсөл, хөтөлбөр цөөнгүйг хэрэгжүүлж байсан ч үр дүнд хүрсэн нь цөөн. Энд дурдаж буй зорилтуудаа биелүүлэхэд юуг анхаарбал зохих бол?
-Сүүлийн 30 орчим жилд 500 гаруй нэр бүхий хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж иржээ. Эдгээр нь үр дүнд хүрээгүй гэхэд болно. Одоо бол хөгжлийн нэгдсэн бодлого, тогтвортой баримтлалтай байхаар төлөвлөн, хуульчилж, хуулийн хэрэгжилтийн хяналтын тогтолцоог сайжруулсан. “Алсын хараа-2050”-ийн эхний 10 жилийн хөгжлийн стратегийг хүний хөгжлийн, засаглалын, байгаль орчин, ногоон хөгжлийн, бүс нутгийн болон нийгмийн хөгжлийн, эдийн засаг дэд бүтцийн, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг долоон төрлийн зорилтот хөтөлбөр болгон дэвшүүлэн боловсруулж буй. Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийнхний төлөөлөл, мэргэжилтнүүдийн саналыг авч цогцоор нь боловсруулах ажил ид үргэлжилж байна. Энд дурдаж буй долоон төрлийн зорилтот хөтөлбөрт суурилан хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. Үүнээс хазайж, ухрахгүй. Бүх ажлаа нарийн төлөвлөн хийж буй. Сорилт тулгарах нь ойлгомжтой ч бид аливааг өөдрөгөөр харж, бэрхшээлийг даван туулж, хийх гэснээ хийнэ, өөр гарц байхгүй.