
Монгол Улс орчин цагийн үндэсний найрал хөгжимтэй болсны 60 жилийн ой энэ онд тохиож буй юм. Энэхүү найрлыг агуулж байдаг байгууллага бол Үндэсний урлагийн их театр (ҮУИТ). Өнөөгийн ахмадууд Улсын ардын дуу бүжгийн чуулга гэдгээр сайн мэддэг. Алдарт дуучин П.Адарсүрэн, Д.Банзрагч, Д.Хоролсүрэн нараар нь андахгүй. Харин одоо бол залуу үеийнхэн Үндэсний урлагийн их театр гэж л мэддэг. Тус байгууллагын түүх бол Манжийн дарлалаас ангижирсан Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой.
Монголчууд Хубилай хааны үед хүчирхэг найрал хөгжимтэй байсныг гэрчлэх түүхийн баримт, эх сурвалж олон байдаг. Тэр цагаас хойш улс гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр суларсаар, ердөө XX зууны эхэн хагасаас эргэн сэргэсэн билээ. Улс уруудах замдаа үндэстнийхээ оюуны үнэт зүйлсээсээ алдаж, гээсээр байсны нэг нь урлаг гэлтэй. Гэсэн ч тухайн зууны II хагасаас улс орны тусгаар тогтнолыг батжуулах бодлогын хүрээнд төрөөс олон талын арга хэмжээ авч ирсний нэг нь үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх бодлого байв. Энэ хүрээнд үндэсний дуу, бүжгийн төв байгууллагыг “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулж, удалгүй нэрийг нь “Ардын дуу танцны улсын ансамбль” хэмээн өөрчилж ч үзжээ. Харин удалгүй дээр дурдсанчлан Улсын ардын дуу бүжгийн чуулга хэмээх болсон юм билээ. 2002 онд Засгийн газрын тогтоолоор нэрийг нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга болгон өөрчилсөн бол 2016 оноос Үндэсний урлагийн их театр болгосон. Театр болсон тул театр юу үзүүлж, харуулдаг, тэр бүхнийг үндэсний урлагт тулгуурлан хийх үүрэг хүлээсэн байгууллага болсон гэсэн үг юм.
Энэ байгууллагын бүрэлдэхүүн хэсгүүдийн суурь нь үндэсний хөгжмийн найрал гэвэл маргах хүн гарахгүй болов уу. Нэгэнт гадаад үг хэрэглэж хэвшсэнийх үндэсний оркестр ч гэж хэлж болох байх. Одоо 64 хөгжимчний бүрэлдэхүүнтэй ажиллах орон тоотой ч төдийлөн энэ тоонд хүрэхгүй уран бүтээлч бүхий тус хамт олон үндэсний болон сонгодог олон төрлийн бүтээл туурвилыг үзэгч, сонсогчдынхоо сэтгэл ханамжид хүртэл тоглосоор байдаг. Үндэстнийхээ, улс орныхоо нэрийн хуудас болсон оркестр гэвэл эднийх.
Театр, оркестрын хамт олон үндэсний найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ойг үзэгч, сонсогчдын хамт тэмдэглэх төлөвлөгөө гарган ажиллаж буй юм. Энэ хүрээнд нийт таван томоохон тоглолт төлөвлөсний хоёрыг үзэгчдэд хүргээд байна. Эхнийх нь тус оркестрын залуу хөгжимчдөөр бүрдүүлсэн багийн “Global mind” тоглолт. Үүнийгээ ДБЭТ-т зохион байгуулсан. Үзэгчид тоглолтыг талархан хүлээн авч, харамгүй алга ташиж баяр хүргэсэн. Дараагийнх нь ердөө гурав хоногийн өмнө болсон хуучирч, тус найрлын гоцлол хөгжимчин, концертмейстер Э.Цэндсүрэнгийн уран бүтээлийн “Тал нутгийн магтуу” тоглолт байв.
Өнөөдөр хөгжимчид юуг хэрхэн тоглож байна вэ гэдгээр найрал хөгжмийн чанар, чансаа, өсөлт, хөгжлийг тодорхойлж болохоор. Тэд хаанахын ямар ч бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд тоглодог. Залуу хөгжимчид энэ удаа “Global mind” тоглолтоороо юу сонсгохоор сонгосныг харахад олон янзын бодол төрж байсан юм. Эхлээд хөтөлбөрийг танилцуулъя.
Эхэн хэсэгт гавьяат цолтон хөгжмийн зохиолчдоос Б.Чинбатын “Монгол вальс”, Л.Балхжавын “Талын монгол айл”, Г.Алтанхуягийн “Амирлангуй орон”-ыг уран нугараачийн үзүүлбэртэйгээр сонсгов. Мөн дэлхийд танигдсан бүтээлүүдээс дээжлэн багтаасан байлаа. Японы нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, хүүхэлдэйн болон бусад төрлийн киноны хөгжмөөр дагнадаг Жои Хисайшийн “Амьдралын төлөөх Мерри” киноны хөгжмийг тоглосон нь сонирхолтой байв. Аргентины нэрт хөгжмийн зохиолч, танго төрөлд түлхүү бичдэгээрээ алдаршсан Астор Пиаццоллагийн “Night club” цувралын “Night club 1960” бүтээлийг хуучирч Г.Маралмаа гоцлон тоглосон. Италийн алдарт хөгжмийн зохиолч Энио Морриконегийн “The mission” киноны хөгжим “Gabriel’s оboe” зохиолыг баялаг бишгүүрч Х.Батням гоцлон хөгжимдсөн нь үзэгчдийн анхаарлыг нэлээд татсан. Язгуур гэж хэлэх аргагүй, сүүлд буюу 1970-аад онд хөгжмийн мэргэжилтнүүд үндэсний хөгжмийн найралд ийм хөг дутагдаж байна хэмээн үзсэнээр шинээр зохиож бий болгосон уг үлээвэр зэмсгээр сонгодог кларнет юм уу, гобой тоглохоос ялгаагүй уран чадварлагаар, өөрийн гэсэн өнгийг тунхаглах мэт тоглосон хөгжимчинд үзэгчид чангаар алга ташин баяр хүргэх нь дамжиггүй байсан.
Залуу хөгжимчдийн, бүгдийнх нь гэхээс илүүтэй залуу удирдаач Э.Мөнхбаярын сонголт байсан болов уу хэмээн таамаглаж буй Оросын mn нэрт хөгжмийн зохиолч Д.Шостаковичийн вальс ¹ 2, Г.Свиридовын романс ¹ 4 болон алдарт “Тройка” бүтээлийг сонсоцгоосон. Аль аль агуу бүтээл л дээ. Бид ч сонсож даджээ. Нэг өнгө хальтирвал муу дүн тавьж мэдэхээр тийм гарамгай сонсогчид танхимд сууж байсан юм. Монголын үндэсний найрал хөгжим байгуулагдсаны ойн хүрээнд зохион байгуулсан тоглолтод бидэнд дэндүү ойр улсын хөгжмийн алдартнуудын зохиол гурвыг оруулаад ирэхээр орц нь ахиу болоод явчих шиг санагдсаныг нуугаад яах вэ. Түүнээс тоглохын хувьд бол оросууд өөрсдөө тоглохоос нь дутах юмгүй. Оркестр Америкийн нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Леонард Бэрнштэйний “West side story” мюзиклийн мамбо бүжгийн хэсгээс тоглосон бөгөөд цэнгээнт бүжгийн нэгэн хамтлагийнхнаар бүжиг эргүүлсэн юм. Энэ хэсэгт бол театрынхаа бүжигчдийг залахгүй яасан юм бол гэж бодогдож байлаа.
Энэхүү үдшийн тоглолтоос хоёр зохиолыг гойд онцлов. Тус үндэсний найрлын цохивор хөгжимчин Э.Эрдэнэтөгс “Араншин” хэмээх бүтээл төрүүлснийг оркестр үзэгчдэд анхлан тоглож хүргэсэн юм. Энэхүү зохиолоос уран бүтээлчийн эрэл хайгуул мэдэрч, “Шинэлэг, сайхан бүтээл юм” хэмээн хүлээж авсан. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын 2019 онд анхлан симфони оркестрт тоглуулсан “Эрч, хурд” удиртгалыг баялаг бишгүүрч Г.Шинэбаяр үндэсний найрал хөгжимдөө зориулан хөрвүүлснээр тоглосон нь сэтгэл сэргээсэн. Үзэгчид алга ташсаар байсан тэр сэтгэгдлээр тоглолтыг өндөрлүүлсэн бол оновчтой байсан ч юм шиг.
Залуус тоглолтдоо театрынхаа уртын дуучин, сүүлийн үед монгол каунтри чиглэлээр дуулж олны сонирхлыг татаж буй Баатарыг урьсан байна лээ. Тэрбээр этгээд янзын хувцастай гарч ирж “Сархад”-аа дуулсан нь харин Г.Свиридов, Л.Бернштейн нарт дарагдчихав уу даа гэлтэй байв. Гэхдээ дууны урлагт бас нэгэн өөр уур амьсгал бүрдүүлж яваа санаачлагчийн зүтгэлд талархсан.
Монголын болон гадаад улсуудын хөгжмийн зохиолчдын бүтээлийг үндэсний найрал хөгжмөөр тоглохын тулд найруулж, хөрвүүлдэг гэдгийг уншигчид мэдэх байх. Энэ удаагийн “Global mind” тоглолтоор сонсгосон зохиолуудын дийлэнхийг тус найрал хөгжмийн залуу удирдаач Э.Мөнхбаяр болон баялаг бишгүүрч Г.Шинэбаяр нарын уран бүтээлч хөрвүүлсэн байна. Энэ нь мэдлэг, мэдрэмж шаардсан нүсэр ажил байдаг. Тиймээс Монгол Улсын гэж тодотгоход буруудах юмгүй, үндэсний найрал хөгжмийн залуу хөгжимчид зөвхөн хөгжимддөг, удирддаг бус, бас хөгжмийн зохиол найруулдаг, хөрвүүлдэг, зохион туурвидаг, тийм олон талын авьяастай, ур чадвартай юм гэдэг нь харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, 60 жилийн хугацаанд тус найрал хэрхэн өсөж, хөгжив гэдэг нь тодорч буй биз ээ.
“Global mind” хэмээн нэрийдсэн уг тоглолтын хөтөлбөрийг боловсруулах гэж залуус нэлээд зөвлөлдөн, зөвшилцсөн болов уу. Үзэгчид хэн байх вэ, юу сонсгохоор сонгох вэ гэж тархиа нэлээд ажиллуулсан байх. Хөтөлбөрийг бүхэлд нь шинэлэг номеруудаас бүрдүүлж болохгүй, зарим үзэгч таашаахгүй байх гэж ярилцаа болов уу. Хүмүүсийн сонсож дадсан, дуртай бүтээлүүдээс багтаая гэсэн сэтгэлдээ хөтлөгдөхдөө Оросын хөгжмийн зохиолчдын орцыг ахиулсан байх жишээтэй байж мэдэх юм. Үнэн хэрэгтээ Л.Балхжавын “Талын монгол айл”, Г.Алтанхуягийн “Амирлангуй орон”, тэр бүү хэл Астор Пиаццолла, Энио Морриконегийн хөгжим ч зарим үзэгч, сонсогчийн хувьд тийм ч шинэлэг бус билээ.
Гэтэл нөгөө талаас энэ бүтээлүүдийн тухай, туурвисан хөгжмийн зохиолчдынх нь талаар ямар ч ойлголтгүй хүн олон билээ. Тэгэхээр яах ёстой вэ. Тэднийг бодолцон, хаанаас ч гэлээ сонсохдоо таалдаг танил болсон зохиолуудыг нь тайзнаа тоглож өгч баярлуулбал ямар вэ. Ийм асуулттай залуу хөгжимчид, тоглолт зохион байгуулагчид тулгарсан байх.
Тэгэхээр орчин цагийн үндэсний найрал хөгжим байгуулагдаад 60 жил болсон, ойн баяраа цуврал тоглолтуудаар тэмдэглэж буй хамт олонд хандаж хатуу санагдаж болох ч ганц, хоёр санаа хэлэх гэсэн юм. “Та бүхэн нэгэнт чаддаг юм чинь, өөрсдөөсөө илүү байхыг хичээ. Хоцрогдсон үзэгч, сонсогчдод бүү тээглэ. Урагшаа тэмүүлж, шинийг эрж хай. Хэтрүүлж хэлбэл, ямар нэгэн тохиолдлоор хамт олноороо саран дээр буучихвал тэндээс эх дэлхийдээ, хүн төрөлхтөнд хандан ямар хөгжим эгшиглүүлэх вэ гэж мөрөөдөн тэмүүл. 60 жилийг туулсан оркестрынхон маргааш ямар бүтээл тогловол өөрсдөө сэтгэл ханамжтай байх юм бэ”.
Монголын хөгжмийн урлагийн өнгийг тодорхойлж, үндэсний урлагийн давтагдашгүйг монголчууддаа ч, гадаадын үзэгч, сонсогчдод ч гайхуулсаар байдаг та нар чадна.