
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дахь Шижигтийн хавцалд байгуулахаар төлөвлөж буй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сан бүрэлдэх талбайд Баян-Өлгийн Баяннуур, Увсын Өмнөговийн 270 гаруй өрхийн 1251 иргэн амьдардаг гэх. Энэ айлын хүмүүс “Хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутгаас минь салгах гэлээ. Малчдыг бэлчээр, усгүй болгох нь” хэмээн уйлан дуугарч, дээгүүр, доогуур гүйлдэн, эсэргүүцлийн хурал, жагсаал зохион байгуулж, албан бичиг, шаардлага хүргүүлэн, дээрх төсөлд аль чадахаараа чөдөр, тушаа болсоор байгаа.

Засгийн газар төслийн ажлыг шуурхайлан эхлүүлэх зорилгоор тухайн бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч, нөлөөллийн бүсэд амьдарч байгаа өрхүүдэд зөвхөн биет хөрөнгийн үнэлгээгээр, хууль, журмын дагуу 9.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн ч орон нутгийн иргэд “Төр иргэдээ гэртэй, байшинтай, хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээр нь ялгаварлалаа. Олговол бүгдэд нь ижил хэмжээний төлбөр өгөх ёстой” хэмээн барьцаж, бөөн хэрүүл маргаан дэгдээсэн. Үүнээс улбаалаад Засгийн газар нэгэн “энэрэнгүй” шийдвэр гаргасан нь тухайн газарт амьдардаг иргэн бүрт нөхөн төлбөр олгох байв.
ЭХЯ-ны харьяа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн мэргэжилтэн П.Бямбацэрэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нөлөөллийн бүс дэх айлуудад 9.2 тэрбум төгрөг олгохоос гадна хүн тус бүрт 15.1 сая төгрөгийн, нэг удаагийн нөхөн төлбөр өгөх асуудлыг ярьж байгаа. Энэ бол биет бус хохирлын төлбөр. Нөлөөлөлд өртөж буй хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцоод, ийм хэмжээний төлбөр олгох шаардлагатай гэж үнэлсэн. Одоогийн хуульд ийм зохицуулалт байхгүй. Гэхдээ холбогдох хууль, журамд тун удахгүй өөрчлөлт оруулах юм билээ” хэмээн мэдээлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт тэрбээр “Баяннуур, Өмнөговь сумын иргэдэд нэг удаагийн нөхөн төлбөр олгох санаачилгыг Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэлэлцэж, дэмжсэн. Нэг хүнд 15.1 саяар тооцож, 18.9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн” гэв.
Засгийн газар энэ сарын 15-ны ээлжит хуралдаанаараа эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Эл хуралдааны дараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хүндрэлтэй зарим асуудлыг өнөөдөр танилцуулж, шийдвэрлүүллээ” хэмээн олцолсон нь ийм учиртай байж. Мөн тэрбээр “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Нүүлгэн шилжүүлэхээс бусад бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. БНХАУ 250 сая ам.доллароос дээш хэмжээний зээл олгохдоо Төрийн зөвлөлийн хурлаараа хэлэлцдэг юм билээ. Үүний дагуу зээлийн тусгайлсан хэлцлийг яг одоо хийж байна” гэж ярьсан нь Монголын талаас шалтгаалах асуудлыг шийдсэн гэсэн агуулгыг илэрхийлжээ. Өмнө нь тэрбээр ам нээх бүртээ “Нөлөөллийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд саад учирч байна. Нөхөн төлбөрийн асуудлыг даруй шийдэх хэрэгтэй” гэж зовлон тоочдог байв. Энэ удаа өөр зүйл ярилаа. Үндсэндээ Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах төслийн хамгийн том дөнгийг тайлах “түлхүүр”-ийг олжээ.
Тэгвэл Засгийн газар болон ЭХЯ-ныхан энэхүү шийдвэрээ яагаад олон нийтэд танилцуулсангүй вэ. Тухайн өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрүүдийг хэвлэлийнхэнд мэдээлэхдээ энэ талаар ам нээгээгүйн шалтгаан юу юм бол. 1200 гаруй иргэн нь төрөөс нөхөн төлбөр авахаар болчихоод байхад Баяннуур, Өмнөговь сумын удирдлага үүнийг мэдээгүй суугаа нь ямар учиртай вэ. Энэ мэтчилэн тодорхойгүй олон асуулт тус шийдвэрээс урган гарч байна.
Газрын тухай хуульд “Улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн төлбөр олгоно”, “Өмчлөлийн газрыг нөхөн төлбөртэйгөөр эргүүлэн авах тохиолдолд Иргэнд өмчлүүлэх газрын аргачлалын дагуу тогтоосон үнийг биржийн зах зээлийн үнэтэй харьцуулан дунджаар тогтооно”, “Иргэний өмчлөлийн газар дээр байгаа барилга, байгууламж буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг улсын бүртгэлд заасан болон данс бүртгэлийн, эсхүл даатгалын үнийн аль нэгийг үндэслэн тогтооно” гэж тусгасан байдаг. Дээрх төслийн судалгааны багийнхан үүнд үндэслэн, шаардлага хангасан өрхүүдэд (газрын гэрчилгээтэй, хашаа, байшинтай) 9.2 тэрбум төгрөг олгох тооцоо гаргасан. Харин Засгийн газар үүнээс хоёр дахин их мөнгө ямар үндэслэлээр, хэрхэн тооцож, олгохоор болсон нь тодорхой бус байна. ЭХЯ, төслийн нэгжийнхэн лав үүнд хариулж чадсангүй.
Одоо мөрдөж буй газрын харилцааны хууль, тогтоомжид ийм зохицуулалт байхгүйг төслийн мэргэжилтэн П.Бямбацэрэн хэлсэн. Уг шийдвэртэй холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл алга. ХЗДХЯ-ныхан сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэд Шүүх шинжилгээний хуулийг шинэчлэн найруулж, “Сэтгэцэд учирсан хор уршгийг тооцох үнэлгээ” гэсэн бүлэг нэмж оруулжээ. Гэхдээ энэ нь зөвхөн гэмт хэргээс улбаатай эдийн бус хохирлыг барагдуулахад хамаатай гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ. Гэмт хэргээс үүдэлтэй сэтгэл санааны хохирол амссан хүмүүст нөхөн төлбөр олгох асуудлыг өмнө нь Иргэний хууль дахь “Эдийн бус гэм хорыг арилгах” гэсэн зүйл, заалтаар зохицуулахаар тусгаж, 10 хүртэлх сая төгрөгийн АВНА нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн ч энэ нь төдийлөн хэрэгждэггүй байсан тул дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэнэ.
Газрын харилцаанаас үүдэлтэй сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулдаг, эрх зүйн үндэслэл бий юү, дээрх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үүнийг шийдэх боломжтой, эсэхийг түүнээс лавлахад “Өмчийн асуудал яригдах байх. Тийм жишээ, кэйс мэдэхгүй” гэв. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхан Газрын хууль дахь дээрх заалтыг гол зохицуулалт хэмээн дурдав. Төр 1200 байтугай 120 иргэнд сэтгэл санааны хохирол барагдуулах нэрийдлээр их хэмжээний мөнгө “тараах” шийдвэр гаргасан тохиолдол байхгүйг тэд онцоллоо.
Эндээс дүгнэхэд, манай Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хөдөлгөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Ингэхдээ хууль, журмаас гадуур “энэрэнгүй” шийдвэр гаргасан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ цаг үед хуульч, судлаачид “Манай улс сэтгэл санааны хохирлыг үнэлэх чиглэлд туршлагагүй учраас зэрэглэл тогтоохдоо, аргачлал сонгохдоо хянуур хандах ёстой” хэмээн анхааруулсаар байхад Засгийн газар “автоматаар” ханш тогтоов. Гэмт хэргээс үүдэлтэй эдийн бус хохирлын мөнгөн төлбөрийг 10 саяар үнэлэх дээд хэмжээ заасан байтал үүнээс даруй таван саяар илүүг төсөл гацаагчдад олгохоор шийдвэрлэлээ. 15.1 сая гэдэг тоог ямар аргачлалаар, хэрхэн тооцож гаргасныг төслийн нэгжийн мэргэжилтэн нь хүртэл тайлбарлаж чадаагүй юм.
Усан цахилгаан станцын усан сан бүрэлдэх талбай буюу нөлөөллийн бүсэд байгаа айлуудад биет хөрөнгийн нөхөн төлбөр олгох сургаар Баяннуур, Өмнөговь сумд цөөнгүй өрх шилжин ирсэн гэдэг. Энд тэндээс бадарчилж ирсэн хүмүүс, нутгийн нэртэй ч тухайн бүсэд амьдардаггүй айлууд 270 өрх, 1251 иргэний дунд “шургасан” байх магадлал өндөр. Ийм байтал “ижил, тэгш байх зарчим, сэтгэл санааны хохирол” ярьж, тэдэнд сая, саяар мөнгө тараах нь зүйд нийцэмгүй. Нөгөөтээгүүр, энэхүү шийдвэр “шантаажчдад” таатай боломж олгохыг үгүйсгэхгүй. Газар чөлөөлөлтийн асуудлаас болж гацаад байгаа “Шинэ Зуунмод” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт саад тушаа бологчид дээрх шийдвэрээр түрээ барьж, төрөөс их хэмжээний мөнгө нэхэж болзошгүй нь. Газар чөлөөлөхдөө хүртэл сэтгэл санааны хохирол барагдуулдаг “энэрэнгүй” төр иргэдээ алаг үзэхгүй байлгүй.