
Нэгэн залуу эхнэртэйгээ муудалцаад хувцсаа цүнхлээд гарчээ. Түүний араас охин нь гарч ирээд “Би тантай хамт явна” гэж. Залуу “Аав нь явахгүй ээ, тамхи татчихаад л орлоо” гэхэд охин баярлан гэрийнхээ үүдээр шагайнгуутаа “Ээж сүр болоод байсан. Аав явахгүй л гэж байна шүү дээ” гэхэд бүгд инээлдэх дууг сонсоод залуу гэр лүүгээ яаран орж, эхнэрээсээ уучлалт гуйн тэврэн авчээ. Үүнийг харсан хоёр охин нь ихэд баярлан, нүд нь гэрэлтэн, гэр дүүрэн баяр хөөр болсон байна. Энэ бол гэр бүлээ бүтэн авч үлдсэн нэгэн тохиолдол. Харин хэчнээн хос үр хүүхдэдээ амьдын хагацал үзүүлж, аавгүй, эсвэл ээжгүй үлдээн, гэр бүлээ цуцлуулж байгаа бол. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харахад өнгөрсөн онд манай улсад 16 118 хос гэрлэлтээ батлуулжээ.
Харин 3391 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ бол хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулсан болон цуцлуулсан тохиолдлын тоо. Үүний цаана хэчнээн хүн гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарч, хүүхэд төрүүлж, салж байгааг хэлэх боломжгүй. 2018, 2019 онд манай улсад 20 гаруй мянган хос гэрлэлтээ батлуулдаг байсан бол сүүлийн хоёр жилд 10 гаруй мянга болж цөөрсөн аж. 10 ба түүнээс дээш жил амьдарсан хосууд гэрлэлтээ цуцлуулах явдал хамгийн их байгаа юм. Ийм хугацаанд хосуудын амьдрал тогтворжиж, дунджаар 2-3 хүүхэдтэй болсон байдаг аж. Гэр бүл салалтын золиос нь хүүхэд болж, хохирч үлдэж байна.
Аав, ээжтэйгээ хамт аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байсан гэр бүл нь гэнэт нэг өдөр үгүй болж, эцэг, эх хоёрынхоо аль нэгэнтэй л амьдрах хатуу сонголтын өмнө нүүр тулах нь хүүхдийн сэтгэл зүйд асар их хохирол учруулж буй. Энэ талаар Монголын цахим сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэлзүйч Б.Сайнзаяа “Аав ээж нь салсны дараа хүүхдийн хүмүүжилд гардаг хамгийн том өөрчлөлт нь сурлага муудах, аливаад идэвхгүй байх явдал. Сэтгэл санааны тэнцвэр алдагдсанаас хүүхдийн сурах идэвх сулардаг. Жишээ нь, ширээний нэг хөл нь хугарчихвал тэнцвэртэй байж чадах уу. Үүн шиг эцэг, эх нь тусдаа амьдрах болсноор хүүхэд сэтгэл зүйн маш том хохирол амсдаг. Миний муугаас болж ээж, аав салсан байж магадгүй гэж салалтын үйл явцыг өөр дээрээ тусгаж авдаг. Хүүхдээ авч үлдсэн нь явсан нэгнийгээ буруутгадаг. Үүнийг харж, сонсож буй хүүхэд хэнийх нь талд орохоо мэдэхгүй, яах ёстойгоо ойлгохгүй явсаар сэтгэл зүйн хямралд өртдөг. Сэтгэл санааны хямрал нь оюун ухаан, танин мэдэхүйн чадамжид сөргөөр нөлөөлнө. Яваандаа дутуугийн мэдрэмжтэй болох буюу хэтэрхий их юманд шунаж мөрөөдөх, түүндээ хүрэхийн тулд ихэд хичээж зүтгэдэг болдог. Том болоод аав ээжийнхээ “загвар”-ыг санаатай болон санамсаргүйгээр хуулсан байдаг. Аав, ээжийнхээ зөрчилтэй харилцааг харж өссөн хүүхэд гэр бүл үүсгэсний дараа тэр байдлыг давтах нь цөөнгүй. Жаргалтайгаар салсан гэр бүл гэж байхгүй. Салалтад хүргэх үйл явц хүүхдийн сэтгэлийг маш их гэмтээдэг. Салсны дараа аав, ээж нь үл хайхрах юм бол нөхөж баршгүй, өөр хэн ч орлуулж чадахгүйгээр сэтгэл нь гэмтдэг. Өөртөө хайргүй болдог. Би эцэг, эхийнхээ хайрыг бүтэн амсаж чадахгүй юм чинь, эсвэл аав минь, ээж минь ганц бие болчихсон болохоор илүү сайн ажиллах хэрэгтэй, саад болж болохгүй гэж өөртөө хэт ачаалал өгөх, ирээдүйд сайхан амьдарч яах юм гэсэн бодолд автаж, өөртөө итгэлгүй болдог. Цаанаа нууцхан гунигтай өссөн хүүхэд зүрхэндээ том чулуу тээсээр насанд хүрсэн хойноо тэр ачаагаа даахгүй сэтгэл гутралд өртөх нь бий” хэмээн ярьсан. Мөн тэрбээр “Гэр бүл салалтад нөлөөлдөг гол хүчин зүйл, учир шалтгаан нь сэтгэл зүйн асуудал байдаг. Сэтгэл зүйн асуудалтай байгаа хүн нь салах шийдвэрийг эхэлж гаргадаг. Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн тэр бүр салах шийдвэр гаргадаггүй. Эдийн засаг, бие махбод физиологийн асуудал, алсын зайны харилцаа зэрэг нь салах шалтгаан болох нь бий. Мөн нийгмийн хүчин зүйл, санхүү, гэр бүлээс гадуурх харилцаа, найз нөхөд, ажил төрлийн хамт олон сөрөг нөлөө үзүүлэх, даган дуурайх үйл буюу тэрний эхнэр, нөхөр тийм сайхан байхад чи яагаад ийм байж болдоггүй юм гэх харьцуулалт, бодит амьдралд хэрэгжих боломжгүй оддын амьдралыг дуурайж, гадаад гоо сайханд хэт автах зэрэг нь салах шалтгаан болж байна” гэлээ.
Цахим орчинд далан булчирхайгаа тоочиж, гэр бүлийн маргаанаа дэвэргэн олны анхаарал татдаг хүн цөөнгүй. Гэр бүл нь салахаар болсныг олон нийтийн сүлжээнд байршуулан, хамаг бүхнээ тоочдог хачин үзэгдэл бий болоод удаж байна. Харамсалтай нь, аав, ээж гэж нэрлэгдэж буй тэд үр хүүхдийнхээ нэр хүнд, сэтгэл зүйг огт боддоггүй. Хүүхэд нь найз нөхдөөсөө эцэг, эхийнхээ талаар эвгүй зүйл сонсох, эсвэл өөрөө олоод уншчих боломжтой байхад л нэгнийгээ мууг үзэж, ард нь гарах гэж өмнөөс нь ичмээр зүйл бичиж, цахимд байршуулсаар. Үүнээс болж хүүхэд нь сургуульдаа, найз нөхдөдөө гадуурхагдаж, доромжлол амсвал яах вэ. Насанд хүрсэн хүмүүс хоёр тийш болж, зам мөрөө хөөх тохиолдол алийг тэр гэх вэ. Гэтэл өөрсдийн асуудлаа хүүхдүүддээ үүрүүлж, амьдралд нь арилшгүй хар толбо үлдээж байна. Хүн бүр гэр бүлээ бүрэн бүтэн байгаасаа гэж хүсдэг. Гэвч амьдрал тааварлашгүй. Гэр бүлээ цуцлуулах шалтгаан мэдээж олон. Удаан хугацаанд бие, сэтгэлийн доромжлол, хүчирхийлэлд өртсөн, гомдол цөхрөл амссаны улмаас ч ийм сонголт хийсэн байж мэднэ. Мөн хосууд ихэвчлэн харилцааны зөрчлөөс болж салах дээрээ тулдаг гэж сэтгэлзүйчид хэлж байна. Энэ нь нэгнээ үл ойлгох, байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй явдал юм. Ямар ч шалтгааны улмаас гэр бүл салсан бол хэн хэн нь үр хүүхдээ сэтгэл санаа, бие махбодийн хувьд хохироохгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Гэтэл хүүхдээ авч үлдсэн нэг нь эргээд аав, /ээж/-тэй нь уулзуулах дүргүй байх тохиолдол элбэг. Эсрэгээрээ хүүхдээ үл хайхарч, үл тоож уулзмаар байхад нь зугтдаг хүн ч цөөнгүй. Эхнэр нөхөр байх зуурдын байж болох ч эцэг, эх бол үүрдийнх билээ. Хэдийгээр аав, ээж нь салсан ч хүүхдийнхээ зүрх сэтгэлд эцэг, эх нь хэвээр л байгаа. Тиймээс үр хүүхэдтэйгээ эргэж уулзах нүүртэй байгаасай. Хүүхдийнхээ онцгой өдрүүдэд хамт байж, өвдсөн үед нь эмнэлэгт хүргээд өгөх сэтгэл хэн хэндээ үлдээгээсэй. Ээж, эсвэл аавыг нь үзэн ядсан сэтгэлээ үр хүүхдэдээ бүү гарга. Өөрийн мах цусны тасархайгаа орхиод өрөөлийн хүүхдийн аав, ээж нь болчихсон тохиолдол бишгүй. Гэр бүл цуцлуулсны дараа төрсөн хүүхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй учраас тэр. Манай улсын Гэр бүлийн тухай хуульд эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ. Гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хянах үүрэгтэй. Гэвч хүүхдээ орхиод явсан аав, ээжийн араас хөөцөлдөж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаарддаг тохиолдол хэд вэ. Энэ заалт зөвхөн цаасан дээр л “хэрэгжиж” байна. Харин саяхан хүүхдийн тэтгэмж төлөх эцэг, эхийн данснаас мөнгөн төлбөрийг шууд татдаг болох, тэтгэмжийн хэмжээг орлогын 50 хувиас доошгүй байхаар тогтоох зэрэг заалтыг Гэр бүлийн тухай хуульд тусгасан талаар УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлсэн. Энэ нь эргээд хариуцлагын арга хэмжээг чангатгаж буй ч хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэдэнд яаж туслах нь тодорхойгүй хэвээр байна. Мөнгөн тэтгэмж нь хүүхдэд эцэг, эхийнх нь хайрыг орлож чадахгүй. Харин бат бөх гэр бүлийг бий болгоход улсаас бодлогоор арга хэмжээ авах нь чухал. Гэр бүл салалтад нөлөөлж буй өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, иргэдийг ажлын байраар хангах нь илүү бодитой санагдана. Үр хүүхдээ орхиод явсан ээж, аав аль ч бай хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ зугтахгүйгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох нь зүй нь хэрэг. Гэхдээ энэ нь эхнэр, нөхрийнхөө эд хөрөнгөд шунасан, цаашид тэтгэмж аваад л амьдрах хүсэлтэй нэгэнд “олз” болж буйг цөөнгүй хүн шүүмжилж байна билээ.
Сэтгэл зүйн асуудалд орсон нэг нь түрүүлж салах талаар ам нээдэг тухай сэтгэлзүйч Б.Сайнзаяагийн хэлсэнчлэн салахаас өөр сонголтгүй болсон үед хэчнээн хүүхэд байгаад ч тогтоож дийлдэггүй аж. Эмэгтэйчүүд ихэвчлэн үр хүүхдээ бодоод салж чаддаггүй гэж ярьдаг ч эцэстээ энэ нь бат бөх гэр бүлийг барьж байгуулж хүчирдэггүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт салахаа эргэлт буцалтгүй шийдсэн үед хүүхдээр шалтаглан нэгнээ торгоох боломжгүй. Гэсэн ч салсны дараа хүүхдийнхээ аав, ээж байхаа больчихгүй. Томчуудын болчимгүй үйлдлийн улмаас хүүхдүүд өөрийн хүслээр бус, хүчээр “дутуу” гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа нь харамсалтай. Аав, ээж нь хоёр тийш болсны дараа нүдэнд нь ямар их гуниг хурж, сэргэлэн цовоо зан нь өөрчлөгдөн, дуугаа хурааж, томчуудын үгийг үл ойшоон ихэрхэх болсон нэгэн охиныг мэдэх юм. 10 нас ч хүрээгүй тэрбээр аав, ээжийнхээ хайранд бөмбөрч өсөх байтал амьдралын хүнд хүчрийг эрт амсаж, буруугүй хэрнээ буруутан мэт амьдрах болсон. Аавтайгаа /ээжтэйгээ/ уулзах цагийг хуруу даран хүлээх түүн шиг хүүхэд олон байна. Амьдралаа бүтнээр нь авч үлдэж чаддаггүй юм гэхэд ядаж алаг үрээ сэтгэл дүүрэн амьдрах боломжийг олго, эцэг, эхчүүд ээ.