
АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй өчигдөр ажлын уулзалт хийж, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, боломж, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг хэрхэн арилгах талаар ярилцлаа.
БОАЖЯ шударга байдлын үнэлгээгээр өнгөрсөн онд улсын хэмжээнд “сүүл мушгисан”. Мөн Богд хан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгох, аялал жуулчлалын кэмп барина гэж зөвшөөрөл гаргуулаад зориулалтыг нь өөрчлүүлж, орон сууц барьдагаас үүдэн хотын захиргаа, тус яамны дунд зөрчил үүсээд байгаа. Дархан цаазат бүсэд газар олгож, олон жилийн өмнөөс ужгирсан маргааныг цэгцлэхэд хууль эрх зүйн ямар боломж байгааг энэ үеэр талууд хөндсөн байна. АТГ-ынхан 2020 оноос хойш цагдаагийн байгууллагатай хамтран уг асуудлыг тусгайлан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн есөн хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй юм. Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт одоогоор 2800 иргэн, аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгосон байдаг бөгөөд 660 орчим нь зөрчилтэй, 280 гаруйг нь БОАЖЯ-наас цуцалсан гэнэ.