
“MGL-1” Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны тамирчин, зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн гардан тулааны сургагч багш, ОУХМ Г.Бат-Ирээдүй таеквондогийн хар бүс, I дантай. Өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, долоон удаа аваргаар шалгарсан тэрбээр кик бокс, гардан, холимог тулааны спортоор хичээллэж, чамлахааргүй амжилт гаргаж яваа. Тухайлбал, зэвсэгт хүчний “Армийн аварга шалгаруулах гардан тулаан”-ы тэмцээнд оролцож, 70 кг-д энэ жилийн аваргаар тодорсон юм. Монголын анхны 100 сая төгрөгийн бооцоотой, 20 сая төгрөгийн шагналын сантай холимог тулааны “999 fight night” тулааныг өнгөрсөн сард зохион байгуулахад тэрбээр шилдэг 40 тамирчнаас 16-д үлдсэн. Түүнийг Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Д.Мөнхбаяр багшийн удирдлагад чөлөөт бөхийн шигшээ багийнхантай бэлтгэл хийх үед нь ярилцлаа.
-Монголын анхны 100 сая төгрөгийн бооцоотой, 20 сая төгрөгийн шагналын сантай холимог тулааны “999 fight night” тулаан өнгөрсөн сарын 28-нд зохион байгуулахад та шилдэг 16-д үлдсэн. Хэн нэгэн энэ тулаанд оролцохыг санал болгов уу, эсвэл өөрөө хүч сорихоор шийдэв үү?
-Аваргаар тодорсон тамирчныг Азийн хамгийн том холбоо болох “ONE FC”-д авах тус тэмцээнийг Монголд зохион байгуулсан нь мэр гэжлийн тулаанчдад боломж олгож байна. Холимог тулаанд надаас өндөр амжилт гаргасан олон тамирчин бий. Миний хувьд тэдний хэмжээнд өөрийгөө хэр ойрхон байгааг харъя, дутуу зүйлээ олж мэдье, туршлагатай тулаанчдаас суралцъя гэж бодоод оролцохоор шийдсэн. Тамирчид зөвхөн тулалдах бус, бэлтгэл, нойр, хоол, амралт гээд өөрийн бүх давуу талыг харуулах юм. Тэмцээнд өрсөлдсөн 400 гаруй оролцогчийн олонх нь холимог тулаанаар хичээллэдэг залуус. Эхний шатанд шалгарсан 40 тамирчныг хоёр багт хувааж, байгалийн саад бэрхшээлд хатуу, чанга бэлтгэл хийлгэсэн юм. Тэднээс сонгох сорилго тэмцээнд би шилдэг 16-д шалгарлаа. Цаашлаад шилдэг найм, дөрөвт үлдэхийг зорьж, бэлтгэлээ базааж байна.
-Тулаанд оролцох залуусыг сонгох шалгаруулалт анхнаасаа амар байгаагүй. Хүнд бэлтгэлүүдийг даван туулах сорилтод тэдний зарим нь шантарч буцсан гэдэг. Үнэн үү?
-Тийм ээ. Залуусыг богино хугацаанд маш хүнд бэлтгэл хийлгэж шигшиж авсан. Сонгох шалгаруулалт ч амар байгаагүй. Өглөөний хөнгөн гүйлт гэхэд 11 км зам туулах шүү дээ. Чадалтай, хатуужил, тэвчээртэй нь дараагийн шалгаруулалтад өрсөлдөхөөр болсон. Шилдэг 40-д үлдсэн тамирчид өндөр бэлтгэлтэй тул хэр баргийн зүйлд шантрахгүй. Би таеквондогоор хичээллэдэг, ОУХМ цолтой, хар бүс, I дантай. Залуучуудын олимп, хүүхдийн их наадам, тив болон ДАШТ-д оролцсон. Улсын аваргын долоон түрүүтэй. Насанд хүрэгчдийн ангилалд тулалддаг байхдаа кик боксоор хичээллэсэн юм.
-Тулааны спорт таеквондотой төстэй. Бөхийн төрлүүд ч мөн тулаанд багтдаг. Жиү жицү, самбо, чөлөөт бөхийн тамирчид тулалдаж байгаа харагддаг юм.
-Миний хувьд жиү жицү, чөлөөт, үндэсний бөхөөр барилддаг. Жиү жицүгийн УАШТ-ээс медальтай. Тулааны спортын төрлүүдэд өөрийгөө сорих дуртай зан минь холимог тулаанд хөл тавихад гүүр болсон. Би Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Д.Мөнхбаяр багшийн удирдлагад шигшээ багийнхантай бэлтгэл хийдэг. Тэднээс хоёр нь Киргизийн Бишкек хотод болох 17, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-д өрсөлдөж байна. Дараагийн шатны тулаанд оролцох бэлтгэлээ чөлөөтийн бөхчүүдтэй базаах нь надад олдохгүй ховор боломж. Холимог тулаанд бөхийн төрлүүдийн барилдаан, бокс, таеквондо, гардан тулааны техник багтдаг. Хэрвээ босоод сайн, хэвтээ барилдаанд тааруу, хэвтээд сайн ч босоод муу бол өрсөлдөгчдөө ялагдах магадлал өндөр. Миний хувьд босоо тулаанд сайн. Монголд болсон холимог тулааны тэмцээнд босоогоос нэг бус удаа амжилттай тулалдсан. Тамирчин бүр түрүүлэхийг хүсдэг. Харин хэн нэгнээс нэг зүйлээр дутуу бол хэзээ ч аварга болж чадахгүй. Тиймээс өөрийгөө бүх зүйлд сайтар бэлдсэн байх шаардлагатай. Холимог тулаан тухайн хүнээс ур чадвар, мэдрэмж, ухаан их шаарддаг. Үүнтэй ойролцоо спорт бол чөлөөт бөх.
-Таеквондогоор хичээллэдэг тамирчинд бөхийн дэвжээнд анх бэлтгэл хийхэд амаргүй санагдсан байх.
-Бүхнийг эхнээс нь сурах шаардлагатай болсон. Хамгийн гол нь ур чадвараа сайжруулахад дасгалжуулагч багш, бэлтгэл хангагч чухал. Тухайн хүн сурах хүсэлтэй байсан ч техник зөв заах багшгүй бол амжилт гаргахгүй. Бөхийн барилдааныг ганц хараад сурахгүй. Тодорхой хугацаанд бэлтгэл хийж байж эзэмшдэг. Тив, ДАШТ-д оролцдог тамирчдаас илүү техниктэй тулаанч холимог тулааны спортод ховор. Чөлөөт бөхийн бэлтгэл хийснээс хойш гурван тулаанд дараалж оролцоход өмнөхөөсөө ахисан байв. Дасгалжуулагч Д.Мөнхбаяр багшийн удирдлагад бэлтгэл хийсэн минь шилдэг 16-д үлдэхэд их нөлөөлсөн. Шилдэг 40 тамирчны дунд сорил явуулж, үндэсний бөхөөр барилдуулсан юм. Тэдний дунд бөхөөр хичээллэж амжилт гаргасан оролцогч цөөнгүй. Миний хувьд барилдааны түвшин тэднээс дутахааргүй болсон шүү.
-Та нэг зүйлд зоривол ард нь гарч байж санаа амардаг хүн шиг санагдлаа.
-Миний шартай зан, тууштай байдал намайг амжилтаас атгуулсан гэж боддог. Би таеквондогоор 13 дахь жилдээ хичээллэж байна. “Налайх cоёмбо” клубийн дасгалжуулагч Э.Мөнхбаатар багшийн удирдлагад хичээллэж, спортын гараагаа эхлүүлж байлаа. Тамирчин болчихоод хар бүстэй болох сон гэж хүсдэг байсан зорилгодоо хүрсэн. Энэ спортоор хичээллэсэн түүх хөгжилтэй. Нэг өдөр хар бүстэй дасгалжуулагч сургууль дээр ирж, хүүхдүүдэд таеквондогийн эргэлттэй өшиглөлт үзүүлэхэд “Хөөх, ямар гоё юм бэ, үүнийг л суръя” гэж бодсон. Дараа нь медалийн тууз харуулахад “Ийм туузтай болох сон. Олон тэмцээнд тулалдвал медальтай болох юм байна” гэж мөрөөдөж билээ. Тэр цагаас хичээж тэмүүлсээр зургаан жилийн дараа медалийн тууз тай болсон. Туузаа дүүргэхдээ би цэнхэр бүстэй байв. Таеквондогийн тамирчид олон улсын тэмцээнд оролцоход заавал хар бүстэй байх ёстой. Хүүхдийн их наадамд хар бүстэй анх оролцохдоо Мехсикийн тамирчныг ялж, хүрэл медальтай ирсэн юм. Миний олон улсын тэмцээнээс хүртсэн анхны шагнал болохоор аав, ээж минь их баярласан. Багш минь миний холимог тулаанаар тулалдахыг дэмждэг. Бид одоо ч байнга холбоотой байдаг юм.
-Та кик боксоор ч нэг хэсэг хичээллэсэн. Тэр үед хэн уриалж, тулаанд оролцуулав аа?

-Таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчин байхдаа шагайгаа гэмтээж, нэг хэсэг завсарласан. Би зүгээр сууж чаддаггүй. Хөлөндөө хүнд ачаалал өгч болохгүйг эмч зөвлөсөн болохоор гүйдэг байлаа. Тэгтэл Налайх дүүрэгт 2018 оны гуравдугаар сарын 15-нд холимог тулааны тэмцээн зохион байгуулахад ур чадвараа соримоор санагдаж, тулалдаж үзэхээр шийдлээ. Тэмцээнд өрсөлдөгчөө өшиглөсөөр байгаад илүүрхэж түрүүлсэн. Дараа нь босоогоос тулалддаг тэмцээнд оролцож, аварга болохдоо тулааны спорт өөрт минь тохирохыг ойлгосон юм. Би тэр тулаанаас өмнө үндэсний бөхөөр хичээллэдэг найзуудтайгаа бэлтгэл хийдэг байв. Тэмцээнд боксын тамирчинтай таарахдаа цохиулаад л байлаа. Тэгэхээр нь үндэсний бөхөөр барилдаж унагаад ялсан. Тэр үед Монголын холимог тулааны холбооны залуус намайг олж харсан юм билээ. Тэд тэмцээний дараа Киргиз улсад болсон холимог тулааны АШТ-д оролцуулах санал тавьсан. Холимог тулаанд юу илүү байна түүгээрээ ялдаг. Тэнд эзэн орны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчинтай тулалдсан. Түүнтэй тэмцээн эхлэхээс дуустал нэг л болоогүй. Би босоо, тэр хэвтээд сайн. Намайг барьж аваад учир зүггүй унагаад тулалдах боломж олгоогүй. Гурван үе тулалдаж, ялагдахдаа хойшид барилдах хэрэгтэйг маш сайн ойлгосон юм. Тулалдсан хүний нүүр, ам гэж хэцүү болно шүү дээ. Зовхи хавдаад, нүдээ ч нээж чадахгүй болсон байв. Монгол руу буцахаар паспортоо харуултал “Чи мөн үү, ингэхэд яачихсан юм бэ” гэж гайхаад асуусан. Киргизээс ирснийхээ маргааш барилдааны бэлтгэл хийж эхэлсэн дээ.
-Холимог тулааныхнаас хэнтэй ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Миний хамгийн ойр нөхөрлөдөг хүн бол Ц.Амарсанаа. Тэрбээр бэлтгэл сургуулилалт хийхэд зааж, зөвлөдөг юм. Монголд олон улсын тулааны талбарт тулалддаг тамирчин цөөн. Тамирчид нэгнээ гадаадын тулаанчтай тулал дахаар болбол маш сайн зөвлөдөг. Энд тэндээс сурсан зүйлээ нэгэндээ заана. Мэргэжлийн тулаанд чансаа бий. Сайн тулалддаг залуусаас Б.Энх-Оргил, А.Гантүлхүүр нар чансаагаараа дээгүүр жагсдаг. Тэдний араас Ч.Дагийсүрэн нэхэж яваа. 65 кг-д Б.Энх-Оргил ах хүчтэй өрсөлдөгч, тэрбээр хоёр удаа аварга болсон. Би саяхан болсон сорил тулаанд А.Гантүлхүүртэй аваргын төлөө тулалдаж шүүгчдийн саналаар ялсан юм. Тэрбээр 66 кг-д аваргын төлөө тулалдана. Миний хувьд дөнгөж хүч түрэн гарч ирж байгаа тамирчин. Тиймээс бүхнийг эхнээс нь сайн сурах шаардлагатай. Надад том зорилго бий. Эхлээд Монголын шилдэг тулааны холбооны аваргын бүсийг авах, дараа нь UFC холбоонд эх орноо төлөөлж оролцох. Цаашлаад тус холбооны аваргын бүсийг авах зорилготой хичээж байна.
-Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явсан санагдана. Тэнд байх хугацаанд тэмцээнд оролцоогүй ч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдэг байв?
-Өмнөд Судан руу энхийг сахиулах ажиллагаанд явж, өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн. Тэнд өнгөрүүлсэн цаг хугацааг хүсэл мөрөөдлийнхөө төлөө үр дүнтэй нөхнө. Би зэвсэгт хүчний 014 дүгээр ангид гардан тулааны сургагч багшаар ажилладаг. Монголын идэр ес эхэлсэн хүйтнээс тэндхийн 50 градусын халуунд хөл тавьж байлаа. Онгоцноос буугаад л “Би хаана ирчих вэ” гэж бодсон. 68 орны 5000 гаруй цэргийн албан хаагчаас хамгийн нэр хүндтэй, тэсвэр хатуужилтай нь монголчууд байлаа. Өмнө нь хүн болгон ингэж ярихад нэг их итгэдэггүй байв. Өөрийн нүдээр харж, биеэр туулахдаа үнэн болохыг нь мэдсэн. Өмнөх есөн ээлжийн энхийг сахиулах ажиллагаанд явсан цэрэг эрсээрээ маш их бахархсан. Тэдний ач гавьяагаар бид ч бас шилдэг нь байж чадсан шүү. Өмнөд Суданд байх хугацаанд зүгээр суугаагүй ээ. 24 цаг манаанд гарч 20 цаг амрах үедээ бэлтгэлээ үргэлжлүүлэн хийдэг байлаа.
-Таеквондогийн эргэлттэй өшиглөлтөөр холимог тулаанд ч гэсэн амжилт гаргасан удаа танд цөөнгүй бий л дээ.
-Эргэлттэй өшиглөлтөөр олон хожил өөртөө авчирсан. Гурван жил өдөр бүр 100 удаа давтсан миний “дархан мэх” ямар ч хэцүү үед авардаг. Холимог тулаанд хэн нэгэнтэй эцсээ хүртэл тулалдаж, тэнцэхэд хичээллэсэн спортынхоо давуу талыг харуулдаг. Миний “дархан мэх”-ний өмнө өрсөлдөгчид сөхөрдөг. Би таеквондогийн УАШТ-д хамгийн сүүлд 2016 онд оролцож түрүүлсэн. 2016-2017 онд Батлан хамгаалахын их сургуульд сурч, Ахлагчийн сургууль төгссөн. Хоёр жилийн өмнөөс холимог тулаанаар хичээллэж, чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Тамирчин хүн ялна, хожно гэсэн сэтгэлзүйтэй байхад хэцүү санагдсан бүхнийг даван туулдаг. Надад таеквондогийн тамирчид бэлтгэдэг клубүүдээс “Дасгалжуулагчаар ажиллаач” гэсэн санал их ирдэг. Надад тулааны спортоос сурах зүйл их бий. Тэгээд ч нас залуу байна, амжилт гаргахдаа анхаарал хандуулна.
-Таныг гэрийнхэн тань сайн дэмждэг болохоор тулааны спортын төрлүүдээр тууштай хичээллэж байна гэж ойлголоо.
-Намайг ээж минь сайн дэмждэг. Хүүгийнхээ амжилтын төлөө бүхнээ зориулдаг юм. Ээж сагсан бөмбөг, волейбол сайн тоглодог, улсын зэрэгтэй. Би айлын бага хүү. Нэг ахтай, хүчний спортоос пауэрлифтингээр хичээллэдэг. Энэ ташрамд, алс хол суугаа ээж, мөн ахдаа, тэмцээнд оролцоход бүх талаар тусалдаг зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хурандаа Г.Эрдэнэбаатар захирагч, ивээн тэтгэдэг “Монос фарм трейд”-ийн удирдлага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж, Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.